2016/01/10

Нийслэлийн мандатыг нэмэгдүүлье

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболд болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хандан хүсэлт илгээжээ. Хүсэлтэд "Сонгуулийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн 11.1-д сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчмуудыг тус тус баримтлахаар хуульчилсан.

Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг.

Иймд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна" гэсэн байна.

Өмнөх УИХ-ын сонгуулиар гэхэд Хан-уул, Багахангай, Багануур дүүргийг нэгтгэн хоёр мандаттай тойрог, Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэн гурван мандаттай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол тус бүр хоёр, Сонгинохайрхан гурав гэхчлэн нийслэлд нийт 14 гишүүнийг тойргоос сонгож байсан юм.

Гэтэл хүн амаараа нийслэлийн дундаж дүүргээс бараг хоёр дахин бага сонгогчтой аймаг ижил тооны мандаттай байсан нь сонгогчдын тоог үл харгалзсан явдал болж, тэднийг төлөөлөх төлөөллийн хувьд шударга бус харьцаатай байсан юм.

Нийт сонгогчдын тал хувь нь нийслэлд оршин суудаг хэрнээ тойргоос сонгогдогсдын 1/3-д хүрэхгүй байгаа нь тэгш бус хуваарилалт гэж судлаачид ч ярих болсон юм. Тиймээс ойролцоо түвшинд хуваарилахыг НИТХ-ын дарга хүсэж буй аж.

Харин шинээр батласан Сонгуулийн тухай хуульд энэ талаар яг хэрхэн тусгасан нь одоог хүртэл тодорхой байгаа юм. Парламентын дийлэнх олонх нь хөдөө, орон нутгаас сонгогдогсдоос бүрдсэнээр нийслэлийн иргэдийн эрх ашгийг төлөөлөх төлөөлөл хомс, төсвийн хөрөнгө оруулалт голдуу хөдөө, орон нутаг руу чиглэдэг. Ингэснээр хэрэгцээтэй газраа хөрөнгө оруулалт хүрдэггүй. Нийслэлийн захын дүүргийн сургуулиуд гэхэд гурван ээлжээр нэг ангид 40-45 хүүхэдтэй хичээллэдэг бол хөдөөд нэг ангид 5-10 хүүхэд суралцдаг бодит жишээ бий.

Тиймээс нийслэлийн сонгогчдын эрх ашгийг парламентад хамгаалах төлөөлөгчид цөөдөж байна гэх үндэслэл бий.

Л.ХАЛИУ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment