2015/08/27

Л.Гантөмөр: Монголын зовлон мэргэжил эзэмшээгүй хүмүүс болсон

- Хувийн өмчит дунд сургуулиас төрийн өмчит сургуулиуд илүү гарна. Эцэг, эхчүүдийн сонголт байгаад байна. Өндөр төлбөртэй зарим сургуулиуд хэтэрхий гоё байшинтай байна. Гоё байшин, сайн орчин, гадаад хэлний сургалт нь илүү анхаарал татаад байгаа юм болов уу-

"Сайдын цаг" уулзалтад өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2015-2016 оны хичээлийн жил цэцэрлэгт хамрагдах 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой. Жил бүр цэцэрлэг шинээр барьж, хүүхэд хүлээн авах чадлыг нэмэгдүүлдэг ч төрөлтийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа аж.

Засгийн газар ирэх арваннэгдүгээр сард багтаан УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг батлуулна, энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгөх юм байна. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хэсгийг Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд нийтдээ 799 сургуульд 539819 сурагч хамрагдана. Үүнээс 64346 нь нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнууд аж. Энэ онд 25 сургууль, зургаан дотуур байр, таван спорт заал шинээр баригдаж ашиглалтад орох бол 47 цэцэрлэг мөн шинээр баригдах ажээ.

Их, дээд сургууль, коллежийн хувьд улсын хэмжээнд 99 сургуульд 169 мянга орчим оюутан суралцах юм байна.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэе.

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийдэг үү. Их, дээд сургуульд суралцсан залуус төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадахгүйгээс дэлгүүрийн худалдагч, таксины жолооч болж байна. Хэрэгцээгүй мэргэжлээр суралцсанаас болоод. Тэгэхээр ядаж төрийн өмчийн их, дээд сургуулиуд нь жилийн өмнө эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээ зарладаг, тэчнээн оюутан элсүүлнэ гэдэг мэдээллээ тодорхой болгочихвол 12 дугаар анги төгсөх хүүхдүүд мэргэжлээ сонгоод цаашаа суралцахад илүү дөхөм юм шиг. Салбарын яам энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилдийн хугацаанд Монгол Улс АНУ-ын судалгааны төвөөр хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гаргуулсан. Тэр байгууллага Монголын ирээдүйн шүдний өвчин огт сургуульд сураагүй залуучууд байна. Тэгэхээр Монголын өнөөдрийн хамгийн том зовлон бол огт мэргэжил эзэмшээгүй хүмүүс юм.

Сургуульд сурсан нь амьдрах аргаа олж байна, сургуульд сураагүй нь ажил хийж ч чаддаггүй, өөрийгөө ч дайчилж чаддаггүй. сумын төв болон хороо, хорин дээр тамхи татаад сууж байдаг. Энэ хэсгээ яах юм, анхаараач гэдэг зөвлөмж өгсөн.

Нөгөө талдаа боловсролын чанар, тэр дундаа чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүл гэж...Тэгэхгүй бол дэлхий дахинд өнөөдөр тогтсон том үйлдвэрлэл, том аж ахуй амьдрахад бэрхшээлтэй болсон байна. Үйлдвэрлэл өөрчлөгдөж байна, технологи жилээс жилд өөрчлөгдөж байна, бизнесийн арга хэлбэр, улс орнуудын байр суурь, зах зээл хурдтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ өөрчлөлтөд өөрийгөө зохицуулж, өөрийгөө өөрчилж, дасан зохицож амьдарч чадах тэр мэргэжилтнүүдийг яаж гаргаж ирэх юм бэ. Жишээлбэл, цахилгааны инженерээр төгсөхөд хоёр жилийн дотор олж авсан мэдлэг нь хуучирч байна. Ямар инженер хэрэгтэй вэ гэхээр шинэ мэдлэгийг өөрөө бүтээж чаддаг инженер л хэрэгтэй.

Авсан мэдлэг нь өөрчлөлтөөс хоцроод байгаа, тэгэхээр аль ч мэргэжлээр сайн мэргэжилтэн бэлтгэе гэвэл суурь онолоо сайн мэддэг, амьдралд хэрэглэж чаддаг, цаашаа өөрийгөө хөгжүүлж чаддаг хүнийг дээд боловсролоос гаргаж ирэх.

Тэгэхээр би хэн болж зах зээл дээр хэрэгтэй вэ гэдгийг харж явбал бүтэхгүй. Төлөвлөх арга алга. Хятадын зах зээл маргааш яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй байна. Бид юу үйлдвэрлэвэл зах зээл дээр үнэ хүргэж чадах вэ гэдгийг тооцоолох баримжаа алга.

Дэлхийн бүх орон адилхан. Тийм учраас аравдугаар ангиас нь эхлээд гүнзгийрүүлье, тухайн хүн чаддаг зүйлээ л олж ав. Түүнээс биш би гараад ийм ажил хийчих юм байна гэж ингэж сонгох биш. Яагаад "Авьяас" хөтөлбөр хэрэгжсэн бэ гэхээр өөрийгөө таньчих юм бол 10 дугаар ангиас эхлээд гурван жил гүнзгийрээд зах зээл ямар байхаас хөдөлмөр юу эрхлэхээс үл хамаараад өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд гараад зах зээлээ бий болгож амьдрах сонголт үлдээд байгаа. Жишээлбэл, уул уурхайн мэргэжлээр төгслөө гэхэд түүндээ дуртай, шинэ орд нээж чадах, тэрийгээ магадгүй үйлдвэрийг ашигтай ажиллуулах чадвар бүхий хүн болж хөгжих шаардлага тулгараад байна. Түүнээс хэн нэгний доор очоод ажиллаад амьдардаг цаг дэлхий даяараа мухардалд орсон. Шанхайн бирж дээр хувьцаа 30 хувь унахыг хэн хэлсэн юм бэ. Юу хүсэж байгаагаа мэдээд авчих, улс орон инноваци гаргаж ирэх хүнээ дэмжчих. Инноваци гаргаж ирнэ гэдэг бусдад байхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлнэ. Бусдад байхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь хэн бэ гэхээр байгалийн ухааныхан, шинжлэх ухааныхан, инженерүүд, технологичид.

-Эрэлттэй мэргэжлээ зарлаж болдоггүй юм уу?

-Хавар буюу элсэлтийн шалгалтын өмнө зарладаг.

-Хавар зарлахаар оройтоод олон хүүхэд мэдэхгүй өнгөрч байна. Элсэлтийн шалгалт өгөхөөс нэг жилийн өмнө буюу 12 дугаар ангид орох үед нь зарлачихаж болдоггүй юм уу. Ингэвэл хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж болох юм шиг?

-Одоо харин 10 дугаар ангиас нь гүнзгийрүүлж сургая гэж байгаа л даа.

-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэл хувиар өслөө. Инфляцитай уялдуулж нэмдэг гэдэг ч энэ жил хэтрүүллээ?

-Сургалтын төлбөрийн тухайд мушгин гуйвуулсан юм явуулаад байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын хувьд 2, 3, 4 дүгээр курс дээр сургалтын төлбөрийг 10-аас дээш хувиар нэмээгүй. Эдгээр курсын оюутнуудын хувьд анх сургуульд ороход төлбөр ямар үнэтэй байсан, тэр нь инфляцитайгаа уялдана.

Өндөр төлбөр нэгдүгээр курст гарсан. Жишээ нь, Анагаахын их сургууль болон МУИС-ийн сургалтын төлбөр 20-иос дээш хувиар нэмэгдсэн. Уг сургуулийн удирдлагуудад төлбөрөө буулгаж, суралцагчдаа сайн сургахад анхаар гэдэг чиглэл өгсөн.

Анагаахын их сургууль нийт элсэгчиддээ 5-10 хувийн тэтгэлэг олгохоор ажиллаж байна. Тэтгэлгийн сангаа 500 сая төгрөг гэж мэдээлж байгаа.

МУИС байгалийн ухаан, шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа 1 дүгээр курсын оюутнууддаа 30 хувийн тэтгэлэг өгсөн байна. Дотуур байрны төлбөрөө 100 мянган төгрөгөөр бууруулсан байна. Энэ эхний шийдвэр маш сайн шийдвэр гэж харж байгаа. Байгалийн ухаан, шинжлэх ухаан, инженерийн боловсролын чиглэлээр сурах хүүхдийн тоо бага байна. Монгол орны хөгжлийн зорилго бол шинжлэх ухаан, байгалийн ухаан, инженер, эдгээр мэргэжлээр чадалтай хүүхдийг сургана.

Төлбөрийн чадваргүй хэсэг дээр Төрийн сангийн тэтгэлэг байгаа, онцгой хүүхэд төлбөрөө төлж чадахгүй бол сургууль нь өгдөг тэтгэлэг бий. 300-400 сая төгрөгийн сантай.

-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа вэ. Оюутан өндөр төлбөр төлсөн хэмжээндээ боловсрол эзэмшиж чадах юм уу?

-Чанартай боловсрол эзэмшсэн хүнийг нийгэм хүлээж байна. МУИС-ийн удирдлага "Бид сургалтын хөтөлбөртөө олон улсын төвшинд магадлан итгэмжлэл хийлгэлээ. Ийм хөтөлбөрийг олон улсын төвшинд нь хадгалахын тулд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна гэдэг асуудал тавьж байгаа. Нэг үгээр хэлбэл, Бизнесийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Олон улсын төвшинд ажиллахын тулд багш нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, сургалтын лаборатори, сурах бичиг, технологи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл ашиглах болж байгаа. Чанар өгөхийн тулд үүнээс өөр арга алга. Огцом нэмэгдэж байгаа хэсэг бол багш нараа хадгалах, сургалтын чанараа хадгалах.

Жил бүрийн намар их, дээд сургууль, коллежид 40 мянган хүүхэд элсдэг байсан бол өнөө жил 20 мянган оюутан болж багассан. Элсэгчдийн 50 хувь байхгүй болохоор сургуулиуд багш нараа цөөлөх шаардлага гарч байна. Чөлөөлчихөөр буцаад сайн багш олж чадахгүй. Нөгөөтэйгүүр, сайн багшаа гадагшаа алдах магадлал байгаа учраас сургалтын чанараа хадгалахын тулд бид үүнийг хийхээс өөр аргагүй гэдэг тайлбар хийж байна. Бид дахиад ажилла гэсэн.

-Гадаа хонохгүйгээр, сугалаа татахгүйгээр хүүхдээ цэцэрлэгт оруулахад хэчнээн хэмжээний хөрөнгө шаардаж байна вэ?

-30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Цаад талд нь 210 мянга орчмыг цэцэрлэгтэй болгосон. Он гараад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хүрээнд өөр, өөрийн сургалтын орчинтой болно. Дараагийн ээлжинд концессын 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох юм бол 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хүртээмж гэдэг асуудал шийдэгдэнэ. Гэхдээ ард нь том тоо хүлээж байгаа, 100 мянган хүүхдийн элсэлт гэдэг. Төрөлт 80 мянга руу ороод ирэхээр цэцэрлэг хамрагдах хүүхдийн тоо 250 мянга хүрч байгаа бол төрөлт 100 мянга руу орох юм бол хамрагдах хүүхдийн тоо огцом нэмэгдэж 350-400 мянга руу очих үзүүлэлт ард нь бий. Дараа, дараагийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийнхаа хүртээмж, хангамж гэдэг зүйл рүү анхаарах зайлшгүй шаардлага үүсч байгаа.

30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Цаад талд нь 210 мянга орчмыг цэцэрлэгтэй болгосон. Он гараад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хүрээнд өөр, өөрийн сургалтын орчинтой болно.

-Хувийн гадаад хэлний сургалттай сургуульд хяналт тавьж чаддаг уу. Жуулчны визтэй орж ирсэн гадаад хүн багшилдаг гэх шүүмжлэл гарч байсан?

-Гадны хөрөнгө оруулалттай сургуульд тавигдах үйлчлэх, дүрэм журмаа гаргачихсан. Хяналтын ажлыг Мэргэжлийн хяналт хийж, тайлангаа гаргадаг. Тэндээс шалгалт хийгээд биднээс тавьсан стандарт шаардлага хэр хангагдаж байна вэ гэдгийг хянадаг.

-Боловсролын төвшингөөрөө Монгол дэлхийд хэдэд явж байна вэ?

-Боловсролынхоо шинэчлэгдэж байгаа хөтөлбөр, тавьж байгаа зорилгынхоо хувьд дэлхийн тэргүүлэгчидтэй авдил төвшинд явж байгаа. Боловсрол судлаачид энийг нэг дуугаар хэлнэ. Хүн төрөлхтний өмнө өөрөө диплом мэдлэгээс гадна чадвар, чадамж чаддаг байх харилцааны арга барил гэх мэтчлэн насанд туршдаа суралцах чадвар гэх мэт цоо шинэ даалгавар гараад ирсэн. Сургууль төгссөн л юм бол өөрөө ажлын байраа олж чаддаг тэр хүнийг яаж гаргаж ирэх вэ гэдэг даалгаврын араас явж байна.

Адилхан даалгаврыг Монголынхоо онцлогт, монгол эрдэмтний илүү ур орсон байдлаар хийж чадсан гэдэгт итгэлтэй байна. Герман, АНУ, БНСУ, Япон гэх мэтийн хөндлөнгийн экспертийг авч ажиллуулж байна, хоёр гурван дэлхийн хэмжээний боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

Бидний энэ шинэ хөтөлбөрүүд бол түрүүлж алхаж чадсан цөөхөн орны нэгд орно. Хөтөлбөрөө сайн хэрэгжүүлээд явахад 2017 оноос сайн үзүүлэлт авч чадна гэдэгт итгэж байна. Дэлхийн шилдэг 100 сургуульд элсэж байгаа элсэгчдийн тоогоор дэлхийн 10 дотор багтаж байна.

-Хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр 50 сая төгрөгт хүрч байна. Төлбөртэй дүйхүйц боловсролыг өгдөг юм уу. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг дагадаг юм уу. Эсвэл өөрийн онцлогт тохирсон хөтөлбөртэй байдаг юм болов уу. Үүнд хяналт тавьдаг уу?.

-Гадаад хэлний сургалтаас бусдаас ялгарах зүйл байхгүй. Төрийн өмчит сургуулиуд илүү гарна. Эцэг, эхчүүдийн сонголт байгаад байна. Өндөр төлбөртэй зарим сургуулиуд хэтэрхий гоё байшинтай байна. Гоё байшин, сайн орчин, гадаад хэлний сургалт нь илүү анхаарал татаад байгаа юм болов уу гэж би хувьдаа хардаг.

Харин манай шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн бол ямар ч олон улсын хөтөлбөрөөс давж гарна.

Бид тэрийг очиж хараад хэний хөтөлбөрийг аваад ажиллаад байна гэхээс илүү бид өөрөө ямар хөтөлбөр боловсруулаад төрийн өмчийн сургуульд түгээж чадаж байна вэ гэдгээ л хардаг.

-Оюутны сургалтын төлбөрийн хэдэн хувь нь багш нарын цалинд, хэдэн хувь нь урсгал зардалд зарцуулдаг юм бол?

-Ховд их сургууль нийт орж ирж байгаа сургалтын төлбөрийн 97 хувийг багш нарынхаа цалинд зарцуулдаг. Эндээс харахад багш нарын цалин ямар хэмжээний байр суурь эзэлж байгааг харж болно.

Хувийн сургуулиудын төлбөрийг нарийвчилсан мэдээлэл аваагүй байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment