2016/01/12

Х.Тэмүүжин: Эрх мэдлээ машинаар сольсон нь эмгэнэл

Ойрын өдрүүдэд УИХ-аар ид хэлэлцэж байгаа Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн Цэцийн маргаанд УИХ-ыг төлөөлж маш олон удаа оролцож байсан. Гэвч Цэцийн шийдвэр гарсны дараа хуралдааны тэмдэглэлийг авья гэхээр "Нууц" гээд өгдөггүй. Энэ нөхцөл байдал ч бас Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан, санаачлага гаргах үндэслэл байсан болов уу?

-Хэрэгцээ шаардлагуудынх нь нэг байсан. Түүнээс биш Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах ерөнхий том зорилтын шаардлага бол биш л дээ. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө "Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн Цэц буюу Үндсэн хуулийн шүүхийн журмаар хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ" гэдэг амлалт авсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх шүүхийн бүх шатаар хамгаалагдаж чадахгүй, төрийн үйл ажиллагаа, шүүхийн практик, эсвэл хууль тогтооомжийн улмаас зөрчигдөж байна гэж үзвэл иргэд Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргаж хянан шийдвэрлүүлэх боломжийг олгоно гэсэн үг. Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнуудад ийм төрлийн маргаан нийт шийдэж байгаа хэргийнх нь 94-өөс дээш хувь байдаг. Харин манайд ийм төрлийн маргааныг огт шийддэггүй. Үлдсэн зургаа хүрэхгүй хувь буюу "хууль Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу" гэдэг асуудлыг л шийддэг. Тэгэхээр манай Цэц Үндсэн хуулийн шүүх биш байна аа л гэсэн үг.

Үүнийг шийдэх зорилгоор 2012 оноос хойш Цэцийн хууль болон Цэцэд хэрэг маргаан шийдвэрлэх процессыг боловсронгуй болгох чиглэлээр хоёр том хууль боловсруулсан. Гадна дотнын маш олон эрдэмтдийн зөвлөмжийг авсан. Хуулийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд, судлаачдыг ажлын хэсэгт оролцуулсан. Үнэндээ бол манайд Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн, практикийн сайн судалгаа хийсэн эрдэмтэд, судлаачид гэвэл гарын арван хуруунд хүрэхгүй. Тэр хүмүүсээ бүгдийг нь оролцуулсан. Харамсалтай нь Цэцийн зарим гишүүд, нэр бүхий удирдлагуудад "Хууль Үндсэн хууль зөрчсөн" гэж маргаад, хууль тогтоогчоос дээгүүр улс төр хийгээд сууж байх нь илүү амар байна. Яг шүүх шиг иргэний эрхээр маргана гэдэг төвөгтэй л дөө. Илүү ухаан зарж, илүү үндэслэлтэй ярьж, амьдралыг бодитойгоор харах шаардлага гарна. Магадгүй шүүхийн практиктай зөрчилдөх учраас Дээд шүүх, хуулийн байгууллагатай зөрчилдөх ч шаардлага гарна. Үүнээс нь төвөгшөөгөөд, ингэх нь бидэнд ашиггүй гэж тооцоод, ийм хууль өргөн бариулахгүйн төлөө манай Цэц сүүлийн хоёр жил хар байдгаараа ажиллаа. Тиймээс арга ядаад, тэр хуулиудыг томоор нь өргөн барьж чаддаггүй юм гэхэд өөрсдийгөө шүүх гэж нэрлэж, шүүхтэй дүйцэхүйц эрх мэдэл авсан Цэцийг түүнтэй нь дүйцэхүйц ёс зүй болон хариуцлагын тогтолцоотой болгоё гээд ердөө гуравхан нүүр нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн бариад хэлэлцүүлж байна. Ил тод байдал, төвийг сахих гэх мэт шүүхэд тавигддаг наад захын шаардлагыг Цэцэд ч бас тавих ёстой. Цэцэд маргаан шийдвэрлэх процесс илүү нээлттэй, ил тод, төвийг сахисан, шударга байх ёстой. Маргалдагч талын аль нэг талд урьдчилан гүйж ороод шийдвэрийг урьдчилсан төсөөлөлтэйгээр гаргадаг, гарсан шийдвэрээ гишүүдийнхээ гарын үсэгний ард нуучихаад хэн ямар байр суурьтай байсан нь харагддаггүй, хаалттай бугшмал байдлаас нь гаргах ёстой гэж үзээд Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Мэдээж өргөн барьсан хуулиудтай холбоотойгоор УИХ-ын Дэгийн тухай хууль болон зарим хуульд өөрчлөлт орно.

-Зарим гишүүдийн зүгээс Цэцийн гишүүний насны асуудал дээр их эмзэг байх шиг харагдсан...

-Өргөн баригдсан хуулийн төсөлтэй холбоотойгоор улстөрчдийн, Цэцийн гишүүдийн өөрсдийнх нь шуугиан тарих гэж оролдож байгаа нэг сэдэв энэ. Асуудал яригдахаар тэндээс нэгийг нь сугалж авч шуугиан тариад түүнийхээ ард үндсэн гол асуудлаа дарж үлдэх гэж оролддог. Тэр нь өнөөдөр тэтгэврийн насны асуудал болж байх шиг байна.

-Цэцийн хуулийг өөрчлөх асуудал 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш, бүр дөрвөн жилийн өмнөөс яригдсан гэхээр уг нь шинэ зүйл биш л байна даа?

-Түүнээс өмнө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Шүүхийн шинэтгэлийн багц асуудал дотор Цэцийн тухай хуулийг өөрчлөх асуудал явж байсан. Гэвч яагаад үүнийг одоо хүртэл хийж чадаагүй вэ гэвэл Үндсэн хуулийн Цэц дандаа өөрсдийнхөө хүсэлтээр хууль батлуулдаг, Цэцтэй холбоотой хууль тогтоомжуудыг дандаа өөрсдөө боловсруулж оруулж ирдэг байсан. Тэр практикаасаа салж чадахгүй байна л даа. Гэвч энэ бол хууль биш. Хуулиараа Үндсэн хуулийн Цэц хууль санаачлах эрхгүй. Хууль санаачлах эрхгүй мөртлөө өөрийнхөө хуулийг ямар байхыг шийддэг, өөрийнхөө хуулиас халиад бусад хуулиуд ямар байхыг шийддэг, сүүлдээ Үндсэн хууль ямар байхыг шийдэж эхэллээ. "Даварсаар даварсаар Дагвын оронд" гэдэг шиг одоо бүр Үндсэн хуулийнхаа дээр гаргад суучихлаа шүү дээ.

-Иргэд бол энэ талаар онцын анхаарал тавьдаггүй байсан байх. Харин сая найман хувийн зээлийг зогсоосноос болоод "Цэц ер нь яаж ажиллаад байна" гэж анхаарч, эргэлзэж эхэллээ. Өөрсдийнх нь ар амьдрал руу шууд ороод ирэхээр?

-Цөөн хүмүүсийн хүрээнд, судлаачид, мэргэжилтнүүд, шийдвэр гаргаж байгаа хүмүүст бол энэ дүр зураг байнга харагдаж байсан. Арай л хэтэрч байна даа... гэдэг үгтэй л орхиод байсан. Дээд шүүхийн захиалгаар шийдвэр гаргаж л байдаг, Ерөнхий прокурорын захиалгаар шийдвэр гаргаж л байдаг, өөрөө өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг хэсэг бүлэг шиг л байлаа шүү дээ. Сүүлдээ улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Найман хувийн зээл ч тэр, УИХ-ын гишүүний хууль санаачлах болон шийдвэр гаргалтад оролцох эрхийг хязгаарласан заалтууд ч тэр. Ингээд харахаар яах аргагүй бид тэнд сууж байгаа хүмүүсийг өөрчлөхөөсөө илүү тэр хүмүүсийн ажиллаж байгаа хуулийн орчинг боловсронгуй болгохгүй бол болохгүй нь.

Жишээ нь энэ хуульд бичиж байна л даа. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахдаа шийдвэрийнхээ үндэслэлийг шийдвэрийн дараа гарах үр дагавартай нь тайлбарлах ёстой гэж. Одоо бол "Үндэслэл болон үр дагавар бидэнд хамаагүй, бид ийм шийдвэр гаргасан" гээд тасалгаан дотроо шийдвэрээ шидчихдэг, гэтэл тэр шийдвэр нь гадаа байгаа маш олон хүмүүсийн амьдралыг орвонгоор нь хөмөрч байна шүү дээ. Цэцийн шийдвэр тас гээд гардаг. Яагаад ийм шийдвэр гарсан талаар хэн ч тайлбар хийдэггүй, цаасан дээр ч байхгүй. Тэгээд эцэст нь зөн билгийн тулаанчид шиг л "Энэ ингэсэн байх, тэр тэгж бодсон байх" гэж таамаглаж ярихад хүрч байна шүү дээ. Тийм хийсвэр бодол, таамаглалаар төрийн ажил явж болохгүй л дээ. Үүнийг засахын тулд шийдвэрээ яаж гаргах, шийдвэртээ юуг тусгах, шийдвэрийн үндэслэл төдийгүй үр дагавар нь ямар байхыг тооцож тайлбарладаг байх ёстой. УИХ дээр дүгнэлтээ оруулж ирэхэд үндэслэл болон үр дагаврын чинь тайлбарыг чухалчлан шаардана, шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулж асуулт болон хариулт явна. Шийдвэр үндэслэлүүд бодитой, үр дагавар нь тодорхой, тэрнийхээ дагуу амар тайлбарууд нь байх ёстой. Энэ шийдвэр яаж гарсан бэ гэдэг процедурыг мэдэхийн тулд хуралдааны тэмдэглэл хэрэгтэй. УИХ-ыг төлөөлж очсон гишүүн, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэц дээр очоод УИХ-аас гарсан шийдвэрийг хамгаалсан уу, үгүй юу? Тэнд очиж дүмбийж суучихаад гараад чуулган, байнгын хороон дээр ирэнгүүтээ худлаа цээжээ дэлдсэн юм яриад байна уу гэдгийг ч бас хүмүүс мэдэх эрхтэй шүү дээ.

Уг нь бол Цэцийн тухай хуульд "Цэцийн үйл ажиллагаа ил тод байна" гэсэн заалттай ч Цэц өөрийнхөө дотоод журмаар "Хуралдааны тэмдэглэл нууц" гэчихсэн. Бусад улс орнуудад бол хуралдааны тэмдэглэл хуулийн сургуулийн оюутнуудын гарын авлага, судлаачдын хувьд Үндсэн хуулийн судалгааны маш том материал, идэвхтэй иргэдийн хувьд "ийм учраас шийдвэр ингэж гарсан юм байна" гэдэг мэдэх эрхийнх нь нэг хэсэг байхгүй юу. Бид төрийн бодлого ил тод байх ёстой гэдэг зарчмыг хуульчилсан. Гэтэл тэр хуулиуд ч Цэцэд үйлчилдэггүй. Тэгэхээр бид дахиад бодох ёстой. Цэц гэдэг маань Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үйл ажиллагааны зарчмаас тасарчихсан, Үндсэн хуулиасаа хүртэл давчихсан бүтэц болчихоод байна. Тэгсэн мөртлөө иргэдийн амьдрал руу шууд орж ирээд шийдвэр гаргадаг. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг үндэслэл, үр дагавраа огт тайлбарладаггүй.

-Цэцийн гишүүдийн хэн нь энэ шийдвэрээс татгалзсан, ямар үндэслэл гаргасан бэ гэдэг нь ч бас хуулиар ил болох юм байна, тийм үү? Тусгай санал гэж бичсэн байсан?

-Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үндсэн хуульд "Цэцийн есөн гишүүн бүгд тэгш эрхтэй" гэж байгаа. Хэн нэг даргын командаар явахгүй гэсэн үг. Тухайн шийдвэртэй санал нийлээгүй Цэцийн гишүүн тусгай санал бичих эрхтэй. Гэтэл тэр тусгай саналаа тэмдэглэлд хавсаргана, тэмдэглэл нь нууц гэчихээр хэний ч тусгай санал ил болохгүй. Олонхиороо ингэж шийдсэн, хэн ямар санал өгсөн нь нууц гэдэг. Цэц бол үндсэндээ Үндсэн хуулийг л тайлбарлаж байгаа шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийг ямар онолоор, ямар үзэл баримтлал, ямар арга зүй, түүхээр утгачилсан, эсвэл үгчилсэн тайлбар хийсэн юм бэ гэдэг нь байхгүй. Бусад улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийг харьцуулаад үзэхээр "Үндсэн хуулийн шүүгч тэр тэгж, энэ шүүгч ингэж үзсэн байна. Ийм үзэл бодолтой шүүгч олонхи байсан учраас шийдвэр нь ингэж гарсан байна" гээд нэр устайгаа тайлбар нь ил байдаг. Тэр тайлбарыг хүмүүс үзээд хэлэлцүүлэг маргаанаа чөлөөтэй өрнүүлдэг. Манайх шиг Үндсэн хуулийн шүүх гэдэг нэрийн ард нуугддаггүй, өөрийнхөө нэрээр ил гараад "Би ийм зүйлд итгэл үнэмшилтэй учраас ингэж шийдсэн" гэдгээ зарладаг, тэр нь хэрвээ буруу байвал "Үндсэн хуулийн шүүхийн түүхэнд хамгийн муу шийдвэр гаргасан хүмүүс" гээд хуулийн сургуулийн сурах бичигт орж, түүхийн баримт бичигт ч үлддэг. Манайд бол зүгээр "Цэц" гэдэг нэр л яваад байдаг.

-Цэцийн гишүүн урьдчилсан дүгнэлттэйгээр хуралдаанд оролцохгүй, мэтгэлцэхгүй гэсэн утгатай заалт байна. Энэ ямар утгатай юм бэ?

-Энэ бол шүүхэд тавигддаг хамгийн эхний суурь зарчим бөгөөд шаардлага. Хоёр тал маргаж байхад маргааныг шийдэх гэж байгаа шүүгч төвийг сахих ёстой, тэрний энэний зөв гэдэг урьдчилсан дүгнэлт хийж болдоггүй. Тэгээд шүүх хуралдаан дээрээ аль нь үндэслэлтэй, баримттай, үнэн зөв байна, үр дагавраа хэрхэн харж байна, хуулиа хэрхэн тайлбарлаж байна, тэр нь Үндсэн хуультайгаа яаж холбогдож, Үндсэн хуулийг нь өөрийг нь хэрхэн хөгжүүлж, дэлгэрүүлж байна вэ гэдгийг дэнсэлж байж шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол тогтчихсон царцанги зүйл биш шүү дээ, цаашаа хөгжиж байх ёстой. Тиймээс ядаж одоо байгаа түвшингээс нь ядаж унагачихгүйгээр зөв тайлбарлах ёстой.

Цэцийн тухай хуульд төвийг сахих зарчмыг оруулсан боловч дутуу орхисон байна. Цэцийн гишүүн маргаан шийдвэрлэх хуралд орохоосоо өмнө урьдчилсан дүгнэлт хийж болохгүй гэсэн боловч өмнө гэсэн үгийг яаж ойлгох нь тодорхойгүй. Тиймээс Цэцийн хуралдаан дээр гишүүд ямар ч үндэслэл судалгаагүй орж ирээд шууд өөрсдийнхөө байр суурийг ярьдаг. Арга ядаад хуулийн төсөлд "судалгаанд үндэслэсэн байх" гэдгийг шийдвэрийн нэг үндэслэл болгож бичиж байна. Нэг жишээ хэлье. Саяхан Цэцээс "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй" гэж шийдвэрлэсэн. Энэ маргааны дунд суудлын хуралдаанд би, их суудлын хуралдаанд О.Баасанхүү гишүүн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Дунд суудлын хуралдааны үеэр хуралдаан даргалагч надад "Та нар чин нэг нам. Танай Засгийн газар ингэж бодож байхад та дуугай байж болдоггүй юм уу, энд ирээд эсэргүүцээд байх юм" гэж хэлсэн. Шийдвэр хэний талд гарах, захиалагч нь хэн гэдэг нь маш тодорхой. "Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Аль нэг намыг Цэцийн хуралдаанд төлөөлөөгүй, тэр тусмаа Засгийн газрыг төлөөлөөгүй. Засгийн газрыг огцруулах эсэх УИХ-ын эрх мэдэл байх уу, үгүй юу гэдэг тухай ярьж байхад би УИХ-ын эрх ашгийг хаяад Засгийн газрын талд орж, дуугүй байна гэж юу яриад байгаа юм. Би энэ хуралдааны протоколыг авахыг хүсч байна" гэхэд "Нууц учраас өгөхгүй" гэж байгаа байхгүй юу. Хэрэв Цэцийн хуралдааны протоколыг ил болговол тэндээс бараг гэмт хэргийн шинжтэй, хувийн дур зоргын шинжтэй, хэн нэгний захиалгын шинжтэй маш олон зүйл ил болно. Цэц яагаад ингэж дур зоргоороо шийдвэр гаргаад, алх тогшоод байгаагийнх нь ид шид ердөө хаалттай байдал. Тиймээс энэ хаалттай байдлыг ил болгоё л гэж байгаа юм.

-Ямартай ч хуулийн төсөл УИХ-аар дэмжигдээд явж байна. Гэхдээ энэ бол жижиг өөрчлөлт гэж та хэллээ. Үүний дараа Цэцийг жинхэнээсээ Үндсэн хуулийн шүүхийнх нь түвшинд аваачихын тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцэд маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой процессийн хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн өөрчлөлт батлагдсаны дараа тэр процессийн хууль руу орно. Процессийн хуульд саяын хэлсэн зарчмууд бүгд орно. Энэ бол суурь зарчмынх нь ердөө анхдагч алхмууд байхгүй юу. Дээр нь ярилцлагын эхэнд хэлсэн иргэний үндсэн эрхийн манаач байх Цэцийн үүргийг хуульчилж өгнө. Үндсэн хуулийн амин сүнс нь гуравхан зүйл байдаг юм. Нэг нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх. Хэн ч халдаж болдоггүй, туйлын утгатай, хүнээс салгаж болдоггүй эрхүүд. Хоёрдугаарт, энэ эрхүүдийг хамгаалахын тулд байдаг төрийн эрх мэдэл хуваарилах зарчим. Гуравдугаарт энэ үндсэн эрх, төрийн эрх мэдэл хуваарилах зарчим хоёр нь "бүгд найрамдах" буюу иргэний ардчилсан зохион байгуулалт дотор байдаг учраас улс төрийн суурь зохион байгуулалт. Энэ гурав бол Үндсэн хуулийн амин сүнс. Үүнийг хамгаалах хамгаалагч нь Үндсэн хуулийн Цэц. Гэтэл Цэц энэ гурваа марчихаад хууль тогтоогч, парламент дотор байгаа улстөрчид шиг улс төр хийгээд яваад байна. Парламент олонхи, цөөнхөөрөө хууль батлах ёстой байтал олонхи цөөнхийн дунд Цэц орж ирээд дахиад хууль тогтоогч болоод хувирчихаар ард түмэн, иргэд сонгогчид парламентыг сонгосны нэмэргүй болчихлоо. Огт сонгогддоггүй есөн хүн найман хувийн зээл байх уу, үгүй юу гэдгийг шийдэж бна шүү дээ. Найман хувийн зээл гэдэг бол бодлого, Цэц бодлого тодорхойлогч болоод хувирчихлаа. Хэрвээ Цэцийн гишүүд бодлого тодорхойлохыг хүсч байгаа бол иргэдийн шүүлтүүрээр орж, сонгуульд өрсөлдөөд мандат авах ёстой. Томилогдсон албан тушаалтан тэр эрх мэдлээ бүгдийн дээр тавиад бодлого тодорхойлж болохгүй. Тэр хүмүүсийн хийх ёстой ажил бол Үндсэн хуулийг манах явдал. Манах ёстой эрх мэдлээ машинаар солиод сууж байна гэдэг бол том эмгэнэл л дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

ЭХ СУРВАЛЖ: МҮОНТВ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment