2015/03/05

Монголын популизм аль орныхтой төстэй вэ?

"Либерал хаус" бодлогын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр "Улс төр ба популизм" сэдэвт эрдэмтэн судлаачдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Улс төр судлаач, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат, улс төр судлаач О.Чулуунбилэг, МУИС-ийн багш Ц.Батболд, Х.Амантай, МУБИС-ийн багш Ц.Мөнхцэцэг, хуульч Б.Ган-Очир зэрэг хүмүүс илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийтлэлч Баабарын тодорхойлсноор Монголд сүүлийн 10 жилд болж өнгөрч байгаа үйл явдлыг харахад Нигери, Латин Америкт өрнөж байсан популизмыг нийлүүлсэн юм шиг популизм харагдах болжээ. Сайхан амлалт өгдөг, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ашиггүй ч байсан олсон орлогыг цацдаг. Нэг талаас нь харахад ард түмэндээ баялгаас хувь хүртээгээд байгаа нь сайхан юм шиг харагдах ч цаагуураа эрх баригчид нь дээрэм хийж байдаг. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэр суманд ч эмнэлэг барина, тэр бригадын төвд ч соёлын төв барина гэдэг. Гэтэл тэрхүү гурван давхар эмнэлгээр үйлчлүүлдэг хүн ховор. Бригадын төвд баригдсан соёлын төв ч бас хэрэгцээтэй эд биш. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас олсон асар их баялгийг энэ мэтчлэн ард түмэндээ хишиг хувь нэрээр үнэгүй тараах, дээр нь хэрэгцээ шаардлагагүй газарт обьект барьж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг. Дээр нь Монголд өнөөдөр 23 мянга орчим төрийн бус байгууллага байгаагаас 10 мянга орчим нь дээрмийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн асуудлыг хөндөв.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш Х.Амантайгийн тодорхойлсноор популизмыг эрх мэдэлд ойрхон хүмүүс хамгийн их хийдэг. Ингэхдээ бие даагчид болон жижиг намуудын дунд популизм хамгийн их байна гэсэн илтгэлийг тавилаа.

Түүнээс гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа пропорцианаль тогтолцоо руу тэмүүлэх ёстойг сануулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд болсон ""Улс төр ба популизм" сэдэвт онол практикийн хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment