2016/01/19

“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа "Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах" хөтөлбөрийн  хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад төвлөрлийг сааруулах талаар стратегийн бичиг баримт боловсруулах, төв болон орон нутгийн түвшин дэх чиг үүргийг зохистой хуваарилах аргачлал боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

"Засгийн газрын болон орон нутгийн түвшинд чиг үүргийг зохистой хуваарилах асуудлаар боловсруулсан аргачлалын төслийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах стратегийн бичиг баримтын бүтэц агуулгын талаар санал солилцож, улмаар чиглэл авахын зэрэгцээ мэдээлэл, зөвлөгөө өгөх нь ажлын хэсгийн зорилго юм" гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэлж байна.

"Төвлөрлийг сааруулах үйл явцын нэн чухал асуудал нь иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлж чадах чиг үүргийг хуваарилах замаар удирдлагын түвшин бүрт чиг үүргийг давхардалгүй хуваарилах явдал юм. Иймд манай улсын нөхцөлд тохирсон чиг үүргийн судалгаа хийх, чиг үүргийн дахин хуваарилалт хийх аргачлалтай болох нь чухал.

Төвлөрлийг сааруулж, чиг үүргийг дахин хуваарилснаар сумын эмнэлгийн асуудлыг заавал салбарын яам биш тухайн сум асуудлаа өөрсдөө шийдээд явах боломж нээгдэх юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment