2016/01/12

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2016.01.12.Мягмар гараг/ 14 цаг 48 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр цаг сунган хуралдаж 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрүүл ахуйн тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэн яаралтай хэлэлцэх дэгээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь 1 давхарагатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Дундаж наслалт нэмэгдэж нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Манай улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүй өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй байна. Ийм нөхцөлд 2013 оны 6 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлт байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас /2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг/, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгааг салбарын сайд илтгэлдээ дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Ж.Батзандан нар асуулт асууж санал хэлэв. Гишүүдийн зүгээс энэ хуулийн төслийг шуурхай шийдэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ хуулийн төслийг нухацтай эхнээс нь зөв хэлэлцээд явах нь зүйтэй. Хэдийгээр тэтгэврийн асуудал яригдаж байгаа ч цаанаа төсөв, мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх тул хуулийн төслийг зөвхөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцээд явах бус Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо зэрэг мэргэжлийн байнгын хороодоор давхар хэлэлцэхэд анхаарал хандуулах ёстой гэдгийг хэлж байсан юм. Бусад мэргэжлийн байнгын хороодын санал, дүгнэлтийг авч хэлэлцэнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо бол Улсын Их Хурлын нэг бүтэц. Тиймээс бусад мэргэжлийн байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсч, хамтран ажилласнаар энэ хуулийг батлан гаргах ёстой гэсэн байр суурин дээр байгааг Байнгын хорооны дарга хэлэв.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулав.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нарын тавьсан асуултад салбарын сайд болон ажлын хэсэг хариулт өгөв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг 92.9 хувийн саналаар дэмжив.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Мөн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулав. Хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар холбогдох хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, улмаар ажлын байрыг шинээр бий болгох, тогтвортой хадгалагдах боломж дээшилж, улмаар эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар асуулт асууж хариулт авав. 

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 92.9 хувийн саналаар дэмжлээ.

Ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Я.Содбаатар, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр нарыг баталлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment