2016/01/19

ОХУ-ын Буриад Улсын хязгаарлагдмал боломжтой хүүхдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдлын талаар тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 6 сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний хөндөгдөж байгаа эрхийг хамгаалах эрх зүйн орчныг улам илүү боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тус ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн гишүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 6 сургууль, цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор, Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг, Дархан хотын Энэрэл сургууль, Дархан хотын 7 дугаар цэцэрлэгийн удирдлагуудыг оролцуулан 2016 оны 1 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсын хязгаарлагдмал боломжтой хүүхдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.

Буриад Улсын Ардын Их Хурлын бага танхимд зохион байгуулагдсан дугуй ширээний ярилцлагын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээний талаар холбогдох байгууллагуудын туршлага, сургалтын хөтөлбөр, арга зүйн талаар илтгэл сонсож хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туршлагаа харилцан солилцлоо.

Мөн Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан нарыг Буриадын Ардын Их Хурлын дарга Церенов Даши Доржиев хүлээн авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын талаар болон Монгол, Орос Улсын хилийн боомтын тухай болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Цаашид Оросын Холбооны Улсын Буриад Улсын дээрх төрөлжсөн байгууллагын дэргэдэх зайн сургалтын төвийн туршлагаас судалж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, энэ чиглэлийн сургалтын байгууллагад нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж, улмаар Байнгын хороонд санал боловсруулан танилцуулахаар боллоо.


АЖЛЫН ХЭСЭГ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment