2016/03/16

Өршөөл, уучлал 2 ялгаатай

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллахдаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, Х богдыг тодруулах гэх зэрэг олон сонирхолтой асуултад хариулсан байна.


Хүн амьдралаа өөрөө л авч явах учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Би энд та бүхэнтэй олон удаа уулзаж ярилцаж байсан. Эргээд хөвсгөлчүүдтэйгээ уулзахад, эргээд та бүхнийг харахад сайхан байна. Өнөө өглөө Мөсний баярын нээлтэд оролцоод, тэнд очсон хүмүүстэй уулзаж, мэндчилж, хийсэн зүйлүүдтэй танилцаад наашаа ирлээ. Замдаа Алаг-Эрдэнэ суманд айлаар ороод ирлээ.

Энэ удаагийн зорилго бол Хөвсгөл аймгийн нэрийн хуудас болж олон жил хийгдэж байгаа Мөсний баярын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хүмүүсийн анхаарлыг тэнд татаж, "Энэ бол чухал баяр, зөвхөн хөвсгөлчүүдийн нэрийн хуудас биш, зөвхөн хөвсгөлчүүдийн баяр биш, энэ бол Монгол Улсын баяр, Монголын ард түмний баяр, улам олон монголчууд ирж оролцож байх ёстой баяр" гэсэн мессежийг олон түмэнд хүргэх зорилготой ирсэн. Үүнийг олон түмэн маань сайхан хүлээж авч байгаад туйлын баяртай байна.

Сая аймгийн Засаг дарга Хөвсгөл аймгийг өнгөрсөн намар Сүхбаатарын одонгоор шагнасанд талархаж байдгаа хэллээ. Хөвсгөлчүүдийн хийж бүтээж байгаа зүйл үргэлж миний бахархлыг төрүүлдэг. Хөвсгөлчүүддээ үзүүлж байгаа төрийн өндөр дээд хүндэтгэл бол Монголын ард түмэн, Монголын төрийн зүгээс Хөвсгөлийн ард түмэнд үзүүлсэн өндөр хүндэтгэл юм. Шагнах үйл ажиллагаа болж байхад би Нью-Йорк хотод НҮБ-ын хуралд оролцож байсан. Тэндээс утасдаж баяр хүргэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх аа.

Хөвсгөлчүүд бол шударга, ажил хэрэгч, эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн. Үүгээрээ Монголд ялгардаг хүмүүс. Улс орны маань хоймор нутгийг эзлэн суудаг, оршин амьдардаг ийм хүмүүс. Хоймор нутгийнхны маань ажил үйлс нь сайн, амьдрал нь дэгжиж дээшилж явах юм бол Монгол Улсын амьдрал дэгжиж дээшилж явна гэж бодож байдаг юм.

Манай иргэд мэдээлэл маш сайтай байдаг. Нэг үеэ бодоход үздэг зүйл, хардаг, мэдээлэл авдаг суваг их нэмэгджээ. 1990 онд биднийг нийгмийн өөрчлөлт хийж байхад ганц телевиз, таван сонинтой л байсан. Хажуу айлынхаа таван номертой утсыг орж, гуйж ярьдаг. Эндээс би Алаг-Эрдэнэ сум орохдоо замын "пүүлэн" гэж тэр үеийн том машинд дайгдаж, МАЗ-ын кабинд сууж очиж байсан. Сая малчны гадаа очиход сумаас 20-30 машин ирж байна. Дээр үед суманд хоёр 69 машин л байдаг байсан. Түүнээс хойш юм их өөрчлөгдсөн. Тэгэхээр бид ямар нийгэм рүү орсон юм бэ. Хөвсгөлчүүдтэйгээ, энд байгаа хүмүүстэйгээ ямар нийгэм рүү орсон бэ гэхээр хүний амьдардаг л нийгэм рүү орсон. Хүний эдэлдэг эрх, хүлээдэг үүргийг л хүлээх гэж орсон шүү дээ. Хүмүүс нэг буруу зүйл ойлгоод байдаг юм. Бэлэн зэлэн юм руу орно гэсэн хүлээлт эхнээсээ ч байгаагүй, одоо ч байхгүй. Амьдралаа өөрөө л авч явах ёстой. Гэрийнхээ амьдралыг өөрсдөө авч явах ёстой. Хувийнхаа амьдралыг өөрсдөө авч явах ёстой. Хариуцлагатай байх ёстой. Тал талдаа ажлаа сайн хийх ёстой. Ингэж байж л амьдралаа өөд татах ёстой.

Яах вэ, өөр улс төрийн систем сонгож болно. Бид нар олон янзын юм сонгож үзсэн. Бүтэлгүй юм бүтдэггүй л юм билээ. Тэр удирдаж байсан улсууд нь юм уу, асуудал нь өнгөрөөд өгөхөөр тэр нийгэм,  систем нь өөрөө унаад өгдөг. Хүний жаргал, зовлон зэрэг л байдаг. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Ийм л системийг бид сонгож авч явж байгаа.

Би боддог юм.Энэ сонгуулийн дараа амьдрал нэг их өөрчлөгдөөд л, өөр болоод явна гэж байхгүй. Хүн өөрийнхөө амьдралд эзэн болдог замыг л сонгосон. Өнөөдрийн улс төрийн систем муудаад, унаад нэг их айхавтар сүйрэл болохгүй байх. Нэг их гялайж гялтайгаад, амжилт гаргаад сүйд болохгүй байх. Зуун жилийн дараа эргээд харахад ерөнхийдөө л манай ард иргэд эрх чөлөөтэй, хүмүүс нь өмч хөрөнгөтэй, амьдралаа дээш татахын төлөө бүгдээрээ зүтгэсэн, ийм л байх байх. Ингэж л ойлгох ёстой юм. Хүн бүхэнд таалагдаж, хүн бүхний таалалд нийцэх гэж энэ сонголтыг хийсэн юм биш. Харин таалагдахгүй байх эрхийг нь хадгалах гэж энэ сонголтыг хийсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд жаахан хэтрээд байгаа. Нэг юм харахаараа дандаа үгүйсгэдэг, дандаа шүүмжилдэг, юмыг дандаа өөлж хардаг.

Одоо зөв сэтгэлтэй ард түмэн болмоор байгаа юм. Зөв сэтгэлтэй, юмыг зөв талаас нь хардаг, "Ийм дутагдал гарсан байна. Гэхдээ нөгөө талд нь ийм сайн тал байгаа шүү дээ. Хөөрхий, ингэж яваад л тэгсэн байлгүй дээ. Дараа нь засрах байлгүй дээ. Үүнээсээ сургамж авах байлгүй дээ" гэж юманд ханддаг байх юм бол бидний ажил үйлс урагшилна. Нэг нэгийгээ дэмжиж, нэг нэгийгээ түшиж, олж бүтэж байгаагаа эвлүүлж авч явах гэж оролдвол бидний нийгэм аятайхан болно. Бидний нийгэм арай уур бухимдалгүй, арай илүү бие биеэ ойлгосон нийгэм байх болов уу гэж боддог. Энэ талаас нь бид хүлээж авах ёстой. 20 жилийн субботник хийгээд л, "Бидний үед л амьдрал сайхан болно. Бидний үед л бүх юм сайн сайханд хүрнэ" гэдэг.

Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн мундаг ардчилалтай улс оронд явж байгаа сонгуулийг та бүхэн хараарай. "Эд нар улс орныг сөнөөж байна. Бид нар ингэнэ" гээд л, яг л манайд сонгууль яаж явдаг вэ, яг тийм юм яриад л уралдаж байна. Хэдэн жилийн дараа ч тийм л байх болно.  Тэгэхээр бид өнөөдрийн үедээ өмнөө тулгарч байгаа, тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө л явах ёстой.

Хүүхэд төрөөд яг аавынхаа давтсан, аав, ээжийнхээ явсан замаар л явдаг. Хүний амьдрал адилхан шүү дээ. Мөлхөж сураад л явдаг. Төрөнгүүтээ шууд гүйдэг хүүхэд гэж байхгүй. Мөлхөөд, явж сураад, сургуульд ороод л цаашаа явдаг. Алдаж оноод л явдаг. Нэг үе нь нөгөө үеэсээ ямар ялгаатай байсан бэ гээд харахаар бараг 99 хувь нь давтагдсан байдаг. Бараг хүрсэн ханиад нь хүртэл адилхан байдаг. Ингэж яваад ганц хоёр хувийн дэвшил гардаг. Өнөөгийн хувьд технологи, дэлхий орчлон их өөр болоод арай илүү дэвшилд хүрэх боломж байгаа.

Монголчууд бид хэцүү замыг сонгож авсан. Өөрсдийнхөөрөө амьдардаг замыг сонгож авсан. Үүгээрээ явж байгаа. Энэ ажлыг хийх гэж оролдож байгаа. Үүнээсээ бид хэзээ ч буцахгүй. Мал хувьд байгааг эргүүлээд хэн ч хурааж чадахгүй гэж хувьдаа би боддог. Эргүүлээд таны бий болгосон орон сууц, таны өмчилж, барьж байгаа машиныг, ажиллуулж байгаа мухлаг, дэлгүүрийг хэн ч хурааж авч чадахгүй.

Хүн хувьдаа дэлгүүртэй, банктай байна гэж 1990 онд намайг энд гарч ирж ярьсан бол худалч л гэж хэлэх байсан байх. Ингэж явсаар байгаад энэ аж амьдрал, энэ бүхэн маань дөхөж ирж байна. Ийм байдлаар бид нар  юмандаа хандах, ойлгох ёстой. Бид сайхан байсан юмыг муухай болгосон зүйл байхгүй. Хөвсгөлчүүд бид өмнө нь нэг их гоё байж байсан. Нийгэм өөрчлөөд их муухай болгосон юм байхгүй. Сумаасаа сум явахад зам явах авдаг л байсан. Одоо сумаасаа гадаад явахдаа хүртэл чөлөө зөвшөөрөл авахгүй явж байна шүү дээ. Хөвсгөлөөс хүн гадагшаа явахдаа надаас чөлөө зөвшөөрөл авахгүй, Засаг даргаас  чөлөө зөвшөөрөл авахгүй байгаа. Өөрсдөө бизнесээ бий болгоод, өөрсдөө машин худалдаж авахад "Та ямар бараа зарж байна" гээд би араас нь хөөцөлдөхгүй байгаа. "Монголын радио шиг чи цуурч байна" гэж хэлээд тэр үед хүн шоронд орж байсан юм гэнэ лээ гэж яригддаг. Тэгж хэлж, шүүмжиллээ гэж өнөөдөр шоронд орж байгаа хүн байхгүй. Бий болгох ёстой юмыг нь ерөнхийдөө бий болгоод, явах ёстой замаараа л явж байгаа. Нэг хүндрэл байна. Бидний явж байгаа энэ замын үед дэлхий орчлонгийн өөрчлөлт давхцаж байгаа.

1990 оны өөрчлөлттэй ЗХУ нурж байсан үе таарсан. Нэг үгээр хэлбэл бид тэжээгчээ алдаад л эхэлсэн. Биднийг тэжээдэг, дэмждэг, тэтгэдэг тэр систем маань алга болсон. Жаахан цаашаа явах гэж байтал 1996, 1998 оны Азийн хямрал гарч ирээд сүйд болгох шахсан. Түүнээс арай гэж ангижраад дээшээ явах гэж байтал  АНУ-аас эхэлсэн хямрал, одоо энэ 2012 оноос эхэлсэн Хятадын эдийн засгийн уналт, манай түүхий эдийн үнийн уналт эхэлсэн. Манай гаргаж зардаг зэс 10 мянга хүрч байсан, одоо 3900 болсон, 2 дахин уналаа шүү дээ. Нүүрсний үнэ хоёр гуравхан жилийн дотор 3-4 дахин унасан. Энэ бүхэн амьдралд нөлөөлнө. Нэг ийм үе давтагдаад байгаа юм. Тэгж байтал уур амьсгалын өөрчлөлт. Энэ ирээдүй, эргэн тойрон бол амаргүй л байна.

Тэгэхээр манай дараагийн үеийнхэн аз жаргалтай, сайн сайхан, өнөөгөөс  шал өөр, диваажинд амьдрах улсууд биш. Тэдэнд ч бас асуудал тулгарна. Үүнд харин бид бэлтгэлтэй байх ёстой. Манай иргэд өнөөдөр авч болох бүх мэдээллийг авч байна. Өнөөдөр гар утсан дээр бараг амьдрал явж байна шүү дээ. Харин ч гар утасны хэрэглээ бараг хэтрээд залуучууд утсаа л оролдсон улсууд болсон. Хүүхдүүд компьютер тоглоод зураг хөдөлгөөд, ард нь нэг юм нүдээд сууж байдаг болсон. Юмны хэрэглээнд бас хязгаар байх хэрэгтэй. Цэрэгт явуулах гэхээр суурь өвчтэй, ямар ч алба хаах битгий хэл, ээж аавынхаа өврөөс гараагүй шахуу байх болсон.Тэгэхээр бид яаж хүнээ зөв болгох вэ. Яаж сайн болгох вэ, эрүүл мэндийг нь яаж өөд татах вэ. Үүнийг яаж өөрчлөх вэ гээд дэлхий нийтэд тулгамддаг хэцүү асуудлууд бидний дунд байж л байна.

Өнөөдөр энд Ерөнхийлөгч ирээд олон асуудал шийдэж өгөөд явах юм байхгүй. Одоо улс төрийн сонгууль болох гэж байна. Та нар төрөөс хариуцлага л шаардах ёстой. Хариуцлагын хууль гэдгийг би санаачилж оруулчихааад байхад УИХ дээр жил хоёр сар болголоо. Үүнийг л энд нүүрийг нь улайтал шаардаж байх ёстой. "УИХ-ын гишүүнийг татаж болдог хуулийг Ерөнхийлөгч санаачилсан байна. Түүнийг та нар батла л даа. Сайд алдаа гаргавал уучлал гуйгаад огцордог хууль санаачилсан байна. Түүнийг батлаач. Дээрээсээ хариуцлагаа авч ирээч та нар. Одоо миний амьдралыг тэгнэ ингэнэ гэж олон юм амлахаа боль. Тэр хариуцлагын хуулиа л батлаад ир" гэх хэрэгтэй. Улс төрийн нам гэж хариуцлагаас ангид хачин байгууллага бий боллоо. Улс төрийн нам дотор сайн ч юм бий, муу ч юм бий. Гэхдээ муугаа засад явах ёстой. Засалгүй дэндүү удлаа. Би Улс төрийн намын тухай хууль санаачилсан. УИХ дээр санал хураагаад буцаагаад хаясан. Эргэж би оруулна л гэж бодож байна. Түүнийг шаардах л хэрэгтэй байна.

Монгол Улс  төрийн алба шиг төрийн албатай болох ёстой

Монгол Улс өнөөдөр төрийн алба шиг төрийн албатай болох ёстой. Нэг сайд, нэг дарга солигдоход бүх төрийн алба нурж байдаг, өөрчлөгдөж байдгийг зогсоох хэрэгтэй. Хууль дээр зааж өгсөн. Сайд солигдсон бол яаман дээр 3-5 хүн л солигдоно. Туслах нь, хэвлэлийн албаны хүн нь өөрчлөгдөж болно. Таны хүүхэд үнэхээр азтай, боломжтой, мэргэжилтэй, төрийн албанд тэнцээд л орсон бол хийдэг ажлаа хийгээд, 3 жилийн дараа шалгалтаа өгөөд, 4,5 жил болоод дараа дараагийн шат руу дэвшсээр байгаад л Төрийн нарийн бичгийн дарга болж болно. Яг энэ зарчим руу л бид орох хэрэгтэй. Оролгүй дэндүү удаад байгаа учраас л хүмүүс бухимдаад, уурлаад "Болохгүй байна. Энэ сонгож авсан систем чинь юу болов, яав ийв" гээд байгаа юм. Засах ёстой алдаагаа засахгүй удаад байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн "Энэ алдаагаа зас та нар" гэж шаардаад байгаа шаардлагыг л биелүүлэх хэрэгтэй байгаа юм.

Шилэн дансны тухай хууль гэж санаачлаад би хоёр жил зүтгүүлж, 3 удаа буцааж байж, манай ард иргэд дэмжиж байж баталсан. Хөвсгөл аймгийн зарцуулж байгаа мөнгө хөрөнгө дээр ард иргэд нь хяналт тавиад, буруу зарцуулсан бол худалдан авалт, бүх юмыг нь хянадаг, хардаг болсон. Наад зах нь төсөв зарцуулж байгаа хүн гарын үсэг зурахдаа Шилэн дансны хуульд нийцэж байна уу, үгүй юү. Наадах чинь шилэн дансанд тавигдаж байгаа юу, үгүй юү гэдэг. Айхад аягүй гэдэг системтэй болсон. Бас л хариуцлагын зүйл оруулаад өгсөн, УИХ дээр авч хаяад л хууль гаргаж байгаа юм. Би уг нь 1 сая төгрөгөөс дээш бүх мөнгөн зардлыг тооцдог, шилэн дансанд тавьдаг болъё гэсэн. УИХ дээр 5 сая төгрөгөөс дээш болгоод баталсан. Зарим төрийн байгууллага санаачлаад 1 төгрөг зарсан байсан ч түүнийгээ тавьдаг, тайлагнадаг болсон л доо. Бас л нэг алхам урагшилж байгаа юм. Үүний араас долоо, найман хууль батлаад ажлаа хийж хэрэгжүүлмээр байна.

Миний хийх гэсэн нэг зүйл бол орон нутаг, ард иргэдэд санхүүгийн эрхийг нь өгье гээд Орон нутгийн хөгжлийн сангийн хуулийг санаачилж оруулаад зүтгүүлсээр байгаад батлуулсан.

Нэг л их мундаг хүмүүс Улаанбаатараас ирээд УИХ-ын гишүүн болоод буцаад нисээд явчихдаг. Энд амьдрал яаж байгааг хэн ч мэдэхгүй. Та нар энэ сургуулийг засна энэ тэр гэж битгий улс төр хийгээд бай. Мөнгийг нь л орон нутаг руу явуул. Хороо, баг, суман дээрээ ярьж байгаад хүмүүс шийдэг. Мөрөн хотын гудамжийг гэрэлтүүлэх ажлыг би мэдэхгүй. Гэрэлтэй байна уу, гэрэлгүй байна уу, бид мэдэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүс л мэднэ. Хэдэн төгрөг хүрээд ирвэл хамгийн түрүүнд гудамжаа гэрэлтүүлнэ. Хамгийн түрүүнд хогоо цэвэрлэнэ. Аймгийн төвд байтугай, сумандаа цэцэрлэг байгуулаад эхэлж байгаа юм. Ард иргэд өөрт нь хамгийн хэрэгтэй асуудлаа шийдээд эхэлж байгаа юм. Ингэж хүмүүс амьдралаа зохион байгуулж чаддаг. Гэтэл орон нутагт амьдарч байгаа хүмүүс хагас эрхтэй юм шиг ханддаг. Эд нар шийдэж чадахгүй. Дээрээс шийдэж өгнө гэдэг. Ийм маягтай баймааргүй байгаа юм. Та нар "Орон нутагт эрх өг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өг" гэж шаардах ёстой. Одоо төсөвлөсөн мөнгө 50-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Баахан ажил хийлгэсэн компаниуд мөнгөө хүлээгээд сууж байгаа. Дампуурахдаа тулж байгаа. Маш хүнд байдалд орсон, ажилчдаа халж байгаа. Түүнийг 100 хувь өг.

Хөвсгөл рүү олон жуулчин ирж байна. Гадаад, дотоодын олон компани үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатарын компани Хөвсгөлд ирээд ажиллаж байгаа бол Хөвсгөлд тодорхой хэмжээний татвар төлдөг байх хэрэгтэй. Суманд, аймагт  тодорхой хэмжээний татвар төлдөг л байх хэрэгтэй.

Хөвсгөл аймагт арай илүү олон хүн амьдарч байгаа бол ногдож байгаа санхүүжилт  илүү байх нь зөв

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс багсгаж болохгүй. Болж өгвөл нэмж байх хэрэгтэй. Харин одоо нэмэх биш, өмнөх жилийнхээс 20-30 хувиар багасгаад байгаа юм. Мөн дээрээс нь алслагдмал байдал, татвар төлдөг байдал, хүн амын тоо гээд 25,25 хувийн итгэлцүүр, томъёо байдаг. Би бол хүн амын тоог илүүчилж үздэг болъё. Хүн амын тоог дөчин хувиар, хамгийн чухал үзүүлэлт болгож авч үзье гэж байгаа. Хөвсгөл аймаг бол бүх аймгуудаас хамгийн олон хүн амтай. Тэгэхээр Хөвсгөл аймагт арай л илүү мөнгө ирэх ёстой. Хөвсгөл аймагт арай илүү олон хүн амьдарч байгаа бол ногдож байгаа санхүүжилт арай илүү байх ёстой. Асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй байгаа юм. Ийм хууль өргөн барьчихсан байгаа.

Хүмүүс ирээд амьдралд нийцэхгүй юм яриад байгаа юм. Нэг л Оюутолгой, нэг л Тавантолгой. Та нар дагаж алга ташаад л, нөгөө толгой болохгүй байна л гээд байдаг. Яг амьдрал дээр өөрийнхөө эрхийн асуудлыг л шаард л даа. Би бас иргэн. Би бас сонгууль өгнө. Би бодохдоо, манай жирийн иргэд ч тэгж боддог байх, эхлээд хүүхдээ бодно. Эхлээд гэр бүлээ, өөрийгөө бодно. Дараа нь ажлаа бодно. Хүнтэйгээ л уялдуулж асуудлаа шийдэх ёстой. Зарим нэг алхам хийгдэж л байна. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болоход эхлээд л тэр эмэгтэйн эрүүл мэндийг бодно, дараа нь хүүхэд гарлаа. Хүүхдийн мөнгө гэдэг түүнтэй холбоотой.  Тэгээд хүүхдийн мөнгө санаачилсан. Сая бас хасна, барина гээд бужигнаан болсон. Түүнийг зогсоосон. "Танайх шарах шүүгээтэй юү, машинтай юу, мотоцикльтэй юү, хүүхдийн мөнгийг чинь хасна аа хө" гэж баахан чирэгдэл учруулсан шүү дээ. Тэртэй тэргүй Монгол Улсад 8-12 хувь нь хүүхдийнхээ мөнгийг авахгүй байгаа юм. Хүүхдийн мөнгө гэж толгой зовохгүй өөрийгөө аваад явчихдаг улсууд бас байна. Түүнийг хасаад судалгаа хийгээд ирэхээр бараг 80 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө дахиж авъя гэсэн дүн гарсан учраас олон юм шаардаж иргэдийг чирэгдүүлж яах юм бэ. Олгодгоор нь л олгоё гэж шийдсэн. Хүүхдийн мөнгийг хамгийн шударга хуваарилалт гэж би боддог. Хүүхдийн мөнгөн дээр худлаа хэлэх боломж байхгүй. Хүүхдийн мөнгийг буруу гараар зарцуулах боломж байхгүй. Өнөөдөр 4 хүүхэдтэй байсан айл 2 сарын дараа манайх тавтай боллоо, 3 сарын дараа 6-тай болчихлоо гэж хуурч чадахгүй. Байгалийн жам гэж юм байна. Дараагийн шаардсан асуудал бол цэцэрлэг. Хүүхэд харах үйлчилгээ яагаад Монголд байж болдогүй юм. Мөрөн хотын нэг гудамжинд тэтгэвэртээ гарсан багш байгаа бол хажуудаа байгаа 5 айлын цэцэрлэгийн насны хүүхдийг хардаг. Цэцэрлэгийн насны хүүхэд харахад нэг хүүхдэд ноогддог 118, 128 мянган төгрөгийг улсаас өгдөг. Тэр мөнгөөр хүүхдүүдийг хардаг. Ээж, аав нь нэмээд мөнгө өгдөг, сүү өгдөг бол түүнийг нь нэмээд авна биз дээ. Ингээд хүүхдүүдээ хараад явъя л даа. Ингэхээр зөндөө олон эмэгтиэйчүүд, зөндөө олон хүн ажилтай болно гэж бид тооцож байгаа. Энэ хууль гарсан. Санхүүжилт нь 2017 оны 1 дүгэр сарын 1-нээс хэрэгжээд явах байх. Зарим газар ажилдаа ирэхдээ хүртэл хүүхдээ авч ирээд ажлынхаа нэг өрөөг цэцэрлэг болгочихсон байдаг юм байна лээ шүү дээ. Хоёр ээж тэнд 20 хүүхэд хараад болоод байдаг. Ажил тарахад хүүхдээ хөтлөөд гардаг. Ингэж асуудлыг хүний амьдралтай уяж өгөх юм бол би зөв болно гэж хувьдаа боддог. Дараагийн асуудал бол сургууль. Айл гэр төвлөрч байгаа газруудад сургуулийн асуудлыг шийддэг болъё. Улаанбаатараас эхлээд шаардаад байгаа. Барилгууд бариад байгаа нь сайн байна. Одоо зураг, зөвшөөрөл дотор нь цэцэрлэгийн асуудлыг давхар шийдээрэй. Хувийн цэцэрлэг байж болно. Сургуулийн байрыг төрөөс санхүүжилт хийгдээд зай талбайг нь заавал үлдээж байгаарай. Эмнэлэгт  үлдээж байгаарай гэсэн шаардлагыг төр, олон нийтийн зүгээс тавиад хийх юм бол зөв болно гэж боддог.

Манай ард иргэд гурван юманд их мөнгө гаргадаг. Нэгд, орон сууц. Монголчууд олон мянган жилээр гэр гэдэг гайхамшигтай сууцыг бий болгосон улсууд. Социализмын үед ч хүүхэддээ гэр бэлдээд өгдөг байсан. Одоо ч наад зах нь гэрээс эхэлдэг. Дараа нь хажуу өрөө энэ тэр гээд байдаг. Манай ард иргэд орон сууцандаа их мөнгө зардаг. Орон сууцны зээл маш өндөр байсан. 2012 оноос өмнөх засгийн үед 2 жилийн мөрийн хөтөлбөрийг нь аваад үзэхэд 400-хан айлын орон сууцыг шийдсэн байсан. Одоо 8 хувийн зээл гэхэд 80 мянган айлын асуудлыг шийдэж байгаа юм.

Одоо үүнийг будилуулаад, дундуур нь худлаа яриад байх юм. Хүнд үнэн юм хэлэх хэрэгтэй. Урьдчилж төлдөг мөнгө 30 хувь байсныг 10 хувь төлдөг болно гэхээр иргэн хүн "Ямар сайхан юм бэ" гэж хүлээж авч байгаа юм. Гэтэл тэр хүн сард өөрт ирж байгаагаа ачааллаа мэдрэхгүй байгаа юм. 30 хувь төлбөл сар бүр төлдөг мөнгө нь бага. 10 хувийн урьдчилгаа төлдөг болчихвол сардаа 300 мянган төгрөг төлдөг байснаа 420 мянгыг төлдөг болно. Тэгэхээр 30 хувиасаа явсан нь зөв байгаа юм. Банкиндаа ч итгэлтэй.

Зах зээл мэдээллээр явдаг

Зах зээл мэдээллээр явдаг. Гар утсан дээр бүх мэдээлэл явж, хүмүүс хоорондоо ярьж байдаг. Хэдхэн яриад л муу мэдээлэл нь тараад, хүмүүсийг хүлээлтэд оруулдаг. Цаана нь барилгын компаниудын хөрөнгө оруулалт зогсдог. Өнөөдөр Монголд орон сууцтай холбоотой бүх зүйлийг хийдэг боллоо. Дээр үед байшин үйлдвэрлэх комбинат гэж байсан. Одоо Европын хэмжээний асар өндөр технологитой тийм үйлдвэр Монголд 4-5 бий боллоо шүү дээ. БНСУ явсан залуус тийм юм сураад, Монголдоо ирээд түүнийг байгуулаад, бүгдийг хийдэг болсон. Социализмын үед хадаасаа ч хийж чадахгүй гээд л бид хэлдэг байсан. Одоо Монголд хадаас хийж байна. Махан нухашныхаа лаазыг ч хийж чаддаггүй гэдэг байсан бол одоо юун лааз байтугайг хийдэг болсон.

Хүмүүс юм хийж эхэлж байна. Амьдрал хэцүүдээд, гаднаас авдаг юмны үнэ нэмэгдээд ирэхээр үүний нэг сайн тал нь дотооддоо юмаа үйлдвэрлээд, дотоодоосоо худалдан авалт хийгээд, дотооддоо борлуулж байгаа. Ийм байхад  ханшийн цохилтод ямар ч үйлдвэрлэл, ямар ч бизнес унадаггүй. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа болж хувирдаг. 3000 хүнтэйгээс авахуулаад 30 хүнтэй 270 гаруй шинэ үйлдвэр Монголд бий боллоо. Энэ бол сайн хандлага.

Одоо компьютер дээр суугаад фейсбүүкээр дамжуулаад худалдаа хийж байна. Цагаан сарын бууз хийхдээ дахиад 3 айлын бууз нэмж хийгээд л фейсбүүкээр дамжуулаад зарж болно. Шуд гар утаснаасаа бууз зараад сууж байгаа шү дээ. Бид ингэж л ажиллах ёстой. Одоо бүх бизнес, бүх санаа гар утсан дээр ороод ирлээ. Ийм үед бид амьдарч чадахгүй, болохгүй байна гэж яриад сууж ерөөсөө таарахгүй. Ах дүүсээ өөд татаж амьдардаг нэг хүн байдаг. Тийм хүнээ ганц биш, хоёр, гурав болгох хэрэгтэй. Түүнийгээ өөлж биш, дэмжиж ажиллах ёстой. Ингэвэл Монгол Улс босч ирнэ гэж би боддог.

Хоёрт, манай иргэд оюутан хүүхдийнхээ төлбөрт их мөнгө гаргадаг. Сургуулиа төгсөөд оюутан болно. Оюутны 70 мянга гээд шүүмжлээд байдаг. Тэр бол оюутанд нэмэр болдог.

Гуравт, манай иргэд цагаан сараар нэлээд их мөнгө зардаг. Цалин, тэтгэвэрийн зээл гээд түүнд явж өгдөг. Тэгвэл цалин, тэтгэвэрийн зээлийг арай урт хугацаатай, өөр нөхцөлтэй зээл болгож хувиргавал яасан юм бэ. Иймэрхүү шийдэл авч ирдэг бодлого Монголд хэрэгтэй. Түүнээс биш ганц нэгээрээ мэдэгдэл хийдэг, ганц нэгээрээ явдаг зүйл ерөөсөө хэрэггүй. Манай сүүлийн 25 жилийн улс төрд энэ их ноёлоод байгаа юм. Энэ дэлхийн улс төрөөс ч алга болсон зүйл.

Цэргийн ангиуд спортын байгууллага болж хувирах хэрэгтэй

Цэрэгт хүүхэд нь явлаа. Албаа хаагаад ирлээ гэх мэтээр хүнийхээ амьдралтай холбож асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Цэргээр дамжуулж олон юм хийх юмсан гэж би боддог. Анхны ажлаа хийж байгаа. "Оюутан цэрэг" гэж хөтөлбөр байна. Улаанбаатараас үүнийг эхлүүлсэн. Төсөв мөнгөнөөсөө болоод бага хэмжээнд яваад байгаа. Болж өгвөл өргөжүүлмээр байна.

Би боддог юм. Дээр үеийн ТМС, одоогийн МСҮТ-д хүүхэд сурч байхад жилд хоёр сараар сургаж давхар цэргийн мэдлэг олгомоор байна. Эхлээд дотуур байртай МСҮТ-ээс эхэлмээр байна. Захиралд нь бэлтгэл офицер цол олгоод гялалзаж болно. Би өөрөө ЗХУ-д 5 жил цэргийн сургуульд сурч төгссөн. Өөрөө цэргийн алба хаасан хүн. Цэрэг хүнд гайхамшигтай хүмүүжил өгдөг. Цэрэг аав ээж, авгай хүүхэд, ах дүүсээс холдуулж, тэдний үнэ цэнийг мэдрүүлдэг. Эх орны үнэ цэнийг тэгж мэдэрдэг. Ээж аавын үнэ цэнийг холдоод явахаараа л мэдэрдэг. Олон эрчүүд дунд ороод амьдрах арга, ухааны төлөө зүтгээд ирэхээрээ мэдэрдэг. Үүнийг залууст ойлгуулах ёстой. Одоо цэргийн албанд татагдах 100 хүний 5-7 хувь нь л татагдаж, бусад нь янз бүрийн шалтгаанаар чөлөөлөгддөг. Оюутан байхад нь сургалтад хамруулж давхар цэргийн алба хаалгаж болно. Ингэж хүний амьдрал, зовлонтой нь холбож, тулгамдаж байгаа асуудалтай нь холбож юмыг хармаар байна. 

Бас багаас нь, хөлд орохоос нь эхлүүлээд спортод элэгтэй болгож өгмөөр байна. Наад зах нь хөлд орохоос нь чихэнд нь спорт, өрсөлдөөн гэсэн үгийг суулгаж л байх хэрэгтэй. Олимп, ДАШТ-ээс медаль авч ирэх юм бол насан туршид нь сар бүр цалин өгч байгаа шүү дээ. Зарим хүн сардаа 7 сая төгрөгийн цалин аваад явж байгаа. Би батлан хамгаалах, спорт хоёрыг уяж өгөөсэй гэж боддог. Олон улс оронд  Батлан хамгаалах, спортын яам гэж байдаг.

Сургуулиудын биеийн тамирын багш нарыг давхар бэлтгэл офицер болгоод, цэрэгт яваагүй бол БХИС дээр 3 сарын курст сургаад, МУБИС-ийн Биеийн тамирын анги төгсөгчдийг 6 сар цэргээр бэлтгээд л сургуульд багшлуулах хэрэгтэй. Хүүхэд 1 дүгээр ангид ороход л биеийн тамираар хичээллүүлээд эхлэх хэрэгтэй. Хүний амьдралын гол зүйл, таныг авч яваа зүйл чинь бие шүү дээ. Дараа нь түүн дээр боловсрол, хүмүүжил нэмж өгөх хэрэгтэй.

Манай гол гол спорт клубууд дандаа цэрэг, цагдаатай холбоотой. Дээр үеийн "Алдар", "Хүч" гээд хэвээрээ л явж байгаа. Би үүнийг хадгалах ёстой гэж боддог. Цэргийн ангиуд одоо спортын байгууллага болж хувирах хэрэгтэй. Ангийн буутай хүмүүс жилд нэг удаа тэнд очиж тир буудаж үздэг байх хэрэгтэй. Надад бэлэглэсэн энэ тэр гээд буунууд байна. Түүнийгээ буудаж үзэх газар алга. Цэргийн ангиудад буудлагын талбай байх юм бол сумаа авч очоод бууддаг байх боломжтой. Хүүхэд, залууст буудлага заадаг байвал эргээд Монгол Улсад хэрэгтэй. Хэрэгтэй үед иргэдээрээ дамжуулж улс орноо хамгаална шүү дээ. Батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай хууль зэргийг бид тийм байдлаар өөрчилж байгаа. Олон аймгийн төв дээр барилга-инженерийн ангиудыг шинээр нэмж байгуулж байгаа. Тэр ангиуд аймаг, орон нутагт байгаа тулгамдсан асуудлуудыг шийддэг байгаасай гэж бодож байна. Эрчүүд, хүмүүс маань чийрэг байх хэрэгтэй. Зарим оронд 18 наснаас дээш бүх хүн цэргийн алба хаадаг.

Малчин уламжлал гэдэг бол Монголын оршин тогтнох, хөгжин дэвжих хамгийн гол үндэс суурь юм

Монголыг авч явах бас нэг бүлэг гайхамшигтай хүмүүс бол манай малчид юм. Малчдаа бид хайрлах ёстой. Малчин уламжлал гэдэг бол Монголын оршин тогтнох, хөгжин дэвжих хамгийн гол үндэс суурь юм. Манай малчид шиг зээлээ цаг хугацаанд нь эргүүлж төлдөг хүн байхгүй. Би Монголбанкнаас судалгаа гаргуулсан. Малчдын зээлийн эргэн төлөлт 99,5 хувь байна. Тийм мундаг. Малыг нь үнэлээд зээл өгөхдөө нийт малынх нь 10-20 хувьд л өгч байгаа шүү. Зүгээр жирийн компани байшин барилгаа үнэлүүлээд зээл авахад 60-70 хувьд нь өгдөг мөртлөө малчдад тийм бага зээлийг хамгийн өндөр хүүтэй өгдөг. Тэдний зээлийн хүүг бид одоо 10 хувь руу оруулах тухай ярьж байна. Зээлээ цагт нь төлж байгаа тэр хүмүүс л хамгийн хөнгөлөлттэй зээл авах ёстой.

Малчин гэдгийг мэргэжил болгоё гэж бид яриад, ХХААЯ-тай ярьж байгаад бүгдэд нь мэргэжлийн үнэмлэх олгосон. Дээр үед "Муу сурвал чи мал дээр гарна шүү" гэж ярьдаг байсан. Муу сурдаг хүн мал дээр гардаг юм биш. Монголоо авч явах гэж байгаа, Монголын дархлааг, Монголыг авч явж байгаа хүмүүс л мал дээр гарна. Түүний төлөө явж байгаа юм. Малчин хүн өөрийгөө мэргэжилгүй гэдэг. Гэтэл цаг агаараа, малаа мэдэж байгаа нь хэрийн малын бага эмчээс хамаагүй илүү мэргэжилтэй. Малчин айлын эмэгтэй зөвхөн сүү саагаад, сүүгээ хувиргаад  байхад арван хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Тийм том үйлдвэрлэл явж байгаа юм.

Монголын 50 сая малыг 50 сая био үйлдвэр гэж ярья

Одоо Монголын 50 сая малыг  50 сая мал гэж ярихаа больё. 50 сая био үйлдвэр гэж ярья. Тэгж харж, тэгж малаа хайрла. Тэгж малдаа ханд. Монголыг өнөөдөр тэгж хардаг болсон байна. Гүү унагалаад үлдчихдэг байсан эхэсийг аваад дэлхийн хамгийн том баячуудын нүүрний гоо сайхны бүтээгдэхүүнийг Японд хийсэн. Япон руу эндээс авч явах гэхээр үнэтэй учраас Монголд ирж үйлдвэрээ байгуулъя гэж байгаа юм билээ. Бид хөөцөлдсөөр байгаад Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа. Энэ нь ашгаа өгөх гэж байна. Янз бүрийн химийн бүтэгдэхүүнээс гаргаж авах гээд болохгүй, тэгээд яг органик, яг байгалийн, амьтны гаралтай гайхамшигтай бүтээгдэхүүнийг монгол гүүний эхэсээс гаргаж авч болох юм байна. Монгол адуу гэдэг бол -40 градусаас  +40 градусын дотор, 80-100 градусын хэлбэлзэл дотор амьдардаг амьтан. Тэр хооронд үр төлөө тээж явдаг амьтан. Тэр хооронд унага бойждог. Түүгээрээ гайхамшиг л даа. Байж байгаа нь өөрөө био технологи. Тэгэхээр малчдын орлого асар өндөр өсөх боломжтой.

Хонины ноос нэг үе ямар ч үнэгүй байсан. Одоо хонины ноосны үнэ нэмэгдэж байна. Дээр үед шилэн хөвөн гэж байсан. Одоо хонины ноосоор барилгын дулаалга хийдэг болсон. Хамгийн сайн чанарын дулаалга хийж байгаа. Энэ үйлдвэрлэлийг л дэмжиж өгөх хэрэгтэй. Тэмээний ноосыг хялгасыг нь сайн ялгаад авахад ямааны ноолуураас илүү өндөр үнэд хүрэхээр байна. Хариуцлагатай, анхан шатнаас нь зөв бэлдээд, малынхаа арьсыг хүртэл цоололгүй зөв өвчөөд, хатаагаад авах хэрэгтэй. Ингэний ундаа гэж байдаг. Түүгээр чихрийн шижинг эмчлэх боломжтой. Дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь чихрийн шижин өвчтэй байдаг.

УИХ-ын гишүүд сая Хонконг, Азиар явж байгаад 100 гр махны зураг аваад ирсэн байна лээ. 10 ам.доллар юм байна. Нэг кг мах 100 ам.доллар байх нь байна шүү дээ. Нэг кг мах нэг хонины үнэтэй тэнцэх нь байна. Ийм мундаг юм байна. Тиймээс хоёр том зах зээл, бусад зүйл байна. Үүнийгээ юм болгоё. Ингэхэд сэтгэл хэрэгтэй. Төрд байгаа хүмүүс үүний ярьдаг, хүргэдэг байх хэрэгтэй. Би өнөөдөр хийсвэр юм ярьж байгаа юм шиг сонсогдож магадгүй. 2,3 жилийн дараа ажил болж эхэлнэ. Өнөөдөр ч ажил болоод хэрэгжээд явж байна. Малын яснаас кальци гаргаж авч байна. Манайхан эм, антибиотик руу яваад байдаг. Дэлхий нийт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг боллоо. Кальцийг адууныхаа яснаас аваад уугаад байхад таны хөл гар өвддөг, амархан хугардаг нь алга болно. Үүний төлөө Монголын үйлдвэр ажиллах ёстой.

Бүх шатанд үйлдвэрлэлийн бодлоготой байх хэрэгтэй

Ийм учраас Үйлдвэржилтийн тухай зарлиг гаргаад, Аж үйлдвэрийн яамтай болсон. Үүнийг би одоо Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам болго, үйлдвэрлэлийг дэмждэг болго гэж байгаа. Бүх шатанд үйлдвэрлэлийн бодлоготой байх хэрэгтэй. Юм нурааж байгаа хүнийг бус, юм бүтээж байгаа хүнийг дэмжие. Бүтээн байгуулалтын шагнал гаргая гээд Төрийн гэрэгэ шагнал гаргасан.

Манай ард түмэн, малчид гайхамшигтай мэдрэмжтэй. Дээр үед аав ээж ярьдаг байсан. Малаас амьсгалаас бусдыг нь авч болно гэдэг байсан. Одоо тэр үе ирж байна даа. Одоо л тийм болж байна.

Намайг БНХАУ-д айлчилж байхад нэг үхэр нядалгаанд ороод дамжлагуудаар явсаар байгаад Жип машины хэмжээний үнээр зарагдаж байгааг үзлээ. Тэр үхрийн арьсыг нойтон дамжлагаар оруулж памбайлгаад дундуур нь 5 удаа зүсч шир гаргаж байна. Түүнийг сунгаад татахаар хэчнээн их юм болж байна. Цэвэр арьсан суудалтай бол машины үнэ нэмэгдээд л явна. Яс, чөмөг зэргээр нь эм хийгээд, 100 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийгээд тавьчихсан байна. Нэг жижиг савтай нь 30-40 гаруй ам.долларын үнэтэй. Цуснаас арван хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Дэлхий ийм болчихоод байна. Бид ийм болохын тулд өмнөд хөрштэй энэ чиглэлийн харилцаагаа өргөжүүлье, дэмжие. Малаа эрүүлжүүлье гээд яриад явж байгаа. Мал эрүүлжүүлэх асуудлыг бүр мөсөн шийдээд, Монголд малын халдварт өвчин гардагийг алга болгох хэрэгтэй. Баруун таван аймгаас сүүлийн 10-аад жилд халдварт өвчин гараагүй. Баян-Өлгийд л нэг гарсан байх. Одоо баруун таван аймгаас мах авдаг болж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч ирж ярьж байгаад бид визгүй болгож шийдсэн. Манайхан урагшаа явдаг байсан, одоо хойшоо асар их явдаг болсон. Оросын бараа чанартай гэж бид үздэг. Үнэхээр тийм. Энэ их боломж гарсан байхад үүнийг ашиглах хэрэгтэй. Үүнийг ард түмэндээ ашиглуулах гэж виз гэдэг хүнд суртлыг бид шийдсэн шүү дээ.

Хатгалд хажуудаа нэг илүү гэр бариад хүмүүс амьдруулсан чинь 2 сарын дотор 7 сая төгрөгийн ашиг олсон гэдэг шүү дээ. Энэ жил ч Хөвсгөл рүү гадаад, дотоодын асар их хүн цувах байх. Түүнийг яаж ашиглах вэ, яаж жил тойрон ирдэг болгох вэ. Хөвсгөл рүү мөсний баярт ирдэг хүмүүсийг яаж нэмэх вэ. Тэнд Хөвсгөлийн брэнд гээд олон янзын сайхан юм хийгээд тавьчихсан байна. Гадна дотнын юм аваад байх шаардлагагүй болж байна. Өөрсдийнхөө хийсэн юмыг худалдаж авч, дэмжиж явах юм бол бидний ажил сайжирна.

Хүний нэг үе өнгөрөхөд дараагийн үе дээрээ жаахан дэвшил гараад л явах ёстой. Бидний үе дээр Монголын бүх асуудал шийдэгдчих юм бол дараагийн үе маань ажилгүй болох нь байна шүү дээ. Хэзээ ч тийм юм байхгүй. Хэзээ ч төгс төгөлдөр, сайн сайхан нийгэм байгуулна гэж байхгүй. Тэр рүү тэмүүлж л болно. Түүнийг зорих л хэрэгтэй. Хэзээ ч бүх юм сайн сайхан болно гэж байхгүй. Муу хүн байж л таарна. Муу асуудал гарч л таарна. Асуудал тулгамдаж л таарна. Иймэрхүү маягаар бид малчдаа дэмжих хэрэгтэй. Одоо мал маллах хүний тоо цөөрөөд, голдуу ахмадууд үлдээд, залуучууд сургууль соёлоор дамжаад яваад байна.

Малчин айлаас Монголын хамгийн мундаг, дундаж давхарга төрөх юм байна. Жинхэнэ дундаж бизнесмэн гарах юм байна. Монголын хамгийн олон малтай хүн 8000 малтай, 20-иод туслах малчинтай байна. Тэр 8000 малтай айлд Монголын хамгийн мундаг бизнес, хамгийн мундаг өндөр технологи байгаа. Одоо зах зээлийг нь бид бэлдэж өгөөд өндөр технологитой газруудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Түүний төлөө төрийн хүмүүс толгойгоо өвтгөж явах ёстой юм. Ингэж явж чадах юм бол манай залуучууд малаа маллаад явдаг болно. Мал гэдэг бол зөвхөн дагаж хонио хариулаад, дагаж морь, мотоцикль унаад явдаг зүйл биш. Мотоциклиор мал маллахаа больё. Мориороо малаа маллая гэж би уриалга гаргасан. Олон хүн дэмжсэн. Үүнийг одоо хиймээр байгаа юм. Мотоциклиос унаж жилдээ тархи толгойны гэмтэл авч байгаа залуус хэдэн мянгаараа байна. Хайран амьдрал. Морьтойгоо явсан бол юу гэж тийм юм болох вэ дээ. Яг өөрийн морь бол хүн гэмтээдэггүй гэж ярьдаг шүү дээ. Түүний хазаар, ногт, эмээл хийх бол дахиад л үйлдвэрлэл. Бид үндэснийхээ юмыг л дэмжмээр байгаа юм. Одоо энэ рүүгээ эргэж орсон нь дээр.  Энэ бол хоцрогдол биш. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ингэж ханддаг, боддог байх л ёстой. Бидний удам судар бүгд малчинтай холбогддог. Мал дээр байгаа аав ээж Мөрөн рүү орж ирэхдээ нэг хонины махтай, хөлдөөсөн сүү бариад ирж байгаа биз дээ.

Малчдыг тойроод нэг хүндрэлтэй асуудал гарч байгаа нь 6 настай хүүхдийг сургуульд сургах асуудал байгаа. Би түүнийг шийдэх гэж 2 жилийн өмнө зарлиг гаргаад БСШУЯ-нд чиглэл өгсөн. Миний үед 8-тайдаа, одоотой харьцуулбал хөгшин зөнөг юмнууд сургуульд орж байсан. 2-3-тайгаас нь цэцэрлэгээр хүмүүжүүлээд  6-тайгаас нь боловсрол олгож, сургуульд сургадаг нь дэлхийн жишиг юм. Үүнийг малчин дээр аваад үзэхэд амьдрал хүнд байна. 6 настай хүүхдээ сургах гээд ээж нь сумын төвд орж ирдэг. Залуучууд салдаг. Залуу амьдрал гэдэг бол бие биедээ татагддаг, бие биеэ санадаг, би биеэ харддаг. Янз бүрийн асуудал хүний амьдралд байдаг. Гэр бүл салж байна. Янз янзын зовлон байна. Тийм учраас 6 настнуудыг зуны сургалтад хамруул. Өвөл амралтынх нь үеэр 6 настнууд дээр очоод үсгийг нь заачих. Наад зах нь малчин аав ээж хоёр 7 дугаар анги төгссөн бол хүүхэддээ 35 үсэг нүдлүүлж чадна шүү дээ. 35 үсгээ нүдэлсэн, хүрдээ цээжилсэн байвал малчны хүүхдийг 8 настайд нь шууд 3 дугаар ангид авч болно. Ингэж шийдмээр байгаа юм. Ингэж амьдралд нийцүүлж шийдэх ёстой.

Бас нэг том шийдэх ёстой асуудал бол газрын асуудал. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түрээслүүлэх, ашиглуулах тухай хуулийг УИХ гаргах ёстой гэж хэлээд байгаа шүү дээ, би. Гаднын иргэн, ААН-ийн асуудлыг одоохондоо хаяя. Энэ бол тусдаа асуудал.

Газар шиг гайхамшигтай баялаг байхгүй

Монгол Улс дэлхийд нэг хүнд ноогддог газраараа 1 дүгээрт ордог. Газар шиг гайхамшигтай баялаг байхгүй. Газартай болоод өмчлөөд авчихсан хүн дээр нь нэг банз авчраад хаяхад өмч болно. Дээр нь юм нэмэгдээд л байдаг. Хэзээ ч үнэ нь унадаггүй гайхамшигтай хөрөнгө юм. Миний бодлоор төрийн зүгээс суурь хөрөнгийнх нь асуудлыг л ард иргэддээ шийдэж өгөх хэрэгтэй. Тэгээд л боломжийг нь олгочих.

Нэг л юманд хууртаж болохгүй. Үнэгүй боловсрол олгоно. Зээлийг чинь хүчингүй болгоно гэсэн юманд битгий хууртаарай. Үүний цаана банкны тогтолцоо, Монгол Улсын санхүүгийн тогтолцоо байгаа. Түүнийг нурааж хаядаг байхгүй юү. Таны амьдралыг л нураана гэсэн үг. Бид хариуцлагатай нийгэм рүү явах ёстой. Бид популист амлалтад толгой эргэх л юм бол Монгол Улс нэг явж байгаад л шат хий гишгэж байгаа юм шиг доошоо унана шүү. Юмыг бодитоор хармаар байгаа юм. Манай улстөрчид, шийдвэр гаргагчид бодитоор юмыг харах хэрэгтэй. Зээлийн харилцаа бол Монгол Улсын түүхэнд, Чингис хааны үед, Их гүрний үед ч байсан. Монголын зээлийн харилцаа гэж тусгай судлагдахуун байдаг.

Зээл алга болох юм гэснээс болоод бүх зүйл хүлээлтэд ороод зарим нь зогсдог. Би түүнийг маш буруу гэж боддог. Хүн төрөлхтөн бий болсноос хойш л бие биедээ илүү гарсан юмаа өгдөг, байхгүй нь нөгөө хүнээсээ зээлж авдаг тогтолцоо тэртэй тэргүй байсан.

Хараад байхад улс төрд унаж, босч явсан хүмүүс асуудлыг хардаг өнцөг нь арай нэг өөр, арай л амьдралтай байдаг. Шийдэлд хандаж байгаа нь арай л амьдралтай харагдаж байгаа юм. Үнэхээр энэ бол цаг хугацаа шаарддаг юм байна.

Та бүхнийхээ дэмжлэгээр би УИХ-д 4 удаа сонгогдсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар 2 удаа ажиллаж байсан. Унаж боссон. Ард түмнийхээ дэмжлэг, буян заяанд залбирч явдаг. Тийм учраас улс төрийн амьдрал, хийж байгаа ажлаа энэ хүмүүст зориулж, нэг асуудлыг боловч шийдэх юмсан, нэг сайн санаа хэрэгжүүлэхэд нь туслах юмсан гэсэн бодлогоор явдаг. Ингэж явж байж өнөөдөр улс төр гэдэг чинь ямар учиртай юм бэ гэдгийг ерөнхийдөө 60-70 хувьтай ойлгодог болоод байгаа юм. Гэтэл өнөөдөр улс төр рүү орж байгаа хүмүүс мундаг шийдэлтэй хүн шиг "Монгол сөнөчихсөн байна" л гээд байх юм. Бид тийм сөнөсөн газар ч амьдраад байгаа улс биш л дээ. Сөнөсөн бол бид бүгдээрээ л оролцож сөнөөсөн байгаа. Нялх Сэнгүмүүд гарч ирээд тийм л юм яриад байх юм. Мэдээж бид залуусаа дэмжих ёстой. Манай ард иргэдийн сонголт мундаг болох байх гэж би бодож байгаа. Хөвсгөлийнхний сонголт мундаг байх байх гэж найдаж байгаа.

Монгол Улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль санаачлах гэж байна

Суманд байгаа хүмүүс л сумандаа ажиллах хүмүүсийг зөв сонгож, зөв бүрдүүлэх хэрэгтэй. УИХ, төр, засгийн байгууллагууд төвлөрүүлж юм татах гээд байдаг. Орон нутгийн төр, захиргааны байгууллагаас та бүхэн асуугаарай. Санхүүгийн эрх мэдэл алга байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэдэн төгрөг ирээгүй бол манай сумын төвүүд ингэж нүүрээ угаасан юм шиг болохгүй шүү. Хөвсгөлд, Мөрөнд хийгдсэн зүйлүүд хийгдэхгүй байсан шүү. Олон газар өөр болсон шүү. Суманд өнөөдөр 3-4 давхар орон сууцууд баригдаж байна. Түүний 70-80 хувийг малчид авч байна. Ийм боломжууд байна. Сумыг тэндээ ам

0 сэтгэгдэл:

Post a Comment