2015/10/09

ХҮН-аас асууя

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг Хөдөлмөрийн үндэсний намаас багагүй эсэргүүцэх болсон билээ. Онгон зэрлэгээрээ байгаа, Монголын хамгийн шим тэжээл ихтэй хөрс нутгийг эдийн засгийн чөлөөт бүс болгох нь өнөөдрийн хувьд улс оронд ашигтай байж болох ч ирээдүйд тооцохын аргагүй эрсдэл, хохирол авчирна гэж тус намын үзэж, ажлын хэсэг хүртэл байгуулсан.

Энэ талаар тус намын дарга С.Боргил  хэлэхдээ "2015 оны долдугаар сард Халх гол чөлөөт бус байгуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ тогтоолын дагуу 500 мянган га газрыг эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өөрчилсөн. ХҮН-аас Халх голыг чөлөөт бүс болгох тухай тогтоол гарсны дараа нэн даруй ажлын хэсэг байгуулсан. Ингээд нэн тэргүүнд чөлөөт бүсээс гарах үр дүн, эрсдэлийг дөрвөн чиглэлээр судалсан. Хөдөө аж ахуй, түүх соёл, эдийн засаг, хуулийн гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтнүүдийг ажиллуулан тодорхой үр дүнг судалж, үүнийгээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн" гэв.

Хөдөлмөрийн үндэсний  намаас байгуулсан ажлын хэсэгт хөдөө аж ахуй, түүүх соёл, эдийн засаг хуулийн мэргэжилтнүүд багтсан бөгөөд тэд чөлөөт бүсээс гарах үр дүн, эрсдэлийг дөрвөн чиглэлээр судалж, эрдэм шинжилгээний хурал ч зохион байгуулсан юм. 

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам сонгуулийн ажлаа Халх голоос эхэллээ гэсэн шүүмж ч улс төрийн хүрээнд өрнөх болсон юм.

Монгол Улс хамгийн сүүлд 24 дэх намаа бүртгэж авсан. Намууд олшрохын хэрээр үзэл бодлогын ялгарал ч арилсаар байгаа билээ. Уг нь тоо нь өсөхийн хэрээр  намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл бодлоороо  өрсөлдөх ёстой л доо. Ялангуяа эрх барьж байгаа, барьж байсан намуудын хувьд өнгөний ялгарлаас өөр үзэл бодлын ялгаралгүй болсон. Үүнийгээ дагаа ч сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд нь нэг хэвэнд цутгасан мэт адилхан болсон. Тэгвэл Монголын намуудын  "эвцэлдээн" дундаас Хөдөлмөрийн үндэсний нам юугаараа ялгарч чадах вэ?

Одоогоор тус нам аливаа асуудалд тооцоо судалгаатай хандаж байна. "Халх гол" тогтоолын төсөл дээр тус намаас барьж байгаа бодлого нь тооцоо, судалгаа, эрдэм шинжилгээний онол, дүгнэлт дээр тулгуурласан болоод ч тэрүү Хөдөлмөрийн үндэсний нам аливаа асуудалд арай өөрөөр хандах болов уу гэсэн итгэлийг иргэдэд төрүүлсэн. Энэ "имиж" нь харин хэр удаан тэсэх бол. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод бодлого бодитой байж чадах уу?

Ардын нам болон Ардчилсан нам, "Шударга ёс" эвсэлд итгэх, өрөөр хэлбэл, парламентад суудалтай намуудад хандах  иргэдийн итгэл сулрахын хэрээр гуравдагч хүний орон зайгаас "тодорч" чадах дараагийн намыг олон нийт эрэлхийлж байна. Олон нийтэд үгүйлэгдсэн бодлого, бодит хөтөлбөрийг гаргаж тавих гуравдагчийн орон зайд хэн "тоглож" чадах вэ. Одоогоор хамгийн нэр цэвэр байгаа нь Хөдөлмөрийн үндэсний нам. Шинэ, залуу  тус нам гишүүдийнхээ эгнээг өдрөөс өдөрт  тэлж, энэ хэмжээний итгэлийг олж аваад байгаагийн хувьд Хөдөлмөрийн үндэсний намынхан  "ах нараасаа" арай шинэлэг байж чадах уу.

Үзэл бодлын бүү хэл, худалч хүнд бараг өнгөний ялгарал ч үгүй болох дөхөөд байгаа өнөөгийн намуудаас ялгарах ялгарах чинь юу вэ. Хөдөлмөрийн үндэсний намаас хүлээх хүлээлт нь юу байх бол?

 Т.СОЛОНГО

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment