2016/01/11

Б.Болдбаатар: И.Дашням багшийн “Монгол Улсын төр эрхзүйн түүх” ном Б.Чимидийн шагнал хүртэж байгаа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатартай уулзаж ярилцлаа. 

-Бид 1992 нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Ямар ч байсан шатрын тэмцээн өндөрлөлөө. Өөр ямар арга хэмжээнүүд болох вэ?

-Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 24 жил болж байна. Үндсэн хуулийн өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд өмнө нь явагдаж ирсэн уламжлалт арга хэмжээнүүд явагдана. Тухайлбал, УИХ-ын даргын нэрэмжит шатар сонирхогчдын тэмцээн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Аймаг, дүүрэг, сумдаас шалгарсан шатарчид оюуны цэц булаалдлаа. Уг тэмцээнд түрүүлсэн хүн шатрын спортын мастер цол хүртэх учиртай байдаг. Тэмцээнд оролцогчдын рейтинг бодогдож олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн сайтад тавигддаг уламжлал бий болсон. УИХ-ын даргын зүгээс шатрыг оюуны спорт гэдэг утгаар нь хөгжүүлж хүүхэд, залуучууд, иргэдийг оюуны спортоор хичээллүүлэх зорилгоор анх санаачилсан.

Ойн баярын хүрээнд мөн Үндсэн хуулийн эхийг иргэд, олон түмэндээ үзүүлдэг юм. Төрийн түүхийн музейд гурав дахь удаагаа долоо хоногийн хугацаатайгаар үзэгчдийн хүртээл болно. Иргэдийн хувьд Үндсэн хуулийн эхийг ямар байдлаар хадгалдаг вэ гэдгийг харах сонирхолтой байдаг. Бусад орнуудын жишгийг харж байхад Үндсэн хуулиа олон нийтдээ үзүүлдэг уламжлал байдаг юм билээ. Бид үүнээс үлгэр авч Үндсэн хуулийн өдрөөрөө ард түмэндээ үзүүлдэг уламжлал тогтоод байна.

-Өмнөх УИХ-ын гишүүдийн зураг Төрийн ордонд байршихаар болсон гэв үү?

-Энэ жилийн Үндсэн хуулийн өдөрт зориулсан нэгэн шинэлэг зүйл хийж байгаа нь үе үеийн УИХ-ын гишүүдийн зураг буюу монтажийг Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр байршуулахаар болсон. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан хугацааны бүхий л гишүүдийн зургийг Төрийн ордны хоёрдугаар давхарт байршуулна. Бид ямар хүмүүсийг сонгож байсан юм. Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэхэд ямар хүмүүс оролцож байсан бэ гэдгийг нийт сонгогчид мэддэг байх ёстой. Төрийн ордон иргэд сонгогчдод нээлттэй байдаг гэдэг утгаараа иргэд ордны үйл ажиллагаатай танилцдаг. Иргэдийг Төрийн ордонтой танилцах явцад үзэж харах чухал зүйлийн нэг болно гэж үзэж байгаа. Төрийн ордны хананд өмнөх гишүүдийн зургийг хөрөг болгон байршуулснаар тухайн хүмүүстээ ч гэсэн таатай байх болов уу гэсэн бодолтой байна. Монголын төр нэгэн цаг үед хүч хөдөлмөр, оюун санаагаа зориулж явсан хүмүүсээ марталгүй дурсаж явдаг юм шүү гэдгийн нэгээхэн илэрхийлэл болох учиртай.

Энэ ойн хүрээнд мөн Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналыг гардуулна. Ноднин хамгийн анхны шагналыг Д.Лүндээжанцан гишүүний бүтээл хүртэж байсан. Монгол Улсад хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэхэд судалгаа, шинжилгээн дээр суурилсан, парламентат буюу Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг эрдэмтэн, судлаачдыг урамшуулах үүднээс уг шагналыг бий болгосон. Энэ шагналын онцлог нь хүнд нь биш бүтээлд нь өгдөг. Их дээд сургууль, ТББ, эрдэм шинжилгээний байгууллагууд уг бүтээлд нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг.

-Энэ жил хичнээн бүтээл өрсөлдөж байна вэ. Хэрхэн шалгаруулах юм?

-Энэ жилийн хувьд дөрвөн бүтээл сонгогдон ирснээс нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн комисс ажиллаад хоёр бүтээлийг шалгаруулсан. Б.Чимидийн нэрэмжит шагналын журам гэж бий. Журмын дагуу эхлээд өмнөх оных нь арванхоёрдугаар сарын нэгний дотор дээр хэлсэн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ТББ-ууд бүтээлийг нэр дэвшүүлэн ирүүлнэ. Ингэсний дараа тусгай комисс ажиллаад гурав хүртэл бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулдаг бол энэ жилийн хувьд хоёр бүтээлийг шалгаруулсан. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням багшийн "Монгол Улсын төр эрхзүйн түүх" номын тэргүүн болон дэд боть, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл багшийн "Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг" бүтээлүүд шалгараад байна. Журмаараа энэ хоёр бүтээлийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл авч хэлэлцээд аль бүтээлд нь шагнал олгох вэ гэдэг шийдвэрээ гаргасан. И.Дашням багшийн бүтээл нь манай тооллын өмнөх гуравдугаар зуунаас эхлээд одоог хүртэлх түүхийг багтаасан судалгааны бүтээл байсан. Монголын төр ямар эртний баялаг уламжлалтай вэ гэдгийг харуулсан томоохон цогц бүтээл болсон байдаг. Уг бүтээл ноднин нэр дэвшсэн ч шагнал авч чадаагүй. Дараагийн бүтээл нь академич С.Нарангэрэл багшийн "Монголын эрхзүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг" бол дөрөв дэх удаагаа хэвлэгдэн гарч байгаа. Хуульч, эрхзүй судлаачдад хамгийн хэрэгтэй толь бичиг гэдэг. Хууль зүй гэдэг бол нэр томьёотой салшгүй холбоотой байдаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд И.Дашням багшийн "Монгол Улсын төр эрхзүйн түүх" бүтээлийг Б.Чимидийн нэрэмжит шагналаар шагнахаар болсон. Нэгдүгээр сарын 13-ны өдөр уг шагналыг гардуулна. Энэ өдөр мөн уламжлал болсон Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Түүнчлэн Үндсэн хууль тогтоогчид уулзах юм. Мөн Үндсэн хууль тогтоогч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох учиртай.

Э.ЭНХ

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment