2016/01/18

Эмнэлгүүдийн санхүү хүнд байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны дарга болоод удаагүй. Түүний хамгийн түрүүнд барьж авч байгаа асуудал бол эрүүл мэндийн салбар аж. Тиймээс улсын гэх тодотголтой эмнэлгийн удирдлагуудыг өнөөдөр Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт нь гурван зорилготой. Нэгдүгээрт, УИХ-аар хэлэлцэгдэх Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд санал авах, хоёрдугаарт, эмнэлгүүдийн ТУЗ-ыг сонгох асуудалд ямар санал байна вэ, эмнэлгээс хэдэн хүн байх, гаднаас хэдэн хүн байх, талуудын оролцоо нь ямар байх гэх мэт асуудалд тодорхой санал тусгуулахад энэхүү уулзалт чиглэгдэж байна. Гуравдугаарт, санхүү хүний нөөцийн асуудлыг эмнэлэг өөрөө бие даан шийдвэрлэх сонирхолтой байна уу, үгүй юу гэдгийг мэдэхээр өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаагаа уулзалтын эхэнд онцолсон.

Ингээд эмнэлгийн удирдлагууд саналаа хэллээ. Тэд санхүүгийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгааг онцолсон юм. Учир нь улсын төсвөөс тусгасан хөрөнгийн 40-50 хувьд цалин тараадаг. Үлдсэн төсвийг эм, эмнэлгийн хэрэгсэл, урсгал засвар бусад асуудалд зарцуулдаг. Гэтэл энэ нь хүрэлцэхгүй байгааг анхааруулсан юм. Урсгал засвар хийгээд 200 мянган төгрөг дутхад гаргаад өгөх чадалгүй байгаагаа эмнэлгийн удирдлагууд учирлаж байлаа. Тиймээс санхүүжилтийг нэмэгдүүлэх, захиран зарцуулах эрхийг тодорхой болгож өгөхийг хүссэн юм.

Хоёрдугаар асуудлын хувьд эмнэлэг тус бүр ТУЗ-ийн есөн гишүүнтэй байдаг. Үүний гурван гишүүн нь төрийн байгууллагын төлөөлөл, гурван гишүүн нь тухайн байгууллагын төлөөлөл, нөгөө гурав нь ТББ болон олон нийтийн төлөөлөл байдаг. Энэ хэвээр цааш үргэлжлээд явах нь зүйтэй гэдэгт эмнэлгийн удирдлагууд санал нэгдэж байлаа. Гуравдугаар асуудал буюу Санхүү хүний нөөцийн асуудлыг эмнэлэг өөрөө бие даан шийдвэрлэх сонирхолтой байна гэж санал нэгтэйгээр хэлсэн юм. Хүний нөөц, санхүүгийн асуудлыг тухайн эмнэлэгт өгснөөр тусламж үйлчилгээ чанартай болно гэж үзсэн юм.

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан эмнэлгийн уридлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаас гарсан санал санаачлагыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment