2015/03/04

Гэр бүлийнхээ гишүүний даатгалыг хэрэглэж болно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, байнгын хорооны дарга Д.Батцогт, гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцэж УИХ-ын чуулганы хуралдаанд 20 хуулийн төсөл, 4 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох чөлөөлөх  тухай 5 асуудлыг  батлуулсан байна.  УИХ-аар батлуулсан хуулийн төслүүдээс Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг  баталсан нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт чухал алхам болсон гэж онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн 5 жилд парламентад хэлэлцэгдсэн, Монгол Улсын иргэн бүрт хамаатай  Эрүүл мэндийн даатгалын хуулийг баталлаа. Энэ хуулийг баталсан нь эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн шинэчлэлийн нэг чухал алхам хийгдсэн гэж үзэж байна. Xууль 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн хүрээнд иргэн бүр цахим карт эзэмшиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ хяналт тавих юм. Мөн  шимтгэлийг бодитой болгох тал дээр анхаарч ажилласан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого  нэмэгдэхээс гадна  олон төрлийн зарлагын багц нэмсэн. Энэ нь иргэдийн халааснаас төлөх төлбөрийн хэмжээ багасах юм. Урьд нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг улстөрийн зорилгоор янз бүрийн аян зохион байгуулдаг байсан. Үүнд 17-18 тэрбум төгрөг зарцуулж байсныг  хориглож, заалтыг хассан. Оронд нь эрсдэл тал дээр олон чухалт  заалт оруулсан. Иргэд халааснаасаа мөнгөө төлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдагийн хувьд нэг чухал урамшуулал эдлэх заалт хуульд орсон. Тодруулбал өөрийнх нь тухайн жилд тусламж авах мөнгө хүрэхгүй тохиолдолд гэр бүлийнхээ нөгөө гишүүний даатгалын мөнгийг хэрэглэж болохоор тусгалаа. Түүнчлэн хувийн эмнэлэг, улсын эмнэлэг  гэж ялгаварахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас ижил хэмжээгээр санхүүжүүлэхээр болсон. Энэ хууль хэрэгжсэнээр олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ"  гэлээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас зарим үйлчилгээг нэмж авах боломжтой болж байгаа юм байна. Чухам ямар  төрлийн үйлчилгээ нэмж авахаар байна вэ?

-С.Одонтуяа: Өндөр өртөгтэй  тусламж үйлчилгээг урьд нь даатгалын сангаас санхүүжүүлдэггүй байсан. Тиймээс энэ заалт нэмэгдэж орсон. Мөн анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа  сум, өрхийн эмнэлгүүдийн ач холбогдол өгч  даатгалаас  нэмж санхүүжүүлэхээр болсон. Жишээ нь гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлнэ. Мөн дүүрэг, аймгийн эмнэлгийн бичсэн   эмийн үнийн  хөнгөлөлтийг даатгалаас  санхүүжүүлнэ. Мөн өдрийн эмийн үйлчилгээ даатгалаас санхүүждэггүй байснаас иргэд эмнэлэгт хэвтэж  байж л даатгалд хамрагддаг  гажуудал байсныг засч өдрийн эмчилгээг даатгалд хамруулсан. Мөн хавдрын хөнгөвчлөх тусламж  үйлчилгээг даатгалд хамруулсан. Ингэснээр иргэд заавал Хавдар судлалын үндэсний төв дээр ачаалал үүсгэхгүйгээр тухайн аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хавдрын тасаг нээсэн бол даатгалаас санхүүжүүлнэ.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх багцыг жил бүр үндэсний зөвлөл шинэчлэн батлах заалт орсон. Үндэсний зөвлөлийн эрх яаж нэмэгдэж байгаа вэ?

-Д.Батцогт: Гадны улс орнууд жил бүр даатгалаас санхүүжүүлэх багцыг шинээр баталдаг. Энэ жишгийн дагуу жил бүр шинэчлэн баталж танилцуулаад явна. Нарийн асуудлыг журмаар зохицуулах юм.

-Мөнгө нь хүрэхгүй бол гэр бүлийнхээ нөгөө гишүүний мөнгийг зарцуулж болно гэдэг  заалт Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон гэлээ. Чухам яаж зохицуулсан бэ?

-Даатгал төлөгчид төрөөс даатгалын шимтгэлийг нь хариуцаж байгаа иргэд нөгөө нь өөрсдөө даатгалаа төлдөг иргэд. Төрөөс даатгалыг нь төлж байгаа иргэд энэ урамшуулалд хамрагдахгүй.  Харин өөрийнхөө цалингаасаа, өөрийн халааснаасаа  даатгал төлдөг иргэд энэ урамшуулалд хамрагдах юм. дээд тал нь 1 сая 800 мянга орчим төгрөг байгаа байх.  Энэ мөнгө нь хүрэхгүй тохиолдолд  гэр бүлийнхээ өөр гишүүний мөнгийг шилжүүлснээр 3.6 сая төгрөгийн тусламж авна гэсэн үг.

С.ОТГОНСҮРЭН

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment