2015/04/24

Хүчирхийллийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын их хурлын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр чухал хуулийн төслийг гишүүд хэлэлцэн дэмжсэн юм. Тухайлбал, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 66.7 хувь дэмжсэнээр "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Улмаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газрын зүгээс Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тав дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэй буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар заасан байна. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд нийгмийн даатгалын санд төвлөхөд ёстой 8.8 их наяд юунд зарцуулагдсаныг "эрэн сурвалжилж" Ардчилсан намынхан Ардын намынхнаа "хардав". Монгол Улсын нэг жилийн төсвөөс илүү хөрөнгөтэй байх ёстой "нэрийн данс" нэгч төгрөггүй байгаа нь Ардын намынхныг хурдаж буйгаа гишүүн Д.Ганбат илэрхийллээ. Тэрбээр "Иргэд энэ шимтгэлийг төлсөн л юм чинь, хаашаа юунд зарцуулагдсан нь ядаж тодорхой байх ёстой. Аль үед нь энэ их хэмжээний мөнгө алга болсон юм, Ардын нам нь сонгуульд ашиглачихсан уу. Ард түмний мөнгийг тэгж үрж болдог юм уу" гэсэн бол Ц.Нямдорж "Зарим гишүүн хийрхдэгээ болимоор байна. Тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгийг намууд сонгууль зарцуулдаггүй юм. Тэгж яривал 2004 оноос хойш С.Эрдэнээ, Ц.Баярсайхан нар тэтгэвэр дээр сууж байгаа. Д.Ганбат арай л хэтэрч байна, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй яриагаа цэгцэлбэл яасан юм" хэмээн ундууцав.

Гэхдээ ямар байсан энэ хуулийн төслийг хэлэлцэх зүйтэй гэж олонх нь дэмжсэн билээ.

Үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөл. Энэхүү хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөх үед гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар монгол эрх хүний үнэлэмж унасан. Энэ үнэлэмжийг өсгөхийн тулд төрийн бодлого заавал байх ёстойг сануулаад гэр бүлээ авч явах ёстой эрчүүдийн асуудлыг хуулиндаа хэрхэн тусгасныг сонирхов.

Харин З.Бансэлэнгийн зүгээс энэ хуулийн зайлшгүй батлах учиртайг сануулж, гэр бүлийн бус гэмт хэргийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах зохицуулалтыг давхар суулгах ёстойг сануулав. Энэ дашрамдуу хүчирхийллийн хуулийг баталснаар хуулиар хэн нэгэнд дарамт үзүүлэх гэж байгаа бус хамгийн гол нь Монгол гэр бүлийг хамгаалахад чиглэгдэж буйг онцлов. Мөн энэ төрлийн гэмт хэргийг гаргуулахгүй байх тал дээр цагдаагийнхан, хороо хэсгийн ажилтнуудтай нягт хамтрах хэрэгтэй байгааг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал аюул нь хаалттай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олон ажил Засгийн газар дээр яригдаж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх шалтгаан нь архидалттай холбоотой. Албадан эмчилгээнд явуулах, сургалтад суулгах хэрэгтэй. Ажиллах хөлтэй байлгахын тулд зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй" гэсэн юм. Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Өнөөдрийн чуулганаар мөн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Б.ХОНГОР

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment