2015/07/02

Огцорсон Засаг дарга ч хөрөө раамтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүнд,

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэхээр заасан боловч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан Байгаль хамгаалах сангийн орлого бүрдүүлэх эх үүсвэрт хохирлын нөхөн төлбөрийн орлого байхгүй тул Байгаль хамгаалах санд ордоггүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулагддаггүй байна. Иймд хууль хоорондын уялдааг сайжруулах, хийдлийг арилгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

2. Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт байгаа хэдий ч энэ ажилд шууд хамаарах "хууль сахиулагч", " сайн дурын бүлэг"- мэдээлэл өгсөн иргэн  хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлж байгааг зөв санал гэж үзэж тусгажээ.

3. Шүүх шинжилгээний төв байгуулагдсан хэдий боловч байгаль орчны гэмт хэрэг, зөрчилд шаардлагатай шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох  мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй байна. Иймд хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулахад байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлөх байдлаар шийдвэрлэж байна. Энэхүү зардал нь цагдаагийн байгууллагын төсөвт ордоггүй, хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гарахад хүрдэг, төсөв санхүү дутагдалтай, эрх зүйн орчин боловсронгуй бус байна.

Иймд олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ойг хамгаалах чиглэлээр хууль батлаад байдаг ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Ойтой аймагт бол огцорсон Засаг дарга нь ч хөрөө раамтай, одоо ажиллаж байгаа Засаг дарга нь мөн хөрөө раам ажиллуулдаг. Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой" гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Өнгөрсөн жил Солонготын давааны цаана ажиллахад 28 хөрөө раам ажиллаж байсан, ийм байдлаар хууль зөрчдөг. Ой хамгаалах зорилготой байгуулагдсан нөхөрлөл нь мод огтолдог, түүгээрээ бизнес хийдэг болчихоод байна. Үүнд анхаарах ёстой" гэж байлаа.

УИХ-аар дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө "Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 74 хувийн саналаар дэмжин баталлаа.

Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орсноор хууль тогтоомжид өөрчлөлт орохгүй аж. Харин дүрэм журам стандарт гаргах шаардлагатай юм байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment