2016/03/14

Том эвсэл байгуулна

"Өмнөхөөсөө ч өргөн эвсэл байгуулах бодолтой байна"

Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намаас танай намтай нэгдэх саналыг тавьсан. Шийдэлд хүрч чадсан уу?

- АН манай намтай нэгдье гэсэн санал тавиагүй. Харин намаа татан буулгачихаад АН-д нэгдэхийг санал болгосон захидлыг АН-ын дарга Энхболдоос МҮАН, ИЗНН намд албан ёсоор тавьсан юм. Яагаад бид намаа татан буулгах ёстой гэж, яагаад АН-д гүйж очиж нэгдэх ёстой гэдэг талаар хэн ч ямар ч тайлбар хийхгүй байгаа. Сайнаар ярьвал нэгдье гээд ч байгаа юм шиг. Муугаар ярьвал хүрч ирээд нэгд гээд тулган шаардаад ч байгаа юм шиг. Ийм нэгэн захидал ирснийг мэдэж байгаа. Манай намын Удирдах Зөвлөл нэгдэх тухай биш, эвсэж хамтарч ажиллахад бэлэн гэсэн соёлтой хариу өгсөн. 

- Ардчилсан намын дарга З.Энхболд тантай таагүй харилцаатай байгаа гэж олон нийт харж байгаа. Мэдээллийн  хэрэгслээр  ч тэгж мэдээлж байна.  Энэ  нь  хоёр намын нэгдэлд  нөлөөлж байгаа юу?

- АН-ын даргатай ер нь уулзаагүй. Тийм шаардлага үүсээгүй. АН манай ажилд саад болсон юм байхгүй. МҮАН тэдний ажилд саад болж байгаа юм алга. Санал нэгдэх юм байдаг ч санал зөрөлдөх зүйл бас зөндөө. Хоёр нам нэгдэх асуудал боломжгүй, цаг хугацааны хувьд ч амжихгүй болсон гэж бодож байна. Иймэрхүү байр суурийг мөн захидал гардаж авсан ИЗНН-ын дэд дарга Ганхуяг хэвлэлээр хэлсэн байнлээ.

- Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Удахгүй болох сонгуульд "Шударга ёс" эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзэж байна" гэсэн байсан. Тэгэхээр танай нам сонгуульд яаж оролцоно гэсэн үг вэ?

- Сонгууль болдогоороо болно. Урд өмнөх сонгуулиудаас энэ удаагийн сонгуулийн ялгагдах гол зүйл нь Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт тавигдах шаардлага урд өмнөхөөс өөр. Сонгуулийн дараа байгуулагдах ирээдүйн Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарах болно. Энэ нь урд өмнө тавьсан өр, зээл, бондын төлбөртэй холбоотой юм. Санхүүгийн хувьд бид дефолтын байдалтай байгаа. Эдийн засгийн бодлогоо эрэмбэлж, хэрэндээ чардайж ажиллахгүйгээр бид хямралаас гарах аргагүй. Иймээс сонгуулийн дараахь Засгийн газар илүү "мэргэжлийн" байх шаардлагатай. Дээр нь улс төрийн дэмжлэгтэй байхгүй бол тогтворгүй байдал даамжирч хямралыг улам гүнзгийрүүлэх аюултай. Иймээс ирээдүйн Засгийн газар хүссэн хүсээгүй ч Их Эвслийн Засгийн газар байхаас өөр замгүй. Эл байдлыг илүү ойлгосон хүмүүс УИХ-Д олонхи болоосой гэж бодож байна. АН-ын өнөөгийн удирдлагын хувьд хамтарч ажиллаж байсан МАН-ыг Засгаас хөөсөн хийгээд бурууг өөрсдөөсөө бус бусдаас хайх байдалтай байгаа нь алдаатай бөгөөд сонгуулийн дараа энэ байдал үргэлжилбэл улс орон улам дампуурах магадлалтай. Иймээс АН-ын дарга З.Энхболдын байр суурь бол АН-д төдийгүй, Монголын ирээдүйд хохирол авчирч мэдэхээр байгаа.

МҮАН бол өнгөрсөн 10 жилд үргэлж үзэл санааны үндэс дээр эвсэлдэн нэгдэх бодлогыг хэрэгжүүлсэн. Бид АН-тай ч, МАН-тай ч хамтарч Засгийн газар байгуулж байсан. Хямралын үед бидний энэ бодлого бүр л илүү чухал болж байгаа. Бид хямралаас хамгийн бага хохиролтой гарах хэрэгтэй. Үүний тулд бүх намуудтай үзэл санаа, бодлогоороо хамтарч ажиллахыг урьтал болгоно.

-Танай намыг МАН-тай эвсэж ирэх сонгуульд оролцоно гэх яриа гарсан. Ардчилсан намын дарга З.Энхболд ч чуулганы индрээс "М.Энхсайхан МАН-тай нийлнэ гээд явж байгаа юм билээ" гэж байсан. Энэ талаар та ямар  бодолтой байна?

-Монголын нийгэм олон үзэл бодолтой. Сонгогчид зөвхөн хоёр том намын өмч болчихсон гэж бодохгүй байна. Манай намд нэгдэхгүй бол нөгөө намд ор гэж ярих нь зохимжгүй хийгээд тэр нь зөвхөн хувь хүний хүмүүжилтэй холбоотой гэж бодож байна. Том намууд авдаг саналаа аваг. Бид ч авдаг саналаа авья. Их бага нь хамаагүй гэж бодож байна.

-Үүнээс гадна та өнгөрсөн долоо хоногт Эх орон намын дарга Б.Эрдэнэбаттай уулзсан. Уулзалтын үеэр тэд МҮАН, Эх орон намууд УИХ-ын сонгуульд эвсэж орох боломжийн талаар ярилцсан байна. Ингэхдээ "Эх орон ардчилал шударга ёс" эвсэл байгуулан орох боломжийн талаар хөнджээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Бид санал бодлоо идэвхтэй солилцож байгаа. Би урд нь "Эх орон-Ардчилал" болон "Шударга ёс" эвсэл байгуулж байсан туршлага дээрээ үндэслээд урд өмнөх эвслүүдээс илүү өргөн эвсэл байгуулах бодолтой байна. Цаг үеийн шаардлага ч тийм байгаа. Том намууд тэр болгон сайн боловсон хүчин, шинэлэг хүмүүсийг нэр дэвшүүлдэггүй. Чадалтай хүмүүст "төрийн өндөрлөгт хүрэх гүүр" болж чадах эвсэл байгуулбал амжилт болох юм. Нэг хоёр биш нэлээд намуудын эвсэл байвал сайн гэж бодож байгаа.

Б.ДАВААТОГТОХ

(Засгийн газрын мэдээ сонин)

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment