2016/01/14

Тэтгэврийн сангийн эх үүсвэр юу байх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 78 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын танилцуулснаар бол өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь 1 давхарагатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл үүсэхээр байгаа аж. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Дундаж наслалт нэмэгдэж нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болох судалгаа гарч буй юм байна. Монгол Улсын хувьд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хүн ам зүй өсөн нэмэгдэж буй насжилтад бэлтгэх, хуримтлал үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын санг бий болгох шаардлага үүссэн боловч улсын төсвөөс болон хувийн хэвшлийн зүгээс шинээр хөрөнгө гаргах, одоогийн шимтгэл, хураамжийг шууд нэмэгдүүлэх боломжгүй аж. Ийм нөхцөлд 2013 оны  зургадугаар сараас эхлэн амжилттай хэрэгжиж буй орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд бий болсон Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 1.8 их наяд төгрөгийн үнэт цаас /2016 оны эцэст 2.5 их наяд төгрөг/, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийг шаардах эрх болон хувийн хэвшлийн хуримтлалыг дэмждэг энэ механизм, тогтолцоог ирээдүйн тэтгэврийн санд шилжүүлэн авах, цаашид уг тогтолцоо урт хугацаандаа үр ашигтай ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо. Мөн Ирээдүйн тэтгэврийн санд жилдээ 250 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн орлого төвлөрөх аж. Цаашдаа сангийн орлого өсөх тооцоо гарчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг иргэдийн тоо нэмэгдсэн ч хүрээ нь тэлээгүй байна. Малчдаас 9-10 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Малчдыг НДШ-ээ төлөх боломжийг нь нэг удаагийн хуулиар шийдэж өгье гэсэн төсөл өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл шийдсэнгүй. Малчдаа тэтгэвэрт гарах нөхцлийг хангаад насыг нь урагшлуулж 55-аар тогтооё гэсэн одоо хэр нь ярихгүй байна. Хэрвээ 250 мянган малчин НДШ-ээ төлдөг болбол Нийгмийн даатгалын сангийн бааз суурийг нэмэгдүүлнэ.  Гэтэл малчид НДШ-ээ сар бүр төлөх боломжгүй байгаа. Өвөл идэш хийсний дараа, ноос ноолуураа тушаасных нь дараа жилд 2 удаа НДШ-ээ нөхөөд төлчихдөг байхаар асуудлыг цогцоор оруулаад ирээч.

Сангийн хөрөнгийг яаж захиран зарцуулах асуудал нь хамтын хяналттай явах нь зөв байх. Эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ. Гурван жил ярилаа. Хэлэлцэх эсэх асуудал нь байнгын хороогоор дэмжлэг авсан. Мал аж ахуйн салбар Монголыг авч явж байгаа, эдгээр асуудлыг УИХ шийдчихвэл ирээдүйн малчдын залуу халааг тасралтгүй бэлтгэх суурь болно. Залуучуудыг мал аж ахуйн салбарт татаж оруулахын тулд төр чамд ийм дэмжлэг үзүүлнэ гэдэг хандлагыг хуульчлаад өгчихвөл нийгмийн баталгаа нь цогцоороо шийдвэрлэгдэнэ.

Сайд С.Эрдэнэ: Малчдын НДШ-ээ төлөхтэй холбоотой хөнгөлөлттэй хуулийг баталсан. Шимтгэлээ улирлаар төлөх боломж олгосон хууль хэрэгжээд жил болж байна. Ноос ноолуур, мах бэлтгэх үеэр шимтгэлээ төлөх боломжтой. Хувираа хөдөлмөр эрхлэгчид ч ийм боломж байгаа.

Тэтгэврийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох тухай хууль батлагдсан. Нийгмийн хамгааллын тухай хуульд малчдын нийгмийн даатгал дээр өөрчлөлт оруулахаар судалгааны ажил хийгдэж байна. Малчдын тэтгэврийн насыг бууруулах нь эрсдэлтэй. Дэлхий нийтийн чиг хандлага нь хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа үед насыг бууруулах нь эсрэг явах үйлдэл гэж харж байгаа. Малчдын хөдөлмөрийн онцлог гээд олон зүйл дээр судалгаа хийсний үндсэн дээр авч үзэх шаардлага бий. Цэргийнхэн тэтгэвэртээ эрт гардагтай адилхан малчны хөдөлмөрийн онцлогийг судалж тодорхой дүгнэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гарагхгүй бол "Малчин" гэж хэнийг хэлэх юм, малаа хүнээр маллуулчихаад өөрөө хотод амьдардаг иргэд олон бий. Ийм хүнийг малчин гэх үү гээд асуудлууд бий.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: 3.4 их наяд төгрөг гаргаж 75 мянган айлыг орон сууцтай болгож. 8 хувийг 5 хувь болгоно, эдийн засгийн сайн тооцоо хийхгүйгээр амлалт өгөх нь макро эдийн засагт хор авчирна. Эдийн засагч нарын мэргэжилтнүүдийн тооцооллыг сайн хийх. Инфляци буурсан учраас 5 хувь болгох боломж бүрдлээ гэлээ. Малчны, тэтгэврийн, цалингийн зээл бүгд буурах ёстой. Ийм боломж байна уу. Банкны хүүгийн зөрүүг олгоход хэдий хэмжээний мөнгө болох вэ. Эх үүсвэр байна уу. Хэвлэж гаргах гээд байна уу. Эргэлтээр 28 тэрбум орж ирнэ гэнэ.

Сайд С.Эрдэнэ: 10 гаруй их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг шийдэх ёстой. Монголын төр байршуулах даатгуулагчдад олгох ёстой мөнгөнийхөө тодорхой хувийг олгох ажил хийгдэж байна. Бүгд тэтгэвэрт гарна, өнөөдрийн төдийгүй ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн эрх ашиг энэ хуулиар хангагдана.

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Б.Болд: Банкны системийн хэмжээнд дундаж хүүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд олон. Маш олон жилийн турш асар өндөр инфляцитай явж ирсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд инфляци 14-2.9 хувь болж буурсан. Зээлийн хүү буурахын тулд эдийн засгийн эрсдэл буурах ёстой. Эх үүсвэрийн өртөг нь бага байх учиртай. Гадаад тэнцвэр хангагдах боломжтой орчин руугаа орж ирсэн.

Нөгөө талаас банкны системийн зээлийн өртөгт барьцаа хөрөнгөтэй холбоотой орчин чухал.

Сангийн хөрөнгө орлогын эх үүсвэр Монголбанкнаас шилжүүлсэн 1.8 их наядын бонд. Өмнөх хугацаанд олгосон 650 тэрбум төгрөгийн актив хөрөнгө шилжинэ.

Энэ хөрөнгөөс шинээр ипотекийн зээл олгоно. Харин ямар шалгуураар ипотекийн зээл олгох вэ гэдэг журмаа Засгийн газар батална. Жил бүр 250 тэрбумаар сангийн орлого бүрдэнэ. Ипотекийн зээлээр барьцаалсан актив хөрөнгөө барьцаалж зээл авч болно.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Эрэл хайгуул хийж, хуримтлал яаж бий болгох вэ, шилжүүлэх вэ гэдэг том бодлогын асуудлыг шийдчих гарц юм уу гэж харж байна. Монголбанкнаас 2 их наяд төгрөгтэй дүйх үнэт цаасыг өгч байна гэдэг Засгийн газрын даатгуулагчид өгөх ёстой өр байдаг болов уу. Энэ өр хаагдана. Санд жил бүр улсын төсвөөс 50-100 тэрбум төгрөг шилжүүлж, бүрдүүл гэдэг шийдвэрийг УИХ 2009 онд гаргаж байсан санагдана.  Энийг анхаараарай. Дээр нь тооцоог нь сайн хийх хэрэгтэй. Хүний хөгжил санг байгуултал хамаагүй зараад 1 их наяд төгрөгийн алдагдал гарсан. Тийм юм болох вий, алдагдалтай болох вий гэдэг эргэлзээтэй юм харагдаж байна. Төслийг Дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дэмжиж байгаа. Хэн нэг эрх баригч намд наалдаад явчихгүй байх гэж найдъя. Ач холбогдол өгч хандаасай. Зээлийн хүүг бууруулах бололцоотой инфляци буурсан гэлээ. 2016 оны Мөнгөний бодлогыг баталж байхад Ц.Нямдорж нарын гишүүд зээлийн хүүг буулгаач ээ гэсэн, төв банкны ерөнхийлөгч боломжгүй гэсэн. Одоо харин бүх төрлийн зээлийг буулгах боломжтой гэлээ. Ингэж ялгавартай хандахаа боль. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой. МАН тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч ээ, 600 гаруй тэрбум төгрөг чинь бага хүүтэй банкууд дээр байршиж байна гэдэг асуудлыг тавьж ирсэн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хамтад нь шийдье. Ардын намынхны санаачилсан төсөл гэхээр л саатдаг. Олон асуудал тавихаар хэлэлцдэггүй. Тийм болохоор зөв бодлогоо Ардын нам, Ардчилсан нам гэж алагчлахгүй ханддаг байгаач ээ. 17 мянган өрхөд ипотекийн зээл шинээр олгох бололцоо бүрдэнэ гэж байна. Зохиомлоор эрэлт бий болно, энэ хэмжээгээр орон сууцны үнэ буурах бололцоо хаагдах нь. Үүнд анхаарахгүй бол АНУ-д үүссэн шиг хямрал болохгүй гэх баталгаагүй.

2006 онд ипотекийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй хэрэгжүүлж байсан, 20 мянган айл өрх хамрагдсан, одоо 70 мянга гаруй болсон. Том бодлого дотроо оруулах ёстойгоо оруулаад зориг гаргаж хийж байгаа гэдгээ гишүүд ойлгох ёстой.

Ийнхүү эл төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Эл асуудлыг маргаашийн чуулганаар хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment