2016/03/04

18 450 айл 5 хувь руу шилжинэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.


"Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам"-ыг баталлаа

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам"-ыг баталлаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд  заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18 450 айл өрх 8 хувийн зээлээс шилжин орох боломжтой болох юм.


Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан  авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа

Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан  авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээг Онцгой байдлын ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон удаагийн давтамжтайгаар, дуут дохиоллын цамхагаар хуваарийн дагуу явуулж байна. Мөн Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбогдуулан нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт онцгой байдал, цагдаагийн нийт 20 албан хаагч, 13 авто машинтайгаар тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэж байна.

Шадар сайд Ц.Оюунбаатар зарим аймгуудаас мал олноороо цасанд дарагдсан, хүчтэй цасан шуурганы улмаас айлын гэр нурсан тухай мэдээллүүд ирсээр байгааг дурдаад малчид, ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар байтал бага насны хүүхдээ дагуулж, нимгэн хувцастай, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр аян замд гарах явдал гарсаар байна гэлээ. Иймээс үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг чиглэл өгч, удирдлагаар ханган ажиллаж байна гэж танилцуулав.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment