2016/01/11

Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 91 хувь дэмжсэнээр "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт олгох санал дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн баталж байсан юм. Ингэхдээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болоод байв. Гэвч энэ нь олон нийтээс шүүмжлэл хүлээснээр хүүхэд бүрт тэгш олгохоор болж, холбогдох хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа нь энэ юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар нийт өрхийн 14 хувь хүүхдийн 20 мянган төгрөг авахгүй байх дүн гарсан аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хүүхдийн мөнгийг 14 хувь нь авахгүй байхаар дүн гарсан нь өрхүүдээ судалгаанд дутуу хамруулсантай холбоотой юм уу. Эсвэл эцэг, эхчүүд өөрсдөө авах шаардлагагүй гэж үзсэн үү. Хоёрт, хүүхдийн мөнгө хэрэгтэй эсэхийг зурагт, хөргөгчөөр хэмжиж байна гэсэн яриа их гарлаа. Энэ хэр үндэслэлтэй юм бэ. Хүүхдийн мөнгө авахгүй хэсгийнхний мөнгийг зорилтот хэсэгтээ нэмээд өгчих боломж байгаа юу гэдгийг тодруулав.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтны өгч буй тайлбараар судалгааг албадан биш сайн дурын үндсэн дээр хийсэн. Нийт өрхөө судалгаанд хамруулж чадаагүй нь судалгааны багийнхан өрх гэрт очиход эзэнгүй таарсан, мөн өөрсдөө судалгаанд хамрагдахгүй гэдгээ илэрхийлсэн. Дээр нь шинээр мэндэлсэн хүүхдийн тоо ч үүнд хамаарагдах аж.  

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн судалгаа нь хангалтгүй 220 мянга гаруй хүүхдийг орхигдуулсан байгаа нь ажлаа хариуцлагагүй хийсний нэг илрэл. Төсвөөс өдий төдий хөрөнгө зарж судалгааг хийлгэсэн. Хүүхдийн мөнгийг 2006 онд анх олгож эхэлсэн байдаг, тухайн үед эдийн засаг тийм ч сайн биш байсан. Гэтэл эрх баригч хүчин 2015 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн үеэс хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэсэн, МАН-ын бүлэг эсэргүүцсээр байж, хуучнаар нь буюу тэгш олгохоор болж, 2015 оны төсвийн хуулийг батлуулж байсан. 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхэд мөн л хүүхдийг ялгаварлаж олгохоор төсвийн хуулийг оруулж ирсэн. Одоо хүүхэд бүртээ тэгш олгохоор болж хуулийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Гэхдээ 2016 оны төсвийн тодотголоо хамтад нь оруулж ирэх ёстой. Ингэж байж хуульд нийцнэ шүү гэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайдын царайг нэг хармаар байх юм. Төсөв хүнд байна, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохгүй бол болохгүй нь гээд 2016 оны төсвийн хуулийг батлуулж байсан. Хоёр сарын дараа тэгш олгоё гээд оруулж ирлээ. Ямар тоглоомтой юм бэ. Өнгөрсөн хугацаанд ард иргэд өрхийн амьжиргааны төвшнөө тогтоолгох гэж баахан бужигналаа. Монголчуудынхаа сэтгэл зүйгээр тоглож гүйцэж буй байхгүй юу. Өрхийн судалгааг хийлгэхдээ 500 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл 200-300 мянган хүүхэд хаягдсан байгаа. Ийм яамтай байгаад яах юм.

Хүүхэд бүрт тэгш хандахыг дэмжинэ. Үнэхээр Ардчилсан нам хүүхэд бүрт 20 мянгыг нь олгоё гэж байгаа бол хуулиа хуульд нийцүүлж оруулж ир. Энэ хуулиа татаж аваад 2016 оны төсвийн тодотголтойгоо цуг мэдүүл. 110 тэрбум төгрөгийг төсвийн тодотголдоо суулгахгүй бол дахиад ард түмнээ хуурсан юм руу орно.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: Хоёр сарын өмнө Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг батлуулж байхдаа төсөв үнэхээр хүнд байна, хүүхэд бүрт мөнгө олгох аргагүй, зорилтот хэсэгтээ л хүргэхээс өөр аргагүй байна гээд батлуулсан. Хоёр сарын дараа хүүхэд бүртээ тэгш олгоно гээд хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирлээ. Ямар боломж гарч ирэв, нэмэгдэл зардал хэдийг шаардаж байна вэ.

Сангийн сайд Б.Болор: Хүүхдийн мөнгө олгогдох эх үүсвэр төсөвт суусан байгаа. 2016 оны төсвийг батлуулах үед Засгийн газрын байр суурь халамжийн бодлогыг зорилтот хэсэгтээ хүргэх байсан. Олон улсын валютын сангаас ч тодорхой зөвлөмж өгч байсан.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 2016 оны төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгө олгоод явах бололцоотой.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан: Хуулиараа болдоггүй юм аа. Хэрвээ та бүхэн 2016 оны төсөвт тодотгол хийхгүй гэж үзэж байгаа бол батлагдсан төсвийн хүрээнд хүүхэд бүртээ хуваахаар 20 мянган төгрөг буурч таарна. Үүнийг анхаараарай. Төсвийн тодотголыг цугт нь хэлэлцэхээс аргагүй шүү гэсэн юм.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment