2015/08/28

ЗТЯ буруугүй гэв

Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий "Аccess" сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж багагүй ашиг олж байсан гэх асуудал гараад буй. "Хилийн хяналтын бүсэд удаан хугацааны туршид ийнхүү бизнес хийж, сурталчилгааны сэтгүүл худалдаалах зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас "Хүннү лорд" компанид  олгосон. Бид мэдэхгүй" гэх тайлбарыг "Чингис хаан" нисэх буудлын дарга М.Даваажав Ерөнхий сайдад хэлж байсан. Үүний дагуу хууль бусаар зөвшөөрөл олгосон Зам тээврийн яамны албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгдээд байсан юм.

Энэ асуудлаар Зам тээврийн яамны хэлтсийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Зам тээврийн агарын тээврийн хэрэгжилтийн бодлогыг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан "Манай яаманд өнгөрсөн гуравдугаар сард "Хүннү лорд" компаниас хилийн хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг ирүүлсэн. Албан бичгийг судлан үзээд энэхүү асуудлыг Зам тээврийн яамнаас шийдвэрлэхгүй гэх утга бүхий хариу албан бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл тус зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас олгоогүй гэсэн үг. "Чингис хаан" олон улсын нисэх буудлын удирдлагууд ямар зорилгоор Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн болохыг ойлгохгүй байна" гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment