2015/07/02

Хойтон жилийн уулзалт итгэл төрүүлнэ

ГХЯ-ны ОТХАГ-ын захирал  Г.Ганболд

Бага зэрэг Д витамины шаардлагатай хүмүүсийн хувьд Улаанбаатар хотноо зочлоход гэгээн наран өдрийн туршид таатайхан ээх зун цаг нэн тохиромжтой үе боловч Зүүн хойд  Азийн эрдэмтэд судлаач нар энэ удаа нүргээ ихтэй  нийслэл хотод маань биеэ наранд шарж алжаал тайлахаас  хавьгүй чухал зорилго өвөрлөн цуглацгаалаа.

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Стратеги судлалын хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хэмээх олон улсын  бага хурлыг  хоёр дахь удаагаа  энэ оны зургадугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан нь тэднийг тийн хуран чуулахад хүргэлээ. Хүрэлцэн ирсэн зочдын дотор Монгол Улсын Их хурал болон Гадаад хэргийн яамныхнаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, АНУ, Япон, Энэтхэг Монголын эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчдийн зэрэгцээ Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх даян дэлхийн  түншлэл, Цэнхэр сүлд  зэрэг иргэний нийгмийн төлөөллүүд ч  байлаа.

Хоёр өдрийн туршид идэвхитэй өрнөсөн  ажил хэрэгч хэлэлцүүлэгт бүс нутгийн аюулгүй байдлын талаар өөр хоорондоо зөрчилтэй ч нэгийг бодуулж нөгөөг эргэлцүүлэхэд хүргэсэн санаа бодол олонтаа сонсогдсон бөгөөд  дэлхийн дахины улс төр эдийн засгийн амьдралд томхон өөрчлөлтүүд гарсан  өнөө  цаг үед олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүндийн төв бөмбөрцгийн баруунаас Зүүн хойд Азид алгуур боловч тууштай шилжиж буйг  оролцогчид санал нэгтэй цохон тэмдэглэлээ.

Зүүн хойд Ази хэмээх энэхүү бүс нутагт манай гаригийн хамгийн  том эрчим хүч нийлүүлэгч ОХУ, мөдхөн хамгийн том бөгөөд хүчирхэг эдийн засгийн нэг болох магадлалтай БНХАУ, орчин үеийн техник технологийн  үйлдвэрлэлээр тэргүүлэгч Япон, цахим технологийг нийгмийн амьдралд нэн өргөнөөр хэрэглэгч БНСУ,  ашигт малтмал, уул уурхайн салбарын өсөлтөөр хол ойрынхны анхааралыг татаж буй Монгол улс,  тусгаарлагдмал байдлаа орхиж хөгжих гарцаа хайж байгаа БНАСАУ оршин байгаань тус бүс нутгийг 21 дүгээр зууны ирмүүн хөгжлийн  хүчирхэг хөдөлгүүр болох боломжтойг илтгэн харуулж байгаа юм.

Зүүн хойд Азид ажиглагдаж байгаа сонирхолтой бөгөөд шинэлэг хандлага бол дээр дурдсан улсуудын зах зээлээ өргөжүүлэн тэлэх, чингэхийн тулд бүс нутгийг хамарсан зам тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл эрчтэйгээр нэмэгдэж байгаад оршино. Ашигт малтмалын арвин нөөцийг гадаад зах зээлд гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хоёр болон гурван талын хүрээнд чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулж, эдийн засаг, худалдааны онцгой бүсүүдийг нээж, эрчим хүч, зам тээврийн том төслүүдэд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихээр чармайж байгаа нь чухамхүү эл шинэ хандлагатай  алхаа нийлүүлэх эрмэлзлийн тод илрэл  бөлгөө.

Монгол улс бүс нутгийн хамтын ажиллагаанд  ингэж өндөр ач холбогдол өгсөөр ирсэн төдийгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүс нутгийн эрчим хүч, зам тээврийн болон дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд холбогдох замаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг  зорьж байна.  Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд манай улс хоёр хөршөөрөө дамжин тус бүс нутгийн дэд бүтцэд холбогдох, далайд хүрэх  дамжих тээврийг хөгжүүлэхийг хүсэж байна. Энэ нь хил гаалийн болон мэргэжлийн хяналт, иргэний шилжилт хөдөлгөөний байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөрш улсуудынхтай жигдрүүлэх, журам дүрмүүдээ хялбар бөгөөд ойлгомжтой болгох , үнэ тарифын хөнгөлөлт эдлэх зэргээр  биеллээ олж байна.

Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлсэн өнгөрөгч онтой харьцуулахад манай улс дээрх  чиглэлд мэдэгдэхүйц амжилт олоод байгааг сүүлийн  саруудын үйл явдлууд харуулж байна.

Манай хоёр хөршийн тэргүүн нар 2014 онд Монголд айлчилж улмаар анх удаа гурван 3 талт уулзалтыг Душанбе хотноо Дээд хэмжээнд хийж, өөр хоорондын хамтын ажиллагаа төдийгүй, Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны асуудлаарярилцсан.  Өндөр дээд хэмжээнд үргэлжлэн  ярилцсаар байгаа  гурван талт  энэхүү хамтын ажиллагаа нь  тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны долдугаар сард Эдийн засгийн  түншлэлийн ажиллагааны хэлэлцээрийг байгуулах зарчмын тохиролцоонд хүрч улмаар гарын үсэг зурсны дагуу хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд соёрхон баталсан. Үүний үр дүнд Монгол, Япон улсын хооронд худалдаа чөлөөтэй  хөгжиж, Японы орчин үеийн шилдэг технологи, машин техник, ноу-хау элдэв хүндрэлгүй Монголд орж ирэх  боломж бүрдээд байна. 

Мөн түүнчлэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн жил БНСУ-ын Гадаад хэргийн сайд  Юн Бён Сэ 2014 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж, тус хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн  салбарт идэвхжүүлэх, Өмнөд Солонгосын компаниудыг Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцуулахаар тохиролцлоо. БНАСАУ-ын Хөдөлмөрийн яамны Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн гишүүн Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчид  2014 оны есдүгээр сард, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен  2015 оны хоёрдугаар сард манай улсад тус тус айлчилж, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар албан ёсны яриа хэлэлцээ хийж, ярилцсан асуудлуудаар тохиролцоонд хүрлээ.

Монгол Улс нь бүс нутгийн улс орнуудтай ямар нэгэн маргаангүй, харьцангуй төвийг сахисан бодлого явуулдагийн хувьд бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга дэвшүүлснийг тус бүс нутгийн улсууд талархан дэмжиж байлаа.

Яриа хэлэлцээг эхлүүлсэн нэг жилийн  хугацаанд Зүүн хойд Азийн улсуудын эмэгтэй парламентчдын уулзалт, хотуудын захирагч нарын уулзалт болон залуучуудын  форум, Зүүн хойд  Азийн эрчим хүчний асуудлаарх  өндөр төвшний уулзалтыг Улаанбаатарт амжилттай  зохион байгууллаа. Дурдсан арга хэмжээнүүд нь  бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бөгөөдэнэ бүс нутагт аюулгүй байдалд эрсдэл учруулж болох уламжлалт ба уламжлалт бус хүчин зүйлүүд хийгээд эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин зэрэг тулгамдсан сэдвээр уулзалт хэлэлцүүлэгүүдийг цаашид үргэлжлүүлэх санаачилгууд  яригдсан юм.

Улаанбаатарын яриа хэлэлцээ сэдвээр саяхан болж өндөрлөсөн олон улсын хоёр дахь удаагийн хуралд оролцсон эрдэмтэд ч албан болоод албан бус  уулзалт яриаг хойтон жил үргэлжлүүлж, өдгөө тулгамдаад буй асуудлуудыгажил хэрэгч байдлаар хэлэлцэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн болно.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй хэмээдэг. Хойтон жил үргэлжлэх Улаанбаатарын яриа хэлэлцээ хол санагдавч Монгол улсынхөгжил дэвшилд төдийгүй, Зүүн хойд Азийн тогтвортой байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх  ихээхэн итгэлийг төрүүлж байна.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment