2016/01/17

Өрсөлдөгчдийн өөр өнцөг

Ардчилсан намын эмэгтэйчүүд өнөөдөр холбооныхоо тэргүүнийг сонгоно. Өнгөрсөн пүрэв гаригт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Л.Нармандах, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нарын 10 хүн батламжаа гардан авсан юм.

Эдгээр эмэгтэйчүүдээс АЭХ-ны тэргүүнээр хэн сонгогдоно, тэр хүн парламентын сонгуулиар жагсаалтад багтах шууд эрхтэй болно гэсэн үг. Тиймээс АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчтэй явагдаж, зарим хүмүүс дээрээс өгсөн "тушаал"-ын дагуу нэрээ татан авсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож эхэллээ.

Энэ удаагийн АЭХ-ны тэргүүний  төлөөх марафонд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяа, "Автобус 1" компанийн захирал Г.Одонтунгалаг нар тунаж үлдэн бусад нь нэрээ татаж авсан бололтой.

С.Одонтуяа нь "Шонхор" фракцынх бөгөөд Ардчилсан намын бүлгийн дэд даргаар ажилладаг. Тиймээс нэг хүн гурван давхар "дээл" өмсөх нь зохимжгүй гэж Ардчилсан намын эмэгтэйчүүд үзэж байгаа аж. Парламентын сонгууль хаяанд тулсан үед эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг цалгардуулахгүйн тулд УИХ-ын гишүүнэ хүнийг сонгох нь зохимжтой биш хувилбар гэж  үзэх нэгэн байхад түүнийг  АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг Ц.Оюунгэрэлийн дайтай авч явж чадахгүй гэж дүгнэх  хүн цөөнгүй байна.

АЭХ-ны тэргүүнээр сонгогдохоор багагүй хүчин зүтгэл гаргаж байгаа  дараагийн хүн бол Г.Ургамалцэцэг.  БСШУ-ны дэд сайдаас цомхотголоор чөлөөлөгдсөний дараа Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон.  Хэдийгээр намдаа олон жил ажилласан ч төрийн албанд ажилласан туршлага багатай гэж өөлөх хүмүүс бас  цөөнгүй. Дэд сайд байхдаа ажилтан руугаа халуун ус цацсан хэргээр шүүх цагдаадаа тулж байсан хар бараан дурсамж түүнд бий. Алтангадас фракцад харьяалагддаг. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны архаг гишүүд нь түүнд  тийм ч талтай хандахгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд хүртэл илэрхийлээд авна билээ. Түүнийг намын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлбол хов, хороос салахгүй гэж үзэх хүмүүс ч АН-д цөөнгүй.

И.Нарантуяа нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байгаад шины оны өмнөхөн сонгуульд өрсөлдөх зорилготойгоор ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийгөө хамгийн их Пи-Ардсан гэж хэлж болно. Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллахдаа  хцүүхдийн эрхийг хамгаалах тал дээр олигтой ажил хийгээгүй гэсэн шүүмжлэлийг нэг бус удаа сонсч явсан. Тиймээс ч түүнийг Ардчилсан эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлохоор зүтгэж байгаа нь жагсаалтаар УИХ-д гарах гэсэн нэг л зорилготой хэмээн дүгнэх хүмүүс байна.

Ц.Одонтуяа нь "Нэг ардчилал"-ынх гэгддэг.  НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг.

Цалинг хөлсөө голсон автобусны жолооч кондукторуудын нэг бус удаагийн эсэргүүцэлтэй тулж явсан. Хамгийн хэл амтай  салбарт ажиллаж, эмэгтэй хүний ухаанаар асуудлыг зохицуулсан нь түүнийг Бат-Үүлийн хүн гэж хардахад хүргэсэн.  Нийтийн тээврийн шинэчлэл бол Нийслэлийн АН-ын хийсэн том ажлуудын нэг. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсоны хувьд АН-ын хотын баг түүнд ам сайтай ч хэт эршүүд байдал,  шударга зангаасаа болоод зарим хүний дургүйг хүргэдэг гэж намынхан нь дүгнэдэг. Түүний ард Э.Бат-Үүлийн хотын баг болон "Нэг ардчилал"-ынхан байгаа гэж гэхээр нэлээд том дэмжлэгтэйгээр өрсөлдөж байж болох магадлалтай.

АЭХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр батламж гардсан нэр бүхий 10 хүнээс хамгийн best сонголт нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа байлаа.  Хэдийгээр түүнийг "Шонхор"-ын З.Энхболдын хүн гэгддэг ч түүний хувьд ямар нэгэн фракц гэж амбицлаад байдаг төлөв даруу, хөдөлмөрч гэж намынхан нь дүгнэдэг юм билээ. Мөн маш санй эдийн засагч гэдгийг нь эдийн засгийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч, чухам ямар шалтгаанаар нэрээ татсаныг мэдэхгүй ч түүний нэрээ татахыг тушаасан гэх "бор шувуу" ч нисч байна. Тэрбээр, шинэ оны өмнөхөн СЗХ-ны даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Түүнийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог хамгийн чадварлаг удирдаж явах хүний нэгээр тодруулж байсан юм. Түүнийг нэрээ татсан нь олон хүнийг гонсойлгож байгаа.

Мөн Д.Цэрэнчимэгийг дажгүй хувилбар гэж үнэлэх хүмүүс байдаг. Дорнод аймгийн АН-ын даргаар ажиллаж явсан түүнийг дэд сайдаар тодруулж явсан удаатай.  Азгүй нь Шийдлийн засаг дэд сайдгүй ажиллахаар шийдсэнээс болоод дэд сайд болж чадаагүй.  АН-ын ҮЗХ-ны гишүүн, ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүдийн нэг, эдийн засагч мэргэжилтэй, улс төр, нийгмийн ажлын олон жилийн туршлагатай гэдгээрээ АЭХ-г аваад явж чадна гэсэн итгэлийг АН-ын эмэгтэйчүүд өгч байсан. Гэвч мөн л тодорхой шалтгаангүйгээр нэрээ татахад хүрсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэрээ татах болсныг жагсаалтад нэрийг нь бичнэ гэсэн тохироог АН-ын удирдлагуудтай хийсэн байх гэж хардах хүмүүс байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны төлөөх өнөөдрийн сонгуульд ялсан эрхэм жагсаадлтад бичигдэх эрхээ халаасалчихлаа л гэсэн үг

Т.ИРМҮҮН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment