2016/01/17

Жижиг намууд лидерийн эрэлд мордоно

-Угаасаа олон лидер гээд байх хүнгүй, зөвхөн намын дарга нь л сайн, муу алинаар ч бол олонд танигдсан байдаг улс төрийн жижиг намуудын хувьд энэ заалт үнэхээр хатуудаж буй нь тодорхой-

Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ 2015 он шувтрахын өмнөхөн баталж, редакцийн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хийсэн. Гэсэн ч өнөөдрийг болтол эцсийн найруулга хийгдсэн 161 зүйл заалт бүхий Сонгуулийн нэгдсэн хуулийг олж хараагүй байна.

Сонгуулийн хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний зүгээс дэвшилтэт сайн хууль болсон гэх үгийг дайж байгаа ч парламентад суудалгүй намууд шинэ хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа. Парламентад суудалгүй намуудын эсэргүүцсэн хэд хэдэн заалт бий. Юун түрүүн, аливаа улс төрийн нам пропорционалиар сонгогчоос санал авч хуулийн таван хувийн босго давсан байлаа ч мажоритар тойргоос ядаж нэг төлөөлөл нь УИХ-д сонгогдож байж парламентад суудалтай болох заалт юм. Угаасаа олон лидер гээд байх хүнгүй, зөвхөн намын дарга нь л сайн, муу алинаар ч бол олонд танигдсан байдаг улс төрийн жижиг намуудын хувьд энэ заалт үнэхээр хатуудаж буй нь тодорхой. Хэрвээ энэ заалтаар жижиг намууд сонгуульд оролцвол аль нэг тойргоос нэг суудал зулгаах улстөрчийг намдаа урвуулах шаардлагатай болж байгаа юм. Парламентад суудалгүй намууд үүнийг "мажоритар түгжээ" хэмээн нэрлээд, энэ бол АН болоод МАН-ын зөвхөн өөрсдөдөө зориулж хууль гаргасан, бусдыг тойргийн гадна үлдээх хуйвалдаан гэж нэрлээд байгаа юм.   

Өөр нэг заалт нь сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног гэж зааж өгсөн нь тэртэй, тэргүй олонд танил болоогүй, сонгуулийн өмнөх нэг жилд л амь ордог намуудын хувьд өөрсдийгөө сонгогчдод таниулах, мэдрүүлэх боломжийг нь улам хумьж байгаа. Өмнөх 2012 оны Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 45 хоног байсныг богиносгон 28 хоног болгосон байснаа дахин 10 хоногоор хасч 18 болголоо. Энэ заалт жижиг намууд төдийгүй эрх баригч намуудын олонд төдий л танил биш, шинэ хүмүүст ч халгаатай заалт. Дөрвөн жилийн турш тойргоо тойрч, тойлж, бидон сав тарааж явсан хүмүүст бол мэдээж таатай заалт.

Сонгуулийн санал тоолох автомат машиныг халах саналыг парламентад суудалгүй намууд тууштай тавьж ирсэн ч шинэ батлагдсан хуулиар нь санал талаар болсонд мөн дурамжхан байна. Тэднийг энэ тэмцэлтэй үзэл санаа нэг МАН эцсийн мөчид санал хураалтын 50 хүртэл хувьд гар тооллого хийх Ардчилсан намыг саналыг хүлээж авснаараа шинэ хууль зөвхөн МАНАН-д үйлчилнэ гэсэн тэдний хардлагыг улам дэврээгээд байна.

Д.НАРАНТУЯА

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment