2015/01/24

Ерөнхийлөгч ирэх долоо хоногт ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа юм. Чуулганы арга хэмжээ өнөөдөр өндөрлөх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногийн даваа гаригт эх орондоо хүрэлцэн ирэх юм байна. Тэрээр нэгдүгээр сарын 17-нд эх орноосоо мордсон юм.

Онцлоход, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохын өмнө Чех улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлал нэгдүгээр сарын 18-20-ны хооронд үргэлжилсэн юм.

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочилсон. Чех улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй том төвүүдийн нэг болж чадсан юм.

Мөн "Монгол, Чехийн бизнес форум"-д оролцож, Чехэд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзсан юм.

Чех улсад Монгол Улсаас 5311 иргэн амьдарч байна. Харин Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр таван оюутан Чех улсад суралцдаг, 1955 оноос хойш 300 гаруй иргэн дээд боловсрол эзэмшжээ. Мөн гуч орчим иргэн эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment