2016/03/21

Цэнхэр тойрогт өрсөлдөгчид хэн бэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт хэн, хэн нэр дэвшихээр сунгааны бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Улаанбаатар хотоос 40 гаруй км зайд орших Төв аймаг нь 27 сум, 90 мянга гаруй хүн амтай. Арван жилийн өмнө буюу 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Д.Ганболд, Ү.Наранцэцэг нар тус тойрогт ялалт байгуулж, дөрвөн мандатын хоёрынх нь эзэн болж байсныг эс тооцвол бусад сонгуульд Ардын намынхан ялж, цэнхэртжээ.

Намууд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаагүй ч хоёр мандатад өрсөлдөх нэр дэвшигчийн ерөнхий төлөв гарч эхэлсэн нь МАН хууччуулаа, Ардчилсан нам шинэ хүнийг сойж мэдэхээр байна.

Ардчилсан нам

Дээрх тойрогт эрх баригч хүчнээс өнгөрсөн хугацаанд хамгийн сайн усалгаа хийсэн горилогч нь Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв боловч хоёр ч удаа өвдөг шороодсон нь  итгэл хүлээлгэхэд бэрхтэй болгож буй бололтой. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нараас шигших сураг гарч байна.

Цөөнхийн бүлэг байхаас Ардчилсан намын гол хөзөр болсон хууль эрх зүйн шинэчлэлийг гардсан улстөрч бол Х.Тэмүүжин. Одоо ч хууль зүйн салбарт шинэчлэл үргэлжилж байгаа. Хэт баруунжсан шинэчлэл нь Монголын хөрсөнд буухгүй байна гэх шүүмжлэлийг зарим нэг хуульч шүүмжилдэг ч Эрүүгийн хуулиас эхлээд олон хууль хүний эрхийг хамгаалахад чиглэж, агуулгын хувьд үндсэндээ өөрчлөгдсөн юм. Нэг үгээр хэлбэл, хуулийн байгууллагынхан хэн нэгэн иргэнийг зөрчил гаргасан, мөн хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Сэжигтнээр хэргийг нь нотлуулах гэж муйхарлах бус гарцаагүй буруутай болохыг нь тогтоох хөдөлшгүй баримтыг олох шинэ арга барилаар ажиллаж эхлэхийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа хуулиуд шаардах болсон юм.

Гэмт хэрэгтэнд ч эдлэх эрх бий гэдгийг иргэд одоо дээрх хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэддэг болж, сэтгэхүйн хувьд ч өөрчлөгдөж байгаа. Ийм ч учраас хатуухан тойрог руу эрх баригч хүчин гол хуульчаа илгээж, сонгогчдын итгэлийг авах тактик барьж мэдэх нь. Уг нь тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин ялж байсан түүх бий. Харин энэ удаад Төв аймаг руу нэр нь чимээлэх болсон нь өрсөлдөгчдийнх нь зүгээс хүчтэй хүнээ хол газар луу зоох гэсэн арга мэх нь үү, аль эсвэл хатуу тойрог руу шазруун улстөрчөө сойхоор эрх баригч хүчин шийдэв үү гэдэг нь сунгааны үеэр илүү тодрох болов уу.

Ц.Тувааны хувьд Шинэчлэлийн Засгийн газрын үед Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын алба хашиж байв. Дэд сайд нарыг цомхотгох үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн ч Хөдөлмөрийн сайдын нөмөр нөөлгөөр дараагийн ажилдаа томилогдсон гэх нь бий. Одоо тэрээр Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга төдийгүй Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг давхар хашиж байна. Сонгуульд нэр дэвшигчийн арын албанд зүтгэж байснаас нэр дэвшсэн удаагүй Ц.Туваанд намын нөхөд нь итгэл үзүүлж мэдэхээр байна.

Харин М.Отгонбаяр нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс өнөөг хүртэл "Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бол дэд сайд асан Д.Доржпүрэвийн хувьд 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа хоёр ч удаа дэвшээд амжилт олоогүй мэнгэ нь голлосон нэр дэвшигч юм. Гэхдээ бууж өгсөнгүй бусадтай нь харьцуулахад тойргоо хамгийн их тордсон горилогч. Сонгуулийн сунгаа ид эхлэхэд намын нөхөд нь итгэл хүлээлгэхийг байг гэх газаргүй.

МАН

Ардын нам хуучин хүмүүсээ сойхоор бэлтгэж байна. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд намын нэрсийн жагсаалтад орохгүйгээр шийдвэл нутагтаа дахиад тоосоо үзэх нь. Хоёр мандаттай тойрог учраас өмнөх сонгуульд намын нэрсийн жагсаалтад багтан УИХ-д сонгогдсон Н.Энхболд гишүүн тус тойрогт өрсөлдөж, УИХ-ын гишүүн Су.Батболд өнжиж, намын жагсаалтад багтаж мэдэх яриа хөөрөө хөвөрч байгаа юм. Хэн нь ч нэр дэвшсэн нэгнээсээ илүүрхээд хол тасраад байхгүй, аль ч хувилбараар явсан алдах зүйлгүй аж. Гэхдээ сонгогчид шинэ кейс хүсвэл хууччуулын байдал бишдэж мэдэх ч сонгууль дөхөх тусам эрх баригч хүчнийхэн хөнжилдөө хөлөө жийлцэн "зодолдсоор" байвал цэнхэр тойрог улаан болоход хүндрэлтэй.

Шинэ он гарахтай зэрэгцэн аварга А.Сүхбат төрсөн нутагтаа нэр дэвших яриа гарсан нь үнэний ортой аж. 2013 онд Ардчилсан намд гишүүнээр элсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын гараас батлахаа гардаж авч байсан тэрээр Сонгуулийн хуулиас халгалгүй 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөх нь. Хэвлэлүүдэд бичсэнээр өнгөрсөн нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандан гишүүнчлэлээсээ татгалзжээ. Том нам бараадаагүй нь сонголт нь юмдаа.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

М.Энхболд, Су.Батболд МАН

2008 онд

М.Энхболд, Н.Энхболд, Д.Дондог, Су.Батболд МАХН

2004 онд

Н.Энхболд, Д.Дондог, Ц.Сүхбаатар, Су.Батболд МАХН

2000 онд

М.Зэнээ, Ц.Өөлд, Н.Энхболд, Д.Дондог МАХН

1996 онд

Д.Ганболд, Ү.Наранцэцэг АХ эвсэл

М.Зэнээ, С.Ганчимэг МАХН

1992 онд

Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн, М.Зэнээ, М.Мэндбилэг МАХН

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment