2015/11/24

Эдийн засаг сүйрэх нь, та минь?

Эдийн засагт гал асч, баялаг бүхэн үнэгүйдэж эхэллээ. Тавантолгойн ордын коксжсон нүүрс 1 тонн 25-28 ам.доллараар зарагдвал их юм боллоо. Хотон дахь хонь нь 20-30 мянган төгрөгийн үнэд хүрвэл дээдийн заяа болов. Долларын ханш ч 1955 төгрөгөөс доош буухаасаа өнгөрөв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсч, Монгол моодноос гарав. Өр зээлэндээ баригдсан аж ахуйн нэгжүүд хаалгаа барихаас аргагүйд хүрч монголчууд хэдэн мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэллээ.

Гэтэл хууль тогтоогчид бүлэг, фракцийнхаа амбицад хөтлөгдөн хуралдаа суухгүй ажлаа тасалж, хэлэлцэх сонирхолгүй асуудлыг ирцээр бойкотолж, хуулиа гацаадаг болов. Улсынх нь эдийн засаг сүйрч, ард түмэн нь мөр нүцгэрч, ходоод нь хонхолзож байхад санаа нь зовж, сэтгэл өвдөж буй гишүүн алга.

Уг нь Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор өнгөрсөн өвлөөс эхлэн хэд, хэдэн том төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн удаатай. Гацуурт төсөл хоёр дахиа буцаж, гурав дахь төсөл нь орж ирсэн ч одоо бүр сураг алдарсан. Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах нэрээр Гацуурт зогсох өнгөндөө орчихоод байна. Уг нь Гацууртын уурхай Ноён уулаас 10 гаруй км-ын зайд оршдог, мөн эрдэмтэн судлаачид ордыг ашиглахад Хүннүгийн булшинд нөлөө үзүүлэхгүй гэдгийг судалгаагаар тогтоосон байтал "Үгүй ээ, таалагдахгүй байна. Ноён уулыг бүхэлд нь улсын хамгаалалтад авах ёстой" гэдэг зүйлийг яриад эсэргүүцэх. Ноён уулыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах шийдвэр УИХ-аас гарсан нөхцөлд Гацуурт төсөл хөдлөхгүй болно. Өөр газар нутагт түүнтэй дүйхүйц орд газрыг орлуулж өгөх асуудал лиценз эзэмшигчид нь тавих юм билээ. Ийм замаар асуудлыг сунжруулж байна.

Тавантолгой төсөл одоо юу болсныг Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Хаваржин тэмцэлдсэний эцэст дээрх төслийг Засгийн газарт буцааж одоо харин Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Тавантолгой төсөл УИХ-д орж ирэхийг хүлээж сууна. Ингэж цаг хожиж, төсөл бүрийг гацаахдаа энэ парламент мэргэшсэн.

Төсөл санаачлагчийн хэлж буйгаар Монгол Улс эзэмших төмөр замынхаа 51 хүртэл хувийн хөрөнгийн эх үүсвэрийг гадаад зах зээлээс бонд босгоод ч юм уу, зээл босгоод олчих боломжтой. Сэрдэггүй бол сайхан л зүүд. Өрийн таазаа өсгөөд зүтгэлээ ч эдийн засгийн гол үзүүлэлт нь шалан дээр уначихсан байхад гадаадын банкууд юунд найдаж Монголд зээл өгөх юм бол... Тэр тусмаа дэлхийн зах зээлд нүүрсний үнэ навс унаж, 2-3 жилдээ сэргэхгүй гэх прогноз гарсан үед шүү.

Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгөөр хэмжигдэж, улсынх нь өр 21.6 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 7 орчим сая төгрөгийн өр ногдон , Грекийн араас орж болзошгүй хамгийн эмзэг эдийн засагтай орны тоонд жагсан дэлхий дахинд "цоллуулж" байхад гадаадын банкууд мөн зээл өгнө дөө.

Бонд босгоё гэвч, Чингис бонд шиг бага хүүтэй босгох найдвар байхгүй. Төсвийн алдагдал ирэх онд 1 их наяд төгрөгт хүрнэ. Нэг их наяд төгрөгийн орлогыг хийсвэрээр буюу "Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой" гэсэн бүдүүн баараг тоймоор хууль тогтоогчид төсөөлж тавьсан. Дээр нь Чингис, Самурай бондын зээлийн төлбөрт 850 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг Монгол Улс ирэх оноос эхлэн төлнө. Ийм үед бонд босгох хэцүү, зээл авах ч бэрх.

Эдийн засаг ингэтлээ унасныг төсөл санаачлагчид мэдсээр байж Тавантолгой төсөлд шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам" компани эзэмшинэ. Тавантолгой ордыг ашиглах гадна, дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс тавантолгой" компани эзэмшинэ зэрэг нөхцөл тавьсан нь үнэндээ энэ ордыг хөдөлгөхгүй л гэсэн санаа.

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хууль хэлэлцэгдэн анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр байнгын хороо руу шилжсэн. Бас л явахгүй сураг дуулдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт мөн л бүтэлгүйтэх тийшээ. Ард түмнээс санал асуугаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ шийдье гэхэд л УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж байна. Эрүүгийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл мөн л эцсийн хэлэлцүүлэгт ирээд таг гацлаа. Өнгөрсөн хавраас эхтэй гацаа одоо хэр нь үргэлжилж, УИХ дахь МАН-ын бүлэг "Эрүүгийн хуулийг дэмжихгүй" гэдэг хатуу байр суурь илэрхийлээд гэдийгээд сууж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр зарлагдаж, дээрх хуулийг хэлэлцэх болоход МАН-ын бүлгийн гишүүд танхимд орж ирсэн атлаа ирцээ бүртгүүлэхгүй, хуралдааныг цуцлуулж чадаж л байгаа байхгүй юу. УИХ-ын ажил нэг ийм л гундуу байна. "Зөвшилцөл" үгүй болж нэг нь хүчлэн зүтгүүлдэг, нөгөө нь гацаадаг, сөрдөг болсоор удлаа.

Гэтэл гурван жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө юу амлаж, сонгогдлоо. Одоо байгаа царайг нь хараарай. Хийдэг ажил нь сайд огцруулна, Засгийн газрыг огцруулна. Завсарлага авна, төслийг дэмжихгүй. Тавантолгойг буцаана, Гацуурт төслийг буцаана. Эрүүгийн хуулийг явуулахгүй, Өршөөлийн хуулийг дэмжихгүй. Ийм л байр суурь ноёлолоо, өнгөрсөн гурван жилд.

Засгийн газар нь ажил хийх гээд зүтгээд байдаг, УИХ нь гацаадаг, буцаадаг, ирцээр бойкотолдог. Эцэст сүүлд нь ялыг нь Засгийн газар үүрч байна.

Одоо ингэж муйхарлахын оронд ажлаа хийвэл яасан юм бэ. Эдийн засагт ассан галаа одоо унртаахгүй бол үнс л үлдэх нь... Ард түмнээ боддог л юм бол ажлаа хийх юм биш үү!

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment