2016/01/18

Суманд сонгууль хийхгүй юм уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Энэ төслийг уншихаар Америк маягийн тогтолцоог хуулсан юм шиг харагдаад байх юм. Намууд үзэл бодлын өрсөлдөөнтэй байх ёстой гэж заасан нь зөв. Гэхдээ нам орон нутагт намын байгууллагатай байж, тэнд юу болж буйг мэдэх ёстой атал 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулж болохгүй гэхээр яана гэсэн үг вэ?.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Намын их хурал 90 гишүүнтэй байна гэж, байнга хуралддаг 90 хүн байх юм уу. Нам гэж заавал бичнэ гэх хэрэг байгаа юм уу. 3001 гэдэг тоо яаж гарсан юм. Энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн хууль зөрчинө гэж гишүүдийн асуугаад байгаа нь зөв, гарцаагүй маргаан үүсгэхээр байна. Тоогоор шалгуур болгосон нь ямар учиртай вэ. Хоёр сан байгуулахыг хуульчлах нь, сангийн хөрөнгийг хэн зарцуулах вэ гэдэг тодорхойгүй байна.

Одон булаацалдаж байгаа нь буруу. Гэхдээ нам шагналгүй байна гэж хориглож байгаа нь ямар учиртай вэ. АН, МАН-д хоёуланд нь эмэгтэйчүүдийн байгууллагууд бий, энэ татан буугдах юм уу. Соёмбо туг далбаан дээр байгаа юмыг авч болохгүй гэж. Хүрд, чандмань эрдэнэ зэргийг авч болохгүй юм уу. Тэр намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж сонгогдчихоод дараа нь өөр намд элсэж байгаа. Энийг ёстой энэ хуулиар зохицуулдаггүй юм уу. Гурван хүнтэй гүйцэтгэх байгууллага байж болно, маргаан таслах байгууллагатай байж болно гэжээ. Детальчлах ямар хэрэг байсан юм бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Намын их хурал 90-ээс доошгүй гэж заасан. Намын дэргэдэх төрийн бус байгууллага гэдэг нь өөр институци юм. Ийм байгууллагыг намын дэргэдэх төрийн бус байгууллага гэж харах нь буруу. Төрийн бус байгууллага нь аль нэг намын харьяаны биш, Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн зарчим барьсан. Төрийн шагналтай давхардаж болохгүй гэдгийг нарийн тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг: Нам төрийн шагналтай адил нэртэй шагнал, одонтой байхыг хориглосноос бусад шагнал байхыг хориглоогүй. Энэ хуулиар зарим зохицуулалтыг детальчилсан нь сүүлийн 25 жил улс төрийн намуудын амьдралд гарч байгаа асуудлыг шийдэх зорилготойгоор нарийвчилсан зүйлүүд бий. Хурлаа яаж хийх зэргийг деталчилсан.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 3001-ээс доош хүн амтай суманд салбар нэгж байгуулахыг хориглох нь. Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг сонгох сонгуулийг ийм суманд хийхгүй юм уу. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь ИТХ-ын төлөөлөгчөөс бүрддэг.

Намын дэргэд төрийн бус байгууллага байгуулж болохгүй нь. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон өчигдөр тэргүүнээ сонгох гэж шөнөжин юм болсон биздээ. С.Одонтуяа гишүүн ээ та хэдхэн хоногийн настай эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болох гэж шөнөжин нервээ барах ямар хэрэг байсан юм бэ?.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: 3001 гэдэг бол Үндсэн хуульд байгаа эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа юм биш. Орон нутгийн өөрөө удирдах ёс сонгууль явуулахгүй юм шиг ойлгоод байна, буруу. Орон нутгийн өөрөө удирдах ёс бие даасан байх ёстой.

Намын дэргэдэх байгууллага нь бие даасан төрийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Төрийн бус байгууллага байх бол хуульд заасан хүрээнд үйл ажиллагаа явуулна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Энэ хуулийг дэмжиж байгаа, хурдан батлах хэрэгтэй. Сонгуулийн хуулиас илүү энэ хууль чухал. Хариуцлага төлөвшил маш чухал байгаа. Сонгуулийн насны сонгогчийн тоотой намын гишүүүдийн тоог харьцуулахаар бараг адил шахуу байдаг. Маш муу үзүүлэлт. Энэ хууль батлагдсанаар хэтэрхий намчирхалт эрээ цээргүй улстөржилт байхгүй болно.

Намд хуулиар заасан хэмжээнээс хэтрүүлсэн хандив өгөх, эх үүсвэр нь мэдэгдэхгүй хандив орж ирвэл ямар хариуцлага тооцох вэ. Төв банкны гадаад валютын нөөц дууссан гэдэг ч юм уу сенсаци дэгдээвэл ямар хариуцлага тооцох вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг: Судлаачдаар дамжуулаад санхүүгийн нөлөөллийг судлуулж үзсэн. Хууль батлагдсан нөхцөлд төрөөс болон төсвөөс авч байгаа санхүүжилт одоогийн төвшнөөс буурна. Сонгуулийн ерөний хорооны дэргэд данс байршуулна. Нам нэг л данстай байна.

Гишүүнчлэлийн бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хийх учраас бодитой тоо гарна гэж үзэж байна. Шинээр гишүүн элссэн юм уу, гарсан тохиолдолд нам нь бүртгээд Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. Тийм учраас илүү бодитой тоо гарна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Үл хөдлөх эд хөрөнгөө түрээсэлсний орлого нь татвар хандивын 10 хувийн хэмжээнээс хэтрэхгүй. Залуучууд дэмжигч клуб гэдэг юм байж болно. Бие даасан байж болохгүй.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment