2016/03/12

МҮАН-аас АН-д өгсөн хариу

Намрын чуулган завсарлаж, Төрийн ордон эл хуль болсон ч улс төрийн намууд сонгуульд бэлтгэн хөдөлгөөнд оров. Энэ жилийн сонгуульд жижиг намууд эвсч, томынхоо эсрэг хөдөлж мэдэх нь. Гэвч лидер гээд байх хүнгүй, зөвхөн намын дарга нь сайн, муугаар олонд танигдсан жижиг намууд сонгогчдын итгэлийг олоход бэрхтэй.

Сар шинийн өмнөхөн жижиг намуудын салхийг хагалж МАХН, Монголын ногоон намтай эвсэх асуудлыг хөндөөд авсан бол энэ удаад МҮАН-ын дарга, Эх орон намын удирдлагатай УИХ-ын сонгуульд эвсэж орох боломжийн талаар анхны уулзалтаа хийсэн нь улстөрийн хүрээнийхний анхаарлыг татаж эхэллээ.

Хоёр жижиг нам эвсэж УИХ-ын сонгуульд оролцоход хэр амжилт олох вэ. Энэ жилийн сонгууль 2012 оны УИХ-ын сонгуультай харьцуулшгүй өндөр босготой болсон. Учир нь намын нэрсийн жагсаалтаар сонгогчдоос санал авч, таван хувийн босгоо давлаа гэхэд тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс нэг нь УИХ-д сонгогдохгүй бол парламентад төлөөлөл нь гарах боломжгүй. Хоёр том намын ханцуй дотроо хийсэн наймааны үр дүн энэ юм. Гадна талдаа хоёр талцаад л хэрэлдээд суусан, харин цаагуураа жижгүүдээ жийж, тойргийн гадна үлдээх хувилбарыг л сонгож олсон хэрэг. Өөрөөр хэлбэл, олонд танигдсан улстөрч цөөтэй жижиг намууд хоорондоо эвсэж нэгдэн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд асар том шалгуур хүлээж байна гэсэн үг.

Уг нь энэ босгыг гуравдагч хүчнүүд даваад гараад ирвэл сайн л хэрэг. Гэвч өнөөдөр сонгогчдын итгэлийг хүлээсэн, үнэхээр энэ улстөрийн хүчнийг гаргачих юмсан гэсэн нийгэмд давалгаа үүсгэсэн, хүлээлт үүсгэсэн гуравдагч хүчин бий юу?.

Монголд олон намын тогтолцоо бий болсноос хойш 20 гаруй жил өнгөрч байгаа ч хүчтэй лидерүүдтэй, бодлогын төвтэй улс төрийн гуравдагч хүчин бий болж чадсангүй. Зөвхөн сонгуулиар авсан тодорхой хувийн саналдаа үндэслэн том намынхаа хормойд зүүгдэн Засгийн газарт нь багтаж ажиллан албан тушаалд сууснаас өөр зүйлгүй. Сөрөг хүчний үүрэг ч гүйцэтгэж чадалгүй явсаар өнгөрсөн жилүүдийг барсан улстөрийн хүчин цөөнгүй бий. Төлөөлөл нь ИЗНН болж, бичигдсээр ирсэн ч МҮАН, Эх орон нам мөн энэ түүхээс бичилцсэн билээ.

Угшлыг нь хөөвөл МҮАН Ардчилсан намаас эхтэй. МАН-аас МАХН тасран гарсан шиг л үйл явц хэдэн жилийн өмнө болсон хэрэг. Гэхдээ эрх баригч хүчнээс ирүүлсэн нэгдэх саналд МҮАН-ын зүгээс одоо хэр нь хариу өгөлгүй явсаар Эх орон намтай эвсэх асуудлыг хөндөөд авсан нь сайд М.Энхсайханы олон жилийн өмнөх гомдолтой нь холбоотой гэж үзэх хүн ч байна. Цагтаа тэрээр Ардчилсан намын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байв.

Мөн эрх баригч хүчинд үнэд орж, Эх орон намд тал зассан нь Ардчилсан намын удирдлага хэтэрхий эзэрхий санал хүргүүлснээс болсон гэж тайлбарлах улстөрч байгаа ч нэгдэх асуудлаас үүдэлтэйгээр МҮАН-ын дотоодод бас асуудал үүссэн бололтой. Намын дарга нь Ардчилсан намтай нэгдэх байтугай эвсэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурь барьж буй бол гишүүд нь эсрэг аж.

Тодруулж хэлбэл, Эх орон намын даргатай хийсэн дээрх уулзалт нь зөвхөн сайд М.Энхсайханы өөрийнх нь хүсэлт болохоос гишүүдийнх нь эрмэлзэл биш гэх "бор шувуу" ч нисэж байна. Тэр дундаа парламентад сууж байгаа гишүүд нь эсрэг бодолтой байгаа гэх.

УИХ-д сонгогдсон гишүүдээс нь Г.Уянгыг ХҮН-д элсэж магадгүй тухай мэдээлэл цацагдах болсон. Үүнд тэрээр "Сонголтоо хийгээгүй байгаа, намаасаа гарах бол хамгийн амархан хувилбар. 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН МАХН-тай хамтран Шударга ёс эвсэл байгуулан оролцож тодорхой зорилго тавьсан ч Засгийн газарт хамтарсан энэ хугацаанд түүндээ хүрээгүй. Зөвхөн албан тушаал хуваалцан зорилгоо орхисон нь сонголтоо өөрчлөхөөс аргагүйд хүргэж байгаагаа учирласан нь бий.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэгийн хувьд эрх баригч хүчин талдаа санаа оноо нийлэх болсныг тодотгох хүн ч бий. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан МАХН-руу урвасан бол Д.Батцогт мөн анхны намдаа очсон. Үндсэндээ МҮАН лидерийн хомсдолд орсон гэж хэлж болохуйц байгаа.

Ийм нөхцөлд МҮАН Эх орон намтай эвссэнээр хэр хол явах бол...

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment