2016/01/19

АН ийм өөдгүй

Төрийн дээр гарсан намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг санаачлан боловсруулсныг УИХ өнөөдрийн чуулганаараа хэлэлцээд 37.2 хувийн саналаар дэмжин унагалаа. Зүйрлэвэл, жил гаруйн өмнө Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан "сценари"-тай тун ойролцоо үйл явдал чуулганы танхимд болж өнгөрлөө. Учир юу вэ гэвэл, УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар уг хуулиар санал хураахыг мэдсээр байж УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ 100 хувь бүрдүүлсэнгүй, хариуцлагагүй хандлаа. Ердөө долоо хоногийн өмнө тус бүлэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжихээ мэдэгдсэн. Бүлгээс ийм шийдвэр гаргаж байгаагаа Б.Гарамгайбаатар дарга хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ хуулиар санал хураах үед юу болов. Тэрээр хэлсэн үгнээсээ буцаж, эсрэг санал өглөө. УИХ дахь эмэгтэй гишүүдээс хамгийн боловсролтой нь гэгддэг Ц.Оюунгэрэл гишүүн бүлгийн шийдвэрийн эсрэг кноп дарлаа. Түүгээр зогссонгүй УИХ-ын гишүүн Я.Санжмятавын кнопыг давхар эсрэг дарж санал өглөө. УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байна" гээд л үдээс өмнөх хуралдаан дээр том дуугараад байсан, гэтэл санал хураах үед зугатав. С.Одонтуяа гишүүн ч бас хуралдааныг орхин гарсан. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд нам дэргэдээ төрийн бус байгууллаггүй байна гэсэн зохицуулалт туссан нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон түүний хувьд эрх мэдлээ хадгалахыг үлдсэн нь энэ бололтой. Дээр нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн Р.Бурмаа сайд л ганцаараа оролцсоныг хэлэх нь зөв болов уу. Уг нь Ардчилсан намын бүлэгт 10 гаруй сайд харьяалагддаг. Харамсалтай нь, ийм л ирцтэйгээр оролцлоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд түүхэнд байгаагүй өндөр ирцтэйгээр оролцож, Улс төрийн намын тухай хуулийн төслийг унагах кноп дарлаа.

МАН-ынхны хувьд ойлгомжтой, хуулийн төсөл боловсруулах үеэс л эсэргүүцэж байсан. Учир нь МАН-ын эрх мэдэл иргэдэд шилжих гээд байсан тэр болов уу. Дээр нь 3001-ээс доош хүн амтай суманд нам анхан шатны нэгжтэй байж болохгүй гэсэн заалтыг гишүүн бүр нь эсэргүүцэж харагдана билээ. Үндэслэлээ нам, ард түмэн хоёрыг холбох гүүргүй болно л гэдэг утга агуулгаар тайлбарлаад байгаа ч цаад санаа нь сонгууль дөхөж байгаа үед сум бүрт байгаа намын анхан шатны бүтцээ алдахгүй байж, дахин УИХ-д сонгогдох гэсэн л санаа. Үүнийг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд ил, далд янз бүрийн хэлбэрээр дэмжин, эрх ашгаа нэгтгэв. Уг нь төрийн дээр зайдалсан намуудыг бодлогын болгон төлөвшүүлж, нам нь гишүүнчлэлээр уралддаг марафоныг зогсооход Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг МАН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш ярьсаар ирсэн. Яг ажил хэрэг болгоё гэхээр элдэв шалтаг тоочоод шинэчлэлээс ухарч байна. Угийн ч иймэрхүү араншин гаргадаг улстөрийн хүчин болохоор баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг байдлаар хандлаа.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд мөн л эсрэг байр суурь барьсан нь намууд шинэчлэгдэж, төрөө фракци бүлэглэлийн савраас гаргах нь чухал биш, зөвхөн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төслийг дэмжих боломжгүй гэдэг өнцгөөр хандан, санал өгсөнгүй. Эцсийн дүндээ хууль тогтоогчдын дээрх үйлдэл нь сонгуулийн өмнө намын бүтцээ алдахгүй хадгалаад үлдэх гэсэн хувийнх нь амбицтай л холбоотой болохоос улс орон бодсон шийдвэр гэж харахад эргэлзээ төрүүлж буй. Учир нь өнөөдөр намуудад бодлого гэж байдаг юм уу. Зүүний, барууны үзэлтэй гэдэг ч ялгарах юмгүй болсон шүү дээ. Эрх ашиг нэгдэх зүйл дээр хүзүү толгойгоо холбочихдог. Уг нь Ардчилсан нам эрх барьж байсан үедээ Улс төрийн намын тухай хуулийг гардан батлуулаад намуудыг бодлогын болгох том замыг гаргачихсан бол энэ улс оронд их хэрэгтэй байлаа. Харамсалтай нь чадсангүй. Ардчилсан намынхан ийм л өөдгүй гэдэг үгийг хэлэхээс өөр үг олдохгүй нь.

Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment