2015/10/09

Су.Батболд: Сангийн сайдтай хариуцлага ярина

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж буй юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Су.Батболд Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж тендэрийг яам, нийслэл, аймаг бүрт хариуцуулах болж байгаатай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж энэ асуудлаар МАН-ын бүлэг тэмцэх болно гэв. Үндэслэлээ тэрээр "Яамны сайд тендэр хариуцах нь зохисгүй байна. Тусад нь байлгах ёстой гэж үзсэнээр УИХ хууль баталж Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Гэтэл одоо эргээгээд татан буулгахаар оруулж ирлээ. Буцаад сайд тендэр хариуцах нь. Энэ чинь 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэсэн башир арга. Хэрвээ энэ газрыг татан буулгавал Сангийн сайд таныг огцруулах асуудлыг тавина. Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд авна ч гэх шиг. Дэлхийд Засгийн газрынхаа харьяанд энэ хороо нь байдаг жишиг байдаггүй. Нэг бол УИХ-ынхаа дэргэд, эс бол Ерөнхийлөгчийнхөө харьяанд байдаг юм" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Оюун Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгийн Загастайн давааны замыг засах хөрөнгийг төсөвт тусгасан эсэхийг тодрууллаа. Сангийн сайдын хариултаар бол Загастайн давааны замыг засахад зориулж 15.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж суулгасан. Нийт 27 тэрбум төгрөгийн өртөг шаардаж байгаа, үүнээс 12 тэрбум төгрөгийнх нь санхүүжилт шийдэгдсэн аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт орлого, зарлагаа хэр бодитой тооцсон бэ гэдгийг тодрууллаа. Үүнд Сангийн сайд "Орлого, зарлагын хувьд бодитой.  Өмч хувьчлал, том төслүүдээ явуулна гэж тооцсон. Ирэх жил төсөл явах бүрэн боломж бүрдсэн. Өмч хувьчлал дээр том обьектууд гарч ирнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Улсын хэмжээнд 96 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг сардаа авдаг. Сардаа энэ хэмжээний тэтгэврээр амьдрахад амаргүй. Сүүлийн гурван жилд бараа, бүтээгдэхүүний үнэ асар их өссөн. 96 мянган ахмад настны тэтгэврийг тус бүр 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийтдээ 34.8 тэрбум төгрөг шаардлагатай.

УИХ-аас архи, тамхины Онцгой албан татварыг бууруулах хууль баталсан. ОАТ-ыг 25 хувиар бууруулсан. Үүнийгээ буцаагаад өөрчилье. Архи, тамхины ОАТ-ыг 25 хувиар бууруулахаас өмнө төсөвт жилдээ 320 тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Бууруулснаар татварын хэмжээ 62 тэрбум төгрөгөөр багассан. Эндээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх боломж байна гэдгээ Сангийн яамныханд санал болгож байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Төсвөө, Мөнгөний бодлоготой хамт хэлэлцэх шаардлага байна. Хамгийн их санаа зовоож байгаа юм өр боллоо. УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч өрийн дарамт сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн. Тоо том байна ч гэж тоохоо болилоо. Өнөөдрийн байдлаар 21 тэрбум ам.доллартай тэнцэх өр бий болсон. Зээлийнх нь хүүд нийт төсвийнхөө дөрөвний нэгийг өгнө. 2017, 2018  онд нийт төсвийнхээ орлоготой дүйх 7-8 их наядыг төлөх болж байна. Тийм учраас 2016 оныхоо төсвийн алдагдлыг бууруулж, 2 хувьтай батлах шаардлагатай байна. Төсөв дээр реформ шинэчлэлээ эхлүүлээч ээ. Өнгөрсөн жил төсвөө батлахдаа нэг их наядаар илүү хөрөнгө оруулалт баталж, төсвийн тодотголыг хэд, хэдэн удаа хийх нь хариуцлагагүй явдал. Тооцоо судалгаа муу байна. Хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх цаг болсон. Төсөв дээр хэмнэлт хийхээр оруулж ирсэн иргэний зоригийг тань үнэлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын зарчмаа шинэчил.

Өнгөрсөн жил 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан бүсэд эмчилгээ оношлогооны төв байгуулсан. Одоо тэгтэл тоосонд дарагдаад байж байна. Зардлыг нь төсөвт суулгаагүйгээс. Маш үнэтэй аппаратууд ажиллахгүй байна. урсгал зардал нь 1 тэрбум, нийтдээ 6 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай. Ингэчихвэл орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу ирж, зардал чирэгдэл болохгүй" гэсэн юм.

Ийн гишүүд 2016 оны төсвийн хуультай холбогдуулж, Сангийн сайдаас асуулт асууж, саналаа хэллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан асуулга тавьсан тул энэ тухай мэдээллийг сонсож байгаа юм.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment