2016/01/14

Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар Улаанбаатар хотод суугаа дипломат корпусын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дипломат корпусын тэргүүлэгч нар хандаж мэндчилгээ дэвшүүлээ.

"Уламжлал ёсоор шинэ он гараад та бүхэнтэй уулзаж байна. Мөн дипломат корпус ам бүл нэмж байгаад бид баяртай байна. шинэ он гараад уулзаж байгаа нь өлзий дэмбэрэлтэй юм. Мөн Монгол Улсын Цагаан сарын баяр дөхөж байна. Тиймээс та бүхний төлөөлөн суугаа улс орны ард иргэдэд төдийгүй гэр бүлийнхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд ирж буй бичин жилийн Цагаан сарын баярын мэндийг хүргэе. Бид 2015 оныг амжилт бүтээлээр үдлээ. Гадаад харилцаа ч идэвхтэй байлаа. НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд ялсан, гадаад сурталчилгаа болон эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн, гурван талд коридор байгуулах ажил явж байгаа. Монгол, Япон, АНУ-ын гурван талт уулзалт хийсэн. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Японы хороонд хэлэлцээр байгуулж батлуулсныг энд жишээ болгон дурдаж болох юм. 2016 онд бүтээл ихтэй жил болно. Монголын улс төр, нийгмийн амьдралд олон чухал үйл явдал давхцан тохионо. Монголчууд парламентын ээлжит долоо дахь сонгуулийг явуулна. Энэ сонгууль монголын ард түмний ойрын жилүүдийн хөгжил дэвшлийг тодорхойлох тул түүнд Монгол Улс онцгой ач холбогдол өгнө. Монголчууд улс төр, эдийн засгийн салбарт хос шилжилтийг ажилттай хийсэн туршлагатай. Энэ хэрээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт нэр хүндтэй, дэлхийд ардчиллаараа хошуулагчдын эгнээнд явдаг улс орны хувьд энэ жилийн сонгууль ардчиллын түүхийн томоохон үйл явдал болно. Манай улс төрийн намууд сонгуульдаа идэвхтэй оролцож хуулиа дээдэлж чадна гэдэгт итгэлтэй байна. бидний энэ туршлагыг бүс нутгийн хэмжээнд үлгэрлэн дагана гэж итгэж байна. шинэ 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан. Энэ жил АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож байгаа учир ойн арга хэмжээ уулзалт зэрэгцэн явагдана. Манай Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс, Гадаад харилцааны яам бэлтгэл ажил хангах ажлын албан нэн идэвхтэй ажиллаж байна. Та бүхний төлөөлөн суугаа улс орны төр засгийн тэргүүн нар Улаанбаатарт тавтай сайхан морилно гэдэгт бид итгэлтэй байна. Миний бие Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачлага дэвшүүлж НҮБ-ийн 70-р чуулганаар үг хэлэхдээ энэ санаачилгыг зарласан. Үнэндээ энэ бол шинэ алхам биш гэдгийг та бүхэнд дахин хэлье. Монгол Улс олон тулгуурт нээлттэй гадаад бодлого явуулж ирсэн. Сүүлийн 20 гаруй жилд олон улсад үндсэндээ төвийг сахисан бодлого баримталсан. Монгол Улс бол энхийг эрхэмлэгч нээлттэй ардчилсан улс. Тэр хэрээрээ олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Гадаадын ямар нэг улс оронтой газар нутаг, ашиг сонирхлын зөрчил маргаан байхгүй. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар бид аль нэг гүрнийг аялдан дагадаггүй. Эх гүрнүүдийн маргаан зөрчилд хөндлөнгөөс ордоггүй. Энэ бүхэн маань бидний төвийг сахисан бодлого байр суурьтай холбоотой юм. Иймд төвийг сахих тухай Монгол Улсын байр суурийг зөвөөр ойлгож, төлөөлөн суугаа улс орны төр засагт уламжлан ажиллахыг та бүхнээс хүсч байна. Монгол Улстай хоёр талын байр суурийг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын байр суурийг дэмжих, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар та бүхний туслалцаа дэмжлэгийг бид цаашид ч авах болно. 2016 он та бидний найрсаг харилцааны ололтын жил байх болтугай "гэж хүрэлцэн ирсэн дипломат корпусын тэргүүлэгч нарт мэндчилгээ дэвшүүллээ.

Харин үүний дараа Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүлэгчдийн ахлагч, Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нарт мэндчилгээ дэвшүүллээ.

"2015 оныг Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан онгой үйл явдлаар угтсан билээ. Долдугаар сард ардчиллын үнэт зүйлийн нэг болох анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн жилийн турш өндөр дээд хэмжээний олон айлчлал хийж, гадаад харилцааны хувьд ололт амжилтаар дүүрэн жил боллоо гэж дүгнэж байна. мөн аравдугаар сард НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улс 172 орны саналаар тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа хэдий ч үүнийг даван туулахын тулд чамгүй идэвх чармайлт гарган ажиллаж байгаа ба макро эдийн засгийн үзүүлэлтээр зарим ахиц ажиглагдаж байна. Өнгөрсөн оны эцэст анхаарлын төвд байсан Оюутолгойн Далд уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон сурталчилгаа болсон. Цаашид гадаадын хөрөнгө оруулалт сэргэх аваас Монгол Улсын эдийн засаг сайжрах нь ойлгомжтой. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсад олон уулзалт зохион байгуулагдана хэмээн ойлгогдож байна. Монгол Улс энэхүү өргөн цар хүрээтэй, олон улсын түвшний уулзалтыг анх удаа даргалах эрхийг хүлээн авсан. АСЕМ-ийн 20 жилийн тэмдэглэлт ой тохиож буй энэ жилийн уулзалтыг амжилттай зохион байгуулах нь АСЕМ-ийн хүрээн дэх бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд Монгол Улс хувь нэмэр оруулаад зогсохгүй, олон улсын хамтын нийгэмлэгт нэр хүнд байр сууриа дээшлүүлэх өндөр ач холбогдолтой сайхан завшаан болно. Иймд хамт олныхоо өмнөөс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсье. Мөн ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Уг сонгуулийн дүнд Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүлэгч нарын төдийгүй олон улсын хүрээнд анхаарлын төвд байх нь дамжиггүй. Сонгууль тэгш эрх шударга ёсны зарчимд тулгуурлан амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. сонгуулийн үеэр төрийн ажил тасарч сааталгүй явагдах, сонгуулийн дараа шинэ Засгийн газраа түргэн шуурхай эмхлэн байгуулах, Монгол Улсын Засгийн газрын залгамж чанараа хадгалах нь бидний төлөвлөж буй найрсаг харилцаатай орнуудын Засгийн газар олон улсын байгууллагуудтай цаашид өрнүүлэх хамтын ажиллагаанд үр өгөөжтэй болгох маш чухал алхам гэдгийг анхааруулж байна" гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment