2016/03/17

УИХ-ын дарга энэ сарын 18-23-ны өдрүүдэд орон нутагт ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Өвөрхангай аймагт ажиллах бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм. Мөн Арвайхээр сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 

Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймагт ажиллах томилолтоо дуусгаад  Баянхонгор аймагт ажиллах юм. Тэрээр тус аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллан, шинээр байгуулагдсан үйлдвэрийн нээлтэд оролцож, аймгийн бүтээн байгуулалтын ажлуудыг үзэж танилцана. Үүний зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Харин Говь-Алтай аймагт энэ сарын 20-ны өдөр ажиллах бөгөөд нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасгийн нээлтэд оролцон, шинээр баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцах юм. Түүнчлэн Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээнд оролцон, Есөнбулаг сумын Баянхайрхан багт баригдах 1000 айлын орон сууцны хорооллын эхний 260 айлын орон сууцны барилгын ажилтай танилцах юм. Мөн Улсын Их Хурлын дарга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажилласны дараа /2015.03.21-22/ Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл суманд ажиллан, нутгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн иргэдтэй уулзалт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулна. Мөн тус аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлууд, тус аймагт хэрэгжүүлж буй "Шинэ сум" төслийн явцтай танилцах юм. 

Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга  Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ Архангай аймагт шинээр баригдсан хүүхдийн цэцэрлэг, "Шинэ Цэцэрлэг хот" орон сууцны хороолол, Гудамж төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар төлөвлөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment