2016/01/11

Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилахыг хүслээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболд болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хандан хүсэлт илгээжээ. Хүсэлтэд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх  бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна" гэжээ. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал дахь иргэдийн төлөөллийг шударгаар, хүн амын тоог нь харгалзан үзэж, тавья гэсэн саналыг Д.Баттулга дарга илэрхийлж байна. Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг юм.  

Өнгөрсөн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр нийслэлийн хүн ам нэг сая 200 мянга орчим байсан. Ийм үед Улсын их хуралд нэр дэвших нийт 48 мандатын 14 ийг нь  Улаанбаатар хотод хуваарилсан байжээ. Тодруулбал Хан-уул, Багахангай, Багануур дүүргийг нэгтгэн хоёр мандаттай тойрог, Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэн гурван мандаттай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол тус бүр хоёр, Сонгинохайрхан гурав гэхчлэн нийслэлд нийт 14 гишүүнийг тойргоос сонгож байсан юм.  Нийт сонгогчдын тал хувь нь нийслэлд оршин суудаг хэр нь тойргоос сонгогдогсдын 1/3-д хүрэхгүй байгаа нь тэгш бус хуваарилалт гэж судлаачид ч ярих болсон юм. Тиймээс ойролцоо түвшинд хуваарилахыг НИТХ-ын дарга хүсэж буй аж. Олон улсад ч сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүн амын тоог харгалзан үздэг хэмээн Д.Баттулга дарга тайлбарлалаа. Мөн Улсын их хурлын гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн саналыг сонсож, хуулийн төсөлдөө огт тусгадаггүйг тодотгосон юм. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment