2016/01/13

Малчны зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх боломжийг судалж ажиллахыг “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд үүрэг болголоо

Лхагва гариг бүрт болдог "Шийдлийн цаг" уулзалтад Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо.

Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эдийн засгаа солонгоруулах ажлыг Засгийн газар зохион байгуулах учиртай, нэг салбараас шалтгаалж эдийн засгаа унагаж болохгүй гэдгийг "Шийдлийн цаг" уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд өсөх бололцоотой хоёр том салбар бол барилга, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбар юм гэлээ.

Барилгын салбараа ипотекийн зээлээр дэмжиж буй шиг малчдаа, малчин өрх, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийн өсөлтийг хангах бололцоо байна.

Энэ чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед хэд хэдэн ажил зохион байгуулж байна. Эхний ээлжинд Засгийн газар 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртлэх нэг сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн.

Мөн малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Мах" хөтөлбөрийг боловсруулан, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын тогтоолын дагуу ХХААЯ зохион байгуулж байгаа. 

Дараагийн анхаарах гол ажлын нэг бол малчны зээл. Төрийн болон ХААН банкинд малчдын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байна. Малчин өрхөд хөрөнгө худалдан авах, өрхийн хэрэглээнд зориулан олгогддог энэ зээлийн нэг жилийн хүү 30 хувьд хүрээд байна. Монгол банк болон бусад арилжааны банкуудтай ярилцан зээлийн хүүг бууруулах, нэг оронтой тоонд хүргэх ажлыг судалж, хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

Ар араас нь авч хэрэгжүүлж буй энэ бүх ажил, арга хэмжээгээ том бодлого, хөтөлбөрт нэгтгэх ажлаа одоо зохион байгуулах, цаг ирлээ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Хөдөө аж ахуйг дэмжсэн дээрх ажил болон малчин өрхийн амьжиргаа, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүнийг олон улсын чанарт хүргэх, техник технологийн шинэчлэл хийх зэрэг ойрын таван жилийн бодлого, зорилтоо нэгдсэн нэг бодлогод зангидах зайлшгүй шаардлага байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд энэ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө өргөн барих даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад өглөө. Судалгаа шинжилгээ болон санхүүжилтийн эх үүсвэрийг ч тодорхойлох учиртай. Энэчлэн мал аж ахуй, малчин өрхийг дэмжих асуудлаа багцлан бодлого гаргах нь эдийн засгаа солонгоруулах, Монголоо Монголоор нь авч үлдэх, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт соёлоо дэмжих, экспортын шинэ бүтэгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ асуудалд онцгойлон анхаарч, идэвхтэй ажиллаж Засгийн газрын хуралдаанд асуудал боловсруулан танилцуулж,  холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг ХХАА-н сайд Р.Бурмаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment