2016/03/20

250 сая ам.доллар дуусахаар яах вэ?

-Улстөрчид, бизнесийнхний байх ёсгүй сүжрэл өнөөгийн нөхцөл байдлын уг шалтгаан. Хээрийн чоно дагасан өлөгчин хамгийн аюултай гэдэг. Улстөрчид, бизнесийнхний сүжрэлийг үүнээс өөрөөр адилтгах зүйл олдсонгүй-

Швейцарийн Credit Suisse банкнаас 250 сая ам.долларын зээл авсанаа Засгийн газар өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Хэдий хугацаатай, хэдэн хувийн хүүтэй талаар албан ёсны мэдээлэл алга. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллээр төсөв нэгэнтээ улайсан тул энэ мөнгөөр сонгууль болтол төрийн албан хаагчдын цалинг тавих гэнэ. Ер нь эдийн засгийн байдал яг ямар байдалтай байгаа талаар мэддэг хүмүүс нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй, мэддэггүйчүүд нь мэддэгийнхний тайлбарласан төдийгөөр л ойлголттой байна. Иргэдийн амьжиргааны түвшин хэр байгаа, орлоготой байна уу, үгүй юу гэдгийг статистикийн тоогүйгээр багцаалж болох газар нь Нарантуул зах. Энэ зах дээр худалдаа эрхлэгчид орлого нь буураад хоёр жил шахам болж байгааг хэлж байгаа. Тэднээс бараа худалдан авах мөнгөтэй иргэдийн тоо буурсан учраас тэдний орлого буурч байгааг ойлгож ядах юмгүй. Түүнээс биш Нарантуулаас худалдаа хийж байсан иргэд Нарантуулаас илүү үнэтэй дэлгүүрүүд рүү шилжсэн юм биш.

Улстөрчид, бизнесийнхний байх ёсгүй сүжрэл өнөөгийн нөхцөл байдлын уг шалтгаан. Хээрийн чоно дагасан өлөгчин хамгийн аюултай гэдэг. Улстөрчид, бизнесийнхний сүжрэлийг үүнээс өөрөөр адилтгах зүйл олдсонгүй

Иргэд зөвхөн хүнсний бараандаа мөнгө зарж эхэлсэн нь нууц биш. Ингэхдээ махыг граммаар, төмсийг ширхгээр, талхыг зүсмээр авдаг болсоныг хүнсний жижиг дэлгүүрийн худалдагч нар  ярьж байна. Хоёр жилийн өмнө өдөртөө 25-30 ширхэг талх зардаг байсан дэлгүүр өнөөдөр өдөртөө тавыг арайхийн зарж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт Хайлаастын нэгэн дэлгүүрийн худалдагч манай сэтгүүлчид ярьсан байсан. Ингэхдээ иргэд бэлэн мөнгөөр биш зээлээр ихэнх бараагаа авч байгаа ажээ. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө буух үед өрийн данс дугуйлагддаг ч төдөлгүй эргэн өрийн дансаа бичиж эхэлдэг байна.

Ингээд бодохоор энэ Монгол Улсад мөнгөтэй хүн байна уу. Баялаг бүтээгчид хэмээн дөвийлгөж байгаа хувийн хэвшлийнхэн нь баялгаа бүтээж чадахаа болиод удаж байгаа, уул уурхай нь зогссон, барьсан хэдэн барилга нь борлуулалтгүй. Жилийн 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг хаачсан бэ?

 17 хувийн өсөлтийг тогтоон барьж, илүү өсөх ёстой байсан эдийн засгийг улстөрчид сүйтгэсэн. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт яригдаж байсан мега төслүүд хэрэгжсэн бол энэ өсөлтийг хадгалж, иргэд өнөөдөр хоолны махаа граммалж авах дээрээ тулахгүй байх байсан. Хүний нохойд ч өгөөгүй, өөрийн нохойд ч долоолгоогүй мега төслөө булаацалдсан олигархууд үхэх сэхэхээ үзэхээс өөр аргагүй болж, эхнээс нь хоморголон баривчилж эхэллээ. Угтаа бол улстөрчид нь улс төрөө хийгээд, баялаг  бүтээгчид нь баялгаа бүтээгээгээд мөнгөө үржүүлээд явж байсан бол монголчууд бид цалингаа гаднаас зээлэхдээ тулахгүй л байсан. Улстөрчид, бизнесийнхний байх ёсгүй сүжрэл өнөөгийн нөхцөл байдлын уг шалтгаан. Хээрийн чоно дагасан өлөгчин хамгийн аюултай гэдэг. Улстөрчид, бизнесийнхний сүжрэлийг үүнээс өөрөөр адилтгах зүйл олдсонгүй.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын олж ирсэн 250 сая ам.доллар мөдхөн дуусна. Магадгүй энэ мөнгө дуусах үед сонгууль болж дараагийн засаг гарч ирнэ, дараагийн засаг дараагийн зээлээ бодно биз гэж найдаж байгаа байх. Харин тэр болтол улстөрчид нь сонгуулийн тойргоо булаалдаад төсөв бодох сөгөөгүй. Дараагийн Ерөнхий сайдын албыг ямар хүний үр авах юм бол доо, хөөрхий.

Д.НАРАНТУЯА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment