2015/07/31

ЗГ-ын гишүүдийн асуудлыг өргөн барилаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн зургадугаар сард МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр Засгийн газар ийн танхимынхаа бүрэлдэхүүнд багтсан МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс улс орны тогтвортой байдлыг хангаж ажиллахыг, засаг төрийн дээр намын эрх ашиг байж болохгүйг анхаарч санахыг шийдвэр гаргахынхаа өмнө бодолцож үзэхийг улс төрийн хүчин, төр-засгийн удирдлагуудад сануулж байсан ч МАН-ын сайд нарын асуудлыг Засгийн газар өргөн барьж, УИХ түүнийг хэлэлцэх нь тодорхой боллоо.

УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдааныг наймдугаар сарын 03-ны өдрийн даваа гаригийн 09.30 цагт эхлүүлэхээр товлосон.

Өнгөрсөн мягмар гаригт /VII.28/ гаргасан УИХ-ын даргын захирамжид жагсаасан дарааллаар бол Ээлжит бус чуулганаар хэлэлцэх зургаан асуудлын хамгийн түрүүнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай бичигдсэн байгаа билээ.

Ерөнхий сайд тогтоолын төсөл өргөн барихынхаа хажуугаар шаардлага хүргүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэнэ.


УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдаан ирэх даваа гариг /VIII.03/-ийн 09.30 цагт болно.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:


1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;

2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Б.ЭНХ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment