2015/04/24

"АСЕАН, Зүүн Азийн ЭЗ-ийн судалгааны хүрээлэн"-д зочлов

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн" зочлов

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Жакарта хотноо Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал проф. Х.Нишимүратай  уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Судалгааны хүрээлэн байгуулах тухай АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлага Зүүн Азийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэмжлэг авч,  улмаар 2008 онд АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр энэ хүрээлэн нь олон улсад танигдсан, нэр хүндтэй төдийгүй АСЕАН-ы үйл ажиллагаанд гол дэмжлэг үзүүлж буй байгууллага болж өргөжсөн байна. Судалгааны хүрээлэнгийн гол зорилго нь шинжлэх ухааны стандартад нийцсэн судалгааны ажил явуулах, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж гаргах, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, иргэний нийгмийнхний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, Ази, Номхон далайн бүс нутгийн, ялангуяа Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн улс төр, эдийн засгийн интеграцид хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд энэ судалгааны хүрээлэнгээр дамжуулан тодорхой алхам хийхийг зорьж байна. Тус хүрээлэнтэй "Яриа хэлэлцээний түнш"-ийн хэлхээ тогтоон, хамтын ажиллагааны эхний чиглэлүүдийг тодорхойлж, "Үйлдвэрлэлийн кластер", Азийн эрчим хүчний сүлжээ" сэдвээр хамтарсан судалгаа явуулахаар тохиролцсон болно.

Сайд Л.Пүрэвсүрэнг хүрээлэнд зочлох үеэр тус байгууллагын ахлах албан тушаалтнууд, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, судалгааны ажлаа танилцуулж, Монгол Улстай хамтарч ажиллах боломжийн талаарх саналаа хэлэв. Ази, Европыг холбосон хамгийн дөт, дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц бүхий газар зүйн байрлалаа бүс нутгийн эдийн засгуудтай холбогдох боломж, гарц, давуу тал гэж үзэж байгаагаа сайд Л.Пүрэвсүрэн илэрхийлээд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Индонезийн Жакарта хотноо энэ оны 6 дугаар сарын 5-нд болох АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн 8 дахь удаагийн хуралдааны үеэр Монгол Улстай явуулж буй яриа хэлэлцээний түншийн хоёр дахь удаагийн уулзалт болох бөгөөд  үүнд манай улс чухал ач холбогдол өгч байгааг Гадаад хэргийн сайд онцлоод хоёр талын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ мэдэгдэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment