2016/03/18

Нэг иргэнд 15 саяын өр ногдох болсон уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзаж, улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагаа, гишүүдийн боловсруулж батлуулсан хууль, тогтоомж, гаргасан санал, санаачилгууд болон цаашид эдийн засгаа сэргээж, хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, сонирхсон асуултанд нь хариуллаа. Тайлан хурлын нээлтэд МАН-ын дарга М.Энхболд "Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрч дөнгөж төрсөн нярайгаас өтгөс, буурал хүртэл хүн бүр 15.000.000 төгрөгийн өртэй боллоо. "Дараагийн Катар" болох байсан улс орноо "Өнөөдрийн Грек"-ээс ч дор байдалд хүргэлээ. Монгол Улс зөвхөн 2017-2018 онд бондын өрөнд 1,3 тэрбум доллар төлөхөөр байна. Монгол Улсын эдийн засагт АН-ын бий болгосон өр хүнд дарамт болж байна. Зөвхөн Монголбанк гэхэд л сүүлийн 3 жилд БНХАУ-ын Ардын банкнаас Чингис, Самурай бондыг нийлүүлсэнээс их буюу 2,3 тэрбум ам.долларыг "Юаны Своп" хэлцэл нэрийн дор, жилийн 5 орчим хувийн хүүтэй зээлж, гадаад өрөө 9 дахин нэмэгдүүллээ. Монголын төр, аж ахуйн нэгжүүд нь гадаад, дотоод бонд, банкны зээлийн өртэй, ажиллагсад нь цалингийн, ахмад буурлууд нь тэтгэврийн, өрх гэрүүд нь банкны өр зээлтэй, өдөр хоногийг аргацааж байна. Эрх баригчид улс орон, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтаас гаргах, энэхүү их өрийг хэрхэн яаж барагдуулах талаар өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлээгүй бөгөөд УИХ дахь манай намын бүлгийн гишүүд өрийг нэмэгдүүлэхгүй байх, ДНБ дахь өрийн хязгаарыг тогтоож, хатуу мөрдөх талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж, тэмцэж ирсэн. Тухайлбал,  улс орны өрийн хэмжээг үндэслэл тооцоогүй нэмэгдүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг хатуу шүүмжлэн, засч залруулах, тодорхой санал, зөвлөмжүүдийг эрх баригчдад өгч ирсэн. Эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хэмжээг хэтрүүлсэн байсныг ил болгож,  хүрсэн түвшин буюу 58,3 хувьд хуульчлан баталж, цаашид үе шаттай бууруулахаар хуульд тусгуулсан. 2017-2018 онд бондуудын төлбөр хийхтэй холбогдуулан хуримтлалын сан байгуулах шаардлага тавьж байсан боловч эрх баригчид дэмжээгүй" гэлээ. Иргэд МАН-ын бүлгийн гишүүдээс улс төр, нийгэм, эдийн засгийн талаар асуулт асууж хариулт авсан юм.

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment