2016/01/13

Ипотекийн зээл үргэлжлүүлэх төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 96.8 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг хүлээн "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж заасан юм.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Уянга "Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахад хүүтэй нь хамт үндсэн төлбөрөө төлсөн бол дараагийн жилээс үндсэн төлбөр нь хасагдах ёстой. Ингэхгүй байна гэж иргэд гомдол гаргах юм. Зээлээ төлж чадахгүй болсон нөхцөлд яагаад өмчлөгч нь өөрөө орон сууцаа зарж болдоггүй юм бэ. Цалин зээлийн хүү хоёр ямар ч уялдаа алга. Ипотекийн зээлийн хүү манайд өндөр, хөгжингүй оронд 3 хувь байгаа. Зарж борлуулах эрхийг өмчлөгчид өгөх нь зөв. Бүх үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор банк эзэмшээд худалдан борлуулах давуу эрх эдлээд явж байгаа нь буруу. Банкууд мөнгөн хөрөнгө татахын тулд юм юм санал болгож байна" гэв.

Монголбанкны холбогдох албан тушаалтны тайлбараар бол зээлийн хүү болон үндсэн төлбөрийн графикийг төв банкны ерөнхийлөгчөөс гаргасан журмаар баталсан. Олон улсын зарчмыг баримтлан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр багасахаар дагаад багасдаг эурам аж. Энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд зөрчилдөөн үүссэн, шүүхээс маргаан шийдвэрлэсэн асуудал байхгүй аж.

Харин санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ипотекийн зээл бол олон нийтэд хүрсэн чухал ажил. Цэц зарим нөхдийн захиалгаар хүчингүй болгочихсон. Ц.Нямдоржийн хүсэлтээр. Энийгээ өөрөө зарласан. Харамсалтай зүйл. Яагаад ийм юм болоод байгаа юм бэ аль нэг хүний захиалгаар ажилладаг болсон. 8 хувийн зээлийг зогсоохгүй бол Ардчилсан намд өндөр санал авчихна гэдэг байдлаар зогсоосонд харамсч байна.

Инфляци нэгэнт буурсан үед хүүг бууруулна гэдэг зөв. Хүү буурсан нөхцөлд сард төлөх зээлийн хэмжээ буурна. Илүү олон хүн байртай болно. Эсэргүүцэж байгаа нам байгаа гэдэгт итгэхгүй байна. Төсвөөс хүүгийн зөрүүг нь өгдөг байсан, ипотекийн зээлийн хүү 6 хувь байхад. Одоо зөрүүг олгодоггүй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Иргэдээ орон сууцаар хангах нь төрийн бодлого. Үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Зөв үр дүнг хуулийн хүрээнд хийх ёстой. Зөв үр дүнд хүрнэ гээд хууль гишгэж болохгүй. Хэн нэгэн рүү дайрах зүйл биш. Цэц шийдвэрээ гаргасан, УИХ тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Ард түмэн ойлгож байгаа, хэн нь үндэслэлгүй ярьж, хэн нь захиалга өгч зогсоосон энэ бүхнийг мэднэ. Буруу аргаар хийвэл эдийн засгийн хохиролтой. С.Батболдын Засгийн газрын үед тодорхой хүүний зөрүү гаргаад шийдэж байсан. Ардчилсан нам энэ асуудлыг шийдэхдээ 1300-тай байсан долларын ханшийг 2000 болгосон. Одоо 8 хувийг 5 хувь болгох бол зөрүүг нь хаанаас хийх вэ. Ардчилсан намын дотоод зөрчил хоёр сар 8 хувийн зээл авах эрхийг нь хаалаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Банк санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байгаад дараагийн гарах үр дагаврыг нь судлах олон юм бий. Ипотекийн зээлийг Ардын нам 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд анх хэрэгжүүлээд явсан. Ардын намынхны захиалгаар Цэц шийдвэр гаргаж, 8 хувийн ипотекийн зээлийг зогсоосон гэдэг бол гүтгэлэг.

УИХ-ын дарга З.Энхболд: Банк бол өөрийнхөө эрсдлийг тооцно. Ц.Нямдорж гишүүн халаасаа шалгуулаарай, Цэц байна уу, үгүй юу шалгана. Одоо 18 мянган байр эзнээ хүлээж байна. Хууль батлагдангуут зээл хүссэн иргэд байртай болно.

МАН-ын зохиосон ипотекийн зээлээр явж үзсэн 400 -хан айл орон сууцтай болсон. Ардчилсан намын зохиосон ипотекоор 76 мянган иргэн орон сууцтай болсон. Ялгаа бий шүү гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үүрэг хүлээлээ. Мөн УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар болов.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment