2016/02/06

Д.Хархүү: МоАХ-г удирдаж чадахгүй байна

Монголын Ардчилсан холбоог тойрсон асуудлаар "Ардчилсан Хувьсгалыг Анхдагчдын Зөвлөл" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хархүүтэй ярилцлаа.

-Та МоАХ-ны анхны гишүүдийн нэг, МоАХ-ны үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандах явдал сүүлийн үед их гарах боллоо.Та үүнийг юу гэж харж байна?

-Хүмүүс МоАХ байгаа байхгүй тухай ярих боллоо. Надаас асуувал би "Байхгүй" л гэнэ. МоАХ гэдэг нэрийг Монголд анх удаа үүсгэн байгуулсан байгууллагадаа өгч байсан МоАХ-ны анхны  гишүүний нэг миний хувьд энэ үгийг хэлсний дараа санаа алддаг.Харамсчбайгаадаа тэр. Цагаан байр нь байна, тамгатай дарга нь байхад МоАХ байхгүй гэж хэллээ гэж маргах хүн  байгаа байх.Үйл ажиллагаа байхгүй болохоор л би байхгүй гэж боддог.

-Та МоАХ-ны идэвхтэй гишүүн үү. Нөлөөтэй гишүүн үү?

-Бөөн идэвхибайсан.Байгууллагын дарга, Хотын АДХ-ын депутат байх үедээ ажил албан тушаалаа золиосолж Ардчилсан хувьсгалд зүтгэсэн.Итгэл маань зүтгэл болсон хэрэг.МоАХ-ны бүх Их хуралд оролцож зарим хурлын баримт бичгийг боловсруулалцаж байсан, Жаахан түүх ярья л даа. МоАХ1990 онд анхдугаар,1992 онд хоёрдугаар,2006 онд гуравдугаар,2009 онд дөрөвдүгээр Их хурлуудаа хийсэн байдаг.Анхдугаар Их хурлаас Социализмыг өөрчлөн сайжруулах, Хоёрдугаар Их хурлаар Социализм ба капитализмаас ангид Иргэний нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд МоАХ-ны үзэл баримтлал, Гуравдугаар Их хурлаар МоАХ-г улс төрийн хөдөлгөөний хэлбэрээс төрийн бус байгууллага болгох. Дөрөвдүгээр Их хурлаар, "Улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн цэгнэж, ардчиллыг бэхжүүлэх,үнэт зүйлсийг нь хамгаалан хөгжүүлэхэд МоАХ-ны цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага,стратеги тактикийн асуудал"  зэргийг хэлэлцсэн байдаг.3,4-р их хурлууд зүгээр л шоу болоод өнгөрсөн.

Эдгээр хурлуудын завсар хооронд МоАХ-г бие даасан  нам болгох санаачлага хэд хэдэн удаа гарч байсан боловч амжилтанд хүрч байгаагүй юм.Миний бие тийм хоёр ч хуралд уригдан оролцож байсан бөгөөд эсэргүүцэгч талын улаан хамгаалагчдын нэг байсан.

1997 онд Дарханд хуралдсан МоАХ-ны бага хурал энэ санааг  хэлэлцүүлэхийг зорьсон боловч анхны ам нээлтээр л эсэргүүцэлтэй тулгарч энэ хурлаар "Хөдөөгийн хөгжлийн нам"төрж, бага хурлын гишүүн "брак"-ийн нэг гуанзанд зоог барьснаар өндөрлөж байсан бол,2007 онд МоАХ-ны анхдагч гишүүд,МоАХ-Хөгжлийн нам  хамтран хийсэн чуулганаар намын асуудал олонхийн дэмжлэг аваагүй юм.

Энэ бүхнийг эрэгцүүлэхийн учир нь, анхдугаар Их хурал тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал,өөрчлөн байгуулалтын хүрээнээс хальж чадаагүй ч,Монголын ард түмний улс төрийн идэвхийг урд өмнө байгаагүйгээр сэргээж,олон жилийн турш оршин тогтнож байсан тоталитари дэглэмийн эсрэг олон нийтийг зохион байгуулалттай тэмцэх эхлэлийг тавьсанаараа түүхэн гавьяатай. Үүний дараа 1989 оны 12-р сарын 28-нд АСХ байгуулагдаж, 1990 оны 12-р сарын 19-нд олон нийтэд албан ёсоор зарлаж, 1990 оны 2-р сарын 18-нд Шинэ дэвшилтэд хөдөлгөөн, Эвийн холбоо нэгдэн нийлж ШДХ, 1990 оны 3-р сарын эхээр  Монголын оюутны холбооны онц 4-р бага хурал хуралдаж,оюутны байгууллагаа бие даасан улс төр-олон нийтийн байгууллага болсноо зарласнаар түүхэнд "Ардчилсан хүчнийхэн" гэж  нэрлэгдсэн улс төр олон нийтийн байгууллагын үндсэн цөм бүрдсэн юм.

Түүний дараа Монголын ногоонтны холбоо,Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоо,Монголын сүсэгтний холбоо, Монголын малчин тариаланчдын холбоо,Монголын ажилчны нэгдсэн холбоо зэрэг  олон байгууллагууд байгуулагдсан. Эдгээр холбоодын үйл ажиллагааг уялдуулан холбох зорилготой Нэгдсэн фронт гэдэг байгууллага байгуулах оролдлого гарсан боловч явуургүй оролдлого гэдгээ ухаарч өлгийндөө бурхан болсон байдаг. Нэгдсэн фронтыг санаачлагч нэг эрхэм эдүгээ УИХ-д хашир парламентч нэртэй сууж байгаа. 

Монголын нийгмийн сэтгэл зүй,оюун санааны хүрээ 1990 онд ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хараахан бэлэн болоогүй байсан тэр үед,МоАХ-ны удирдлагын үзэл баримтлал өөрчлөн байгуулалтын хүрээнээс төдийлэн халилгүй аль болох аядуу байдлаар хувьсгалыг гүнзгийрүүлэх бодлого барьж байсан нь олон нийтийн дэмжлэгийг ихээхэн хүлээсэн, би ч энэ талд байсан. Үүнийг онолын хувьд ч буруушаах  зүйлгүй. Нийгмийн өөр байгууламжид шилжихэд тодорхой хугацаанд иргэдийн  оюун санаа,хандлагыг өөрчлөх явдал тодорхой хугацаа заавал шаарддаг юм байналээ.

-Өнөөдөр  болж бүтэхгүй зүйл их байгаа тухай иргэд шүүмжлэн ярих болж,хувьсгалыг манлайлсан МоАХ чимээгүйхэн л байх юм...?

-МоАХ  дотроосоо хэд хэдэн улс төрийн нам төрүүлж, тэдэндээ улс төрийн үйл ажиллагаагаа даатгаж,ардчиллынүнэт зүйлсийг зөв төлөвшүүлэхэдхяналт тавих үүрэгтэй "Хоточ нохой"-н үүрэг гүйцэтгэх боллоо гэж МоАХ-ны хоёрдугаар их хурлаар шийдвэрлэж байсан. Гэтэл "Хоточ нохой" маань ган гэж дуугарахаа болиод сүүлээ цагираглан хэвтэхээс цаашгүй болсон нь энэ байгууллагыг удирдаж байгаа Х.Баттулга ардчилал иргэний нийгмийн боловсрол мэдлэг нимгэнээс гадна МоАХ-г хувийн компани шиг захирч өөрийнхөө төлөө дуугардаг хэдэн хүний цуглуулга болгосонтой холбохоос өөр аргагүй.

-Хувийн компани шиг гэж та ямар үндэслэлээр хэлж байна?

-МоАХ,АСХ,ШДХ,МоОХ,Ногоон хөдөлгөөний анхны хэсэг гишүүд "Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл"  (АХАЗ)ТББ байгуулсан л даа. Тэгээд МоАХ-ын даргын хувьд Х Баттулгатай уулзаж санал бодлоо солилцсон юм. Уулзалтанд Ш.Түвдэндорж, А.Гансүх, Г.Байгаль, Л.Эрдэнэчимэг нар ирсэн. Бид манай ардчиллын төлөвшилд гарч байгаа  гажуудал бэрхшээлийг арилгахад АХАЗ-ын бодлого үйл ажиллагааныхаа талаар ярьж МоАХ ямар байр суурьтай байгааг сонирхсон. Харин Баттулга "Та нар улс төр яриад "Хад мөргөнө шүү дээ" гээд харин Тавантолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхийг санал болгосон.МоАХ-ны дарга,УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн ардчилал,иргэний нийгмийнхээ төлөвшилд санаа тавьж саналаа солилцохоор ирсэн гишүүддээ тэгж хандах нь үнэхээр зохисгүй санагдсан. Манай удирдах зөвлөл хуралдаад Тавантолгойн асуудлаар хэвлэлийн хурал хийхгүй, цаашид МоАХ-ны өнөөгийн удирдлагатай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахгүй гэж шийдвэрлэсэн.

-Та нар мөнгө гуйгаад дургүйгийнь хүргэчихсэн юм бишүү?

-Ямарч тийм юм байхгүй.Бид гишүүдийнхээ татвар хандивт тохирсон ажил хийдэг. Цаашдаа  үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн асуудал гарах байх гэхдээ сэтгэлгүй хүнээс барьцаатай харамж хэзээ ч авахгүй.

-Та нар тэгээд МоАХ-гоо зөнд нь орхиж байгаа юм уу?

-Манай гишүүд дотор олон хөдөлгөөний анхдагчид,ямар ч хөдөлгөөний биш хүмүүс, эрдэмтэн судлаачид, залуучууд байдаг. Зөвхөн МоАХ гээд байх  боломжгүй боловч МоАХ-ын орон нутгийн байгууллагуудыг үүсгэн байгуулж байсан бараг "МоАХ" овогтой болчихсон олон хүн байгаа болохоор бид бусад гишүүдийнхээ гаргаж байгаа саналд анхааралтай хандаж байгаа

-Бусад гишүүд гэж хэнийг хэлж байна?

-Нэрлэж барахааргүй олон хүн янз бүрийн хэлбэрээр саналаа илэрхийлж байна. Рэнцэнтавхай, Бямбаа, Мөнхбат гээд нилээд нөлөө бүхий хүмүүс санал бодлоо хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байна лээ.

-МоАХ-ны Их хурал хийвэл та нар дэмжиж оролцох уу?

-Нилээд идэвхтэй оролцож МоАХ-ыг МоАХ-ынх нь хүнд өгч 1990 оных шиг биш юмаа гэхэд дуу хоолойгоо гаргаж ардчиллынхаа сайн сайхныг таниулж, алдаа эндэгдэлийг нь хатуу хэлж,өнөөдрийн сайныг батжуулж,саарыг үлдэн хөөх нэг гар нь байвал хамтран зүтгэх л болно.

-Та МоАХ-ыг МоАХ-ын хүнд өгнө гэдэг чинь Х.Баттулгыг МоАХ-ын хүн биш гэсэн санаа юу?

-МоАХ-ны гишүүнчлэл чинь 1992 оны 01-р сарын 13-наар тасалбар болох ёстой. Гэтэл АН ялахаар хүн бүр МоАХ-ын гишүүн гэцгээх юм. Би 1989 оны 12-р сарын 22-нд Ховдоос ирж С.Зориг, Д.Дорлигжав хоёртой уулзаж байсан тэр өдрөөс хойш МоАХ-ын олон хурал үйл ажиллагаанд оролцож явахдаа Х Баттулгыг огт харж байгаагүй.  МоАХ-ны халуун тэмцэлд оролцож байгаагүй, хавчигдаж доромжлуулж үзээгүй,өлсөж цангаж хэвтээгүй болохоор МоАХ-ны гишүүддээ хүниймсэг хандаж,өөрийнхөө харцаар хөдөлдөг хүмүүсээр өөртөө хашаа босгоод байна даа гэж хардаг.

-Баттулгыг хувь хүнийх нь хувьд ямар хүн гэж та бодож байна?

-Би ганцхан удаа албан уулзалтаар хүний мөс чанарыг таньж чадахгүй шүү дээ.Сайн бизнесмэн, сайн тамирчин, бас Монголын Жүдо бөхийн холбоог сайн удирдаж байгаа гэдэг. Харамсалтай нь тэр улс төрч хүн огт биш.Тэр дундаа МоАХ-ны дарга түүнд дэндүү ахдах юм байна гэж боддог.

Л.ДОРЖ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment