2016/01/20

Н.Батбаяр шүүхэд хандана

УИХ-ын гишүүн Н.Батбаяр ДМНН-ийг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөөр болжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед хамаарч буй аж. Тодруулбал,

2012 оны тавдугаар сарын 3 –ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр үг хэлснийг ДМНН нь таслан монтажилж цахим хуудсаар цацсан аж. Ингэхдээ түүний Ц.Нямдорж гишүүнд хандан хэлж байсан үгийг нь одоо цаг дээр авчиран, Ардчилсан нам сонгуульд ялахгүйгээ мэдээд луйвар хийхээ зарлалаа хэмээн мэдээлжээ. Үүнийг Н.Батбаяр гишүүн нэр төрд халдсан үйлдэл хэмээн үзэж буй аж.

Ц.Нямдорж гишүүнийг Хууль зүйн сайдаас нь огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Ц.Нямдорж гишүүн манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах. Сонгуулийг луйвардах арга нь бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох. Тэр байгууллага нь бүртгэлийн газар. Тиймээс Бүртгэлийн газрын даргыг нь солилоо. Намдаа үнэнч хүнээ томиллоо. Зохион байгуулалтын өөрчлөлт хийлээ. Дээр нь Ардчилсан намынхны санаачилсан сонгуулийг будилаангүй болгох, долдугаар сарын 1-нийг давтагдуулахгүй байх гол арга хэрэгсэл болох ухаалаг үнэмлэхийг хүчингүй болголоо. Түүнийг нь лавлагаа гэсэн материалаар солилоо. Гар хурууны хээ авдаг төхөөрөмж нь удахгүй ажиллахгүй болно. Тэр байтугай тоолдог машин нь тоолохоо болиод, зөвхөн төрийн албан хаагчаас бүрдсэн сонгуулийн хэсгийн хороо саналыг тоолсноор манай намд санал, ялалт ирэх юм. Тийм учраас та нар надаар оролдохоо боль. Би явах юм бол миний араас та нар бүгдээрээ явна, эхний ээлжинд Засгийн газрынхан бүгдээрээ явна шүү гэж хэлсэн дуулдсан" гэжээ.

Гэтэл дээрх ярианаас нь "Манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах" гэснийг таслан авч, араас нь хотын дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг оруулж, Ардчилсан намыг ингэж хэллээ, тэд ялахгүйгээ мэдээд ирэх сонгуулиар луйвар хийхээ улайм цайм зарлалаа хэмээн цацжээ. Иймээс хэлсэн үгийг нь гуйвуулсан гэж үзэн, шүүхэд хандахаар болсон нь энэ аж.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment