2015/04/23

“Байгуулагдах сан нь 1 их наядын өртэй, яах вэ?”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд тусгаснаар Ирээдүйн өв сангийн эх үүсвэрийг  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлогоос тодорхой хувийг, мөн 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр зааж өгсөн аж. Ингэхдээ сангийн хөрөнгийг 2030 он хүртэл юунд ч зарцуулахгүй, тухайн он хүрэхэд төвлөрсөн хөрөнгийн 20 хүртэл хувийг хамгийн хэрэгцээтэй зүйл зарцуулахаар заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Байгуулагдах сан нь эх үүсвэргүй өрөнд орчихсон байгаа. Хуульд зааснаар Хүний хөгжлийн сангийн суурин дээр Ирээдүйн өв сан байгуулагдах нь. Гэтэл Хүний хөгжлийн сан өнөөдөр 1 их наяд төгрөгтэй өртэй. Хүний хөгжил санг байгуулснаар орлого нь 13 тэрбум төгрөг болсон ч тараасан нь 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг  бонд гарган санхүүжүүлсэн. Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдахаар Хүний хөгжлийн сан буугдана, энэ тохиолдолд Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, Хүүхдийн мөнгийг хаанаас ямар эх үүсвэрээр бүрдүүлэх вэ.  Хоёрдугаарт, Монгол Улс 2017 оноос эхэлж 1.5 тэрбум ам.долларын өр төлж эхэлнэ, бондын төлбөрт зориулж. Чингис бондын өр тулгамдаж байгаа үед хуримтлал үүсэх боломж байгаа юм уу. Дэлхий дахинд хуримтлалын 34 сан үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Гэхдээ тэдгээр нь манайх шиг мөнгөгүй сан биш. Мөн энэ хуулийн төсөлд сангийн эх үүсвэрийг шинээр татвар бий болгож бүрдүүлж болох юм шиг заалт оруулж... Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид үргэсэн гол шалтгаан нь эрх зүйн орчин тогтворгүй байсантай холбоотой. Сангийн эх үүсвэрийг шинээр татвар бий болгож бүрдүүлнэ гэвэл хамгийн том алдаа болно. Үүнд хариулт өгөөч" гэв

Дээрх асуултад Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Дашдорж хариулт өгсөн юм. Тэрээр "Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж ажиллахаар заасан. Энэ нь төсөвт ирэх ачаалал, мөн хуримтлал үүсэх бололцоо зэргийг харгалзан үзсэн юм. Сангийн яамныхантай ярилцаж байж шийдсэн. Чингис бонд, Самурай бондын өрийн нэг хэсэг төсвийн нуруун дээр ирнэ. Гэхдээ сан байгуулагдсан нөхцөлд 2030 он хүртэл хуримтлал үүсгэнэ. Татварын заалтын хувьд уул уурхайн татвар нэмэгдүүлнэ гэсэн чиглэлээр оруулж ирээгүй, татварын хувь хэмжээ нь нэмэгдсэн тохиолдолд Ирээдүйн өв сан руу татах эх үүсвэрийн хэмжээг тодорхой хувиар нэмж болох юм гэж үзсэн.

УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан байгаа, араас нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталчихвал хос морь шиг тогтолцоо бүрдэх юм. Ер нь улс орнууд өртэй байсан ч энэ төрлийн сан байгуулдаг. Сингапур улсын хувьд хуримтлалын сан байгуулснаар амжилттай ажилласан байдаг, Норвегийн сан 1990 онос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн, өр нь ДНБ-ийн 30 гаруй хувьтай тэнцэж ирсэн. Зөв л ажиллуулах нь чухал юм" гэсэн хариулт өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Үдээс өмнө бид өр нэмэгдэх нь яах вэ гэж баахан ярьсан. Үдээс хойш нь нэг их мөнгөтэй улсууд шиг хуримтлал үүсгэх тухай ярих. Цайнд гараад ирэх хооронд улсын дансанд янз бүрийн мөнгө ороод ирсэн юм биш биз. Элий балай юм шиг л байна шүү" гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбарласнаар үе үеийн УИХ, Засгийн газар хуримтлалын сан байгуулах зорилгоор хэд, хэдэн удаагийн сан байгуулжээ. Тухайлбал, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан, Тогтворжуулалтын сан зэргийг байгуулсан аж. Гэвч баялгийн сан бүрдүүлж чадаагүй юм байна. Тогтворжуулалтын сан байгуулснаасаа төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор хэрэглээд эхэлжээ. Тиймээс Ирээдүйн өв сангийн хуулийг дээрх сан шиг болгохгүйн тулд тогтвортой хууль хэрэгжиж байх бололцоог бий болгох ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Шинэ сан байгуулна гэдэг сайхан хэрэг. Монголчууд хуримтлалын соёлгүй ард түмэн. Ирээдүй хойч үедээ хуримтлал үлдээе гэсэн сайхан саналууд дэвшүүлсэн байна. Монгол Улс олон сантай, зарцуулалтыг нь эргэн хараачээ. "Цэвэр агаар" сангийн дарга нь хулгай хийгээд Авлигатай тэмцэх газар луу явсан. Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн өртэй. Байгаль орчны сан гэж бий, Засаг дарга зам барьж байгаа. Орон нутгийг хөгжүүлэх сан гэж бий, цэцэрлэг барьж байгаа. Ийм алдаан дунд явж байгаа. Энэхүү хуулийн төслийн 13.14-т санг Сангийн сайд хариуцна гэжээ. Хүний хөгжил санг хэн дампууруулсан бэ, Чалькогоос урьдчилж зээл аваад ард түмэндээ тараачихсан. Сангийн сайд хариуцвал дампуурна шүү. Энийг анхаараарай" гэсэн юм.

Эцэст нь хуулийн төслөөр санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хангалтгүйгээс төсөл унах магадлал өндөр тул маргаашийн чуулганы хуралдаанаар санал хураахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл:

Post a Comment