2016/03/16

“МИ-8 техникийн шалтгаанаас болж осолдоогүй”

Засгийн газрын "Сайдын цаг" уулзалтад өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, цаг үеийн асуудал болон салбартаа хэрэгжүүлж байгаа ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Энэ үеэр Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааны талаар хариулт өглөө. Үйл явдлыг тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид шөнө сургалтын нислэг үйлдэхээр МИ-8 нисдэг тэрэгтэй хөөрөөд удалгүй осолдсон байдаг. Ослын шалтгааныг тодруулахын тулд нисдэг тэрэгний хар хайрцгийг ОХУ-руу илгээсэн байсан бөгөөд "Техникийн шалтгаанаас болж осолдоогүй" гэдэг дүгнэлт гарсан байна.


Энэ талаар болон бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааны дүгнэлт ирсэн гэх мэдээлэл бий. Осол юунаас болсон юм бол. Осолд буруутай этгээдэд хариуцлага тооцсон уу?

-МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулахын тулд ОХУ-д хар хайрцгийг явуулж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр техникээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн хариу ирсэн. Осол хувь хүний ур чадвар, шөнийн нислэг зэргээс хамаарсан байгаа. Мөн нислэгт оролцож явсан хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Хувь хүмүүст оногдох хариуцлага эрүүгийн хэргийн шугамаараа тооцогдоно. Бид ийм осол дахин гаргахгүй тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Энэ талаар сайдын зөвлөлөөр хэлэлцээд, Зэсвэгт хүчний жанжин штабт  даалгавар өгсөн. Дор бүрнээ тодорхой ажил зохион байгуулж байгаа. Ойрын хугацаанд сайдын зөвлөлөөр эцэслэсэн байдлаар асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч, дахин осол аваар гаргахгүй байх чиглэлээр үүрэг даалгавар өгөгдөнө.

-Нисдэг тэрэг унасны дараа Батлан хамгаалах яам нисдэг тэрэггүй болсон гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу. Осолд орсон нисдэг тэргийг сэргээн засч дахин ашиглах боломжтой юу. Эсвэл шинээр авахаас аргагүй болсон уу. Хэрвээ шинээр худалдаж авах бол хэдийн хэмжээний хөрөнгө шаардах вэ?

-Нисдэг тэргийг дахин засч ашиглах аргагүй. Хуучин техник байгаа. Тэгэхдээ цаана нь тусламжаар авсан их завсарт орсон нисдэг тэрэг, мөн цөөн тооны нисдэг тэрэг бий.

-Бэртэл гэмтэл авсан хүмүүсийн биеийн байдал сайжирсан уу?

-Бие нь сайжирч байна. Хөлөндөө гэмтэл авсан залуугийн эмчилгээ үргэлжилж байгаа. Бэртэл гэмтэл эхэндээ илрэхгүй сүүлдээ илэрдэг гэмтэй учраас бүх талын шинжилгээг хийлгүүлсэн.

-Цэргүүдийг төмөр замын бүтээн байгуулалт болон ойн цэвэрлэгээний ажилд оролцуулахаар болсон. Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүд ямар цалин хангамжтай байх вэ. Бүтээн байгуулалтын дараагаар ажлын үнэмлэх, зэрэг олгох уу?

-Орчин үеийн бүтээн байгуулалт техникийн өндөр түвшинд хийгдэж байгаа учраас нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байж ажиллах шаардлагатай. Хамгийн сүүлд яригдсан томоохон бүтээн байгуулалт бол төмөр зам. Өмнөговь-Сайншанд хүрэх 240 гаруй км төмөр замын ажил юм. Энэ бол өндөр бүтээмжээр хийх ажил. Иймээс Хөдөлмөрийн яамтай хамтраад тус яаманд харьяалагддаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд мөн Батлан хамгаалахын сургалтын системийн хүрээнд энэ жил 2000 гаруй мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхээр зорьж ажиллаж байна. Ойрын үед зураг төсөл, санхүүжилт зэрэг шаардлагатай асуудлууд шийдэгдвэл гүйцэтгэгч байгууллагын зүгээс бэлтгэлээ хангаад энэ даалгаврыг нэр төртэйгээр биелүүлэх бололцоотой. Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүдэд цалин олгоно. Төмөр замын бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний төсөв төсөвлөгдөнө. Тухайн төсөвт ямар хэмжээний хөдөлмөрийн хөлс тусгагдсан байна, түүнтэйгээ уялдаатай цалин хөлс авах болно. Цэргийн албан хаагч гээд цалин өгөхгүй гэх асуудал байхгүй.

-Бусад салбартай харьцуулахад батлан хамгаалахын төсөв хүндрэлтэй байдаг талаар өмнө нь яригддаг байсан. Одоогоор тус салбарын төсөв ямар байгаа вэ?

Урьд нь төсвөөс ямар хэмжээний төсөв ногдоно, улс орны эдийн засаг ямар түвшинд байна түүнээс л салбарын санхүү хамаарна гэсэн бодлого хамаарч ирсэн. Саяны баталсан Батлан хамгаалахын үндэс дээр эдийн засгийн тал дээр нэлээд анхаарсан. Улс орныг батлан хамгаалахад ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна, түүнийг нь Монгол Улс бүхлээрээ хамтраад бий болгох ёстой гэсэн өндөр зорилт тавьсан байгаа. Зөвхөн төсвөөс биш бусад түвшний орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах даалгавартай болсон. Энэ хүрээндээ ч гэсэн бүтээн байгуулалтыг ажлууд ч мөн орж байгаа. Энхийг сахиулах чиглэлээр тодорхой орлого орж ирдэг. Тэрхүү орлого нь зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд шилждэг. Энэ сангаасаа буцаад энхийг сахиулагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудалд зарцуулдаг. Үнэтэй зэвсэг техник, үнэтэй онгоцыг авахад улсаас онцгой анхаарч байж, энэ зорилтоо биелүүлэх болдог. Шинэ бодлогод мөн зэвсэг техникийн шинэчлэлд зориулж улсын төсөвт тусгайлсан хөрөнгө суулгаж байна гэсэн асуудал тусгагдсан. 2017 оны төсөвт ямар техник худалдаж авах вэ гэх саналаа яамны зүгээс оруулж байгаа. Мөн дотоодын нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс Төвийг сахих бодлогыг дэвшүүлсэн. Салбарын яам энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төвийг сахих бодлогын эерэг болон сөрөг тал юу байх вэ гэсэн судалгааг бүх л салбарынхан хийж байгаа. Манай салбарын эрдэмтэн судлаачид энэ салбарт олон жил ажилласан туршлагатай алба хаагчид дүгнэлт гарган, ярилцаад явж байна. Гадаад харилцааны яамны шугамаар хойд, урд хоёр хөрштэйгээ зөвлөлдөх тодруулах ажил мөн хийгдэж байгаа. Манай салбарын хувьд ойрын үед ахмадууд, эрдэм шинжилгнээний ажилтнуудыг Ерөнхийлөгчтэй уулзуулж, энэ чиглэлээр боловсруулалтаа ахиулахаар ажиллаж байна.

-МАХН бусад намуудтай нэгдэх тухайд ямар хувилбар яригдаж байгаа вэ?

-Манай намын хувьд бусад намтай нэгдэх, дангаараа оролцох гэх мэт 4-5 хувилбар байна л даа. МАН, АН болон парламентад суудалгүй намуудтай хамтарч ажиллах хувилбар байна. Энэ талаар эцэслэн шийдээгүй, эцэслэн шийдэх хугацаа ч болоогүй. Одоогоор тал талдаа хэлэлцэх түвшинд асуудал яригдаж байна. Ойрын үед МАН-тай хамтрах эвсэх талаар ажлын хэсэг байгуулах, мөн АН-тай өнөөгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, дараагийн хугацаанд хамтрах ямар боломж байх талаар ч гэсэн ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг хэлэлцэн шийднэ.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment