2016/03/16

МАН 70:30, МАХН 60:40

Ээлжит бус чуулган өндөрлөж, улс төрийн үйл явц нам жим, далд байдалд шилжив. Бүх зүйл хөшигний ард болж байна. Сонгуульд хэрхэн хэнтэй, ямар тактикаар оролцох гээд дор бүрнээ төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Намын дарга нар наанаа манай рейтинг сайн байгаа, ялалт байгуулах нь тодорхой гэж даналзаж буй ч үнэн хэрэгтээ бүгд сэтгэл зовиуртай, түгшүүртэй явна.

Тиймээс ч их шуурганы өмнөх нам гүм шиг бүх зүйл нь далд байдалд шилжжээ. УИХ-ын бөгөөд АН-ын дарга нийслэлийн удирдлагуудаараа Улаанбаатарын мандатын тоог нэмэх бичиг бариулан МАН-ын анхаарлыг мандатын тоонд чиглүүлж байгаад сэмхэн нуусан хөзрөө гаргасан нь сонгуулийн жилд Сонгуулийн хуулийг өөрчлөхийг хориглосон заалтыг "мартсан" явдал байв. Мандатын асуудалд МАН-д буулт хийсэн болж харагдаж байгаад дахин гар хүрч болох Сонгуулийн хуулийг баталсан  нь АН-ын хөзөр байж гэдгийг УИХ-ын гишүүн Б.Түвдэндоржийн өргөн барьсан Сонгуулийн хуулийн төслөөр ил болов.

МАН "Эх орончдын өдөр"-ийг тэмдэглээд маадгар цэцэг өргөж байх зуурт энэ явдал болсон. Баярын хурлын дараа юу болсныг ухаарсан МАН-чууд УИХ дахь бүлгийн даргаасаа эхлээд намын даргаасаа яагаад энэ заалтыг харалгүйгээр Сонгуулийн хуулийг батлуулсан юм гэж давшлах нь тэр.

З.Энхболд тэдэнд шилний цаанаас чихэр долоолгосон байжээ. Гэхдээ МАН энэ хуулийг байдаг чадлаараа эсэргүүцэж, батлуулахгүй байхаар бүх арга чаргаа ашиглах нь тодорхой. Учир нь, нийслэлийн мандатыг нэмэх нь МАН-ын мандат цөөрөхийн цондон. Хөдөө орон нутагт хөл сайтай МАН гол ялалтаа орон нутгаас авна гэсэн тооцоотой байгаа. Харин АН болоод бусад жижиг нам нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг төлөө тууштай зогсоно. АН хөдөөд нэр хүнд тааруу байгаа бол хотын "имиж"-тэй жижиг намууд хөдөөнөөс суудал горилох ч үгүй яваа.

Үүнээс гадна намуудын гол тоглолт сонгуульд нийлж оролцох. МҮАН-ын дарга М.Энхсайхан, Эх орон намын Б.Эрдэнэбат нар өнгөрсөн долоо хоногийн төгсгөлөөр нэгдэж сонгуульд оролцох талаар уулзаж ярилцсан тухайгаа жиргэсэн.

Харин энэ бүх урвалаас хамгийн аюултай мутаци нь МАН, МАХН-ын нэгдэл. Хэдийгээр эрх баригчидтай эвсэн засгийн эрхийг барьж буй ч тэд нэгдэх нь ер нь ойлгомжтой боллоо.

Энэ долоо хоногийн эхээр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцжээ.  Ингэхдээ МАХН-тай нэгдэх асуудлаар хоёр талцахдаа хүрч. Улс орны эрх ашгийн төлөө МАХН-тай нэгдэх нь зүйтэй гэж үзэх хүмүүс Ө.Энхтүвшинээс эхлээд олон байгаа аж.

Харин Ц.Нямдорж мэтийн Н.Энхбаярт даруулж, дарлуулж явсан хүмүүс үүний эсрэг тас зогсож буй аж. Гэхдээ нэгдэхийг дэмжигчид нь олон байгаа нь эх сурвалжийн мэдээллээр нэгэнт тодорхой болж байна. Нэгдэж сонгуульд орохдоо МАН-ын зүгээс 80:20 гэсэн хувиар ялалтаа хувааж авна гэсэн хувилбарыг дэвшүүлж буй. Энэ нь нэгдэж ороод өөрсдийн авсан квотынхоо 80 хувийг МАН, 20 хувийг МАХН авна гэсэн үг. Харин МАХН-ын зүгээс 60:40 гэсэн хувилбарыг санал болгожээ. 

Өөр өөрсдийн хувилбарыг зүтгүүлэх нь тодорхой ч МАН-ын зүгээс хатуу байр суурь барихгүй бололтой. Гол нь нэгдэж, нийлж орох нь чухал учраас Н.Энхбаярт буулт хийж,  дундаа хийгээд 70:30 хувилбарыг сонгоно гэсэн таамгийг МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн ярьж байна.

Харин тэдний ингээд хүзүү сээрээ нийлүүлээд хэлхэлдэхийг АН зүгээр хараад суухгүй нь хэнд ч ойлгомжтой.  АТГ ч Н.Энхбаярын оймсыг гозолзуулах ээлжит төлөвлөгөөгөө боловсруулж байгаа.

Тиймээс л дор бүрнээ өөр өөрсдийн тактикаа боловсруулж, хамгаалалт, довтолгоогоо гаргаж суугаа. Энэ удаагийн сонгуульд АН-ын хамгийн том хөзөр нь ипотекийн таван хувийн зээл болж байна. Тэдний энэ хөзрийг дарах мод аль ч намд байхгүй. Тиймээс тэрхүү зээлийг нь харлуулах будаг бэлдэж, цавуу түрхэж суугаа.

Л.НАРАНТӨГС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment