2016/03/23

Увсад өрсөлдөх горилогч хэн бэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Монгол Улс ардчилсан нийгмийг сонгосноос хойш зургаан ч удаагийн УИХ-ын сонгууль болж өнгөрөхөд зөвхөн нэг талд буюу Ардын намынханд итгэл хүлээлгэсэн сонгогчид нь увсчууд аж. Улаан тойрог хэмээн тодорхойлж болох энэ тойрог хоёр мандаттай ч сонгуульд тоосоо өргөх горилогчийн тоо олон байна.

Ардчилсан нам

Эрх баригч хүчин Увс аймаг руу Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг илгээж, хүчийг үзүүлнэ гэх яриа саарал ордноор нэгэн үе түгсэн ч батлах эх сурвалж олдсонгүй. Гэхдээ орных нь нэр дэвшигчээр "Тэсо" корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл орж ирж байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед экспортод бүтээгдэхүүнээ гарган цойлж яваа түүнийг хэзээнээс Увсыг хараандаа авч усалгаагаа хийсэн тухай мэдээлэл ч байна. Харин хамт өрсөлдөх нэр дэвшигч нь тодорхойгүй аж. Намынх нь зүгээс Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнг сойх хүсэл бий ч их улстөрд хүч үзэх сонирхолгүй юм байна. Хийсэн бүтээснээ сурталчилж сүйд болоогүй л болохоос бусад Засаг дарга нартай нь харьцуулбал их ажил хийжээ. Хүсэлгүй, сонирхолгүй хүнийг хүчээр зүтгүүлэх нь  аз сорьсон хэрэг болох тул арын эгнээний горилогчдоос шигших бололтой. Энэ тохиолдолд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Бат-Амгалан, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр нараас нэг нь дагуул болж өрсөлдөж магадгүй нь.

2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам уг тойрогт Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарыг илгээж байв. Гэвч МАН-аас өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын дунд үргэлжилсэн их маргаан өрнөж, эцэстээ тэд УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжгүй болсон юм. Тэднийг даагаа нэхэхийг хүсэх сонгогч олон байсан ч хэн, хэн нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй билээ.

МАН

Ардын намынхан улаан тойргоо алдахгүйн тулд янз бүрийн л хувилбар гаргаж тооцоолол хийж байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг нэг тойрогт нь зоож, нэг намын нэрсийн жагсаалтад багтаан хөдөлгөж эхэлжээ. Хэрвээ Б.Чойжилсүрэн гишүүн намын листэд бичигдэхдээ тулбал Ч.Хүрэлбаатар гишүүнтэй ханьсах нэр дэвшигч олох хэрэгтэй болох юм байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэх бэлэн нэр дэвшигч байгаа ч Ардын намын сонгуульд барих тактикаас шалтгаалж, тойрог руу нь илгээхгүй нь. Түүнийг нийслэлийн тойрогт сойх аж. Иймээс нэг нэр дэвшигч нь Б.Чойжилсүрэн үү, эсвэл 2008-2012 онд Увс аймгийн Засаг даргаар ажилласан Б.Цасчихэрийг сойх хувилбар луу шилжих үү гээд эргэлзээтэй сууж буй аж. Энэ нь тус тойрогт болсон 2012 оны УИХ-ын сонгууль хэл ам ихтэй, шүүх цагдаадаа тулсан нь болгоомжлол төрүүлж байгаа бололтой.  Сонгуулийн хууль хатуу ч гавьяат дуучин С.Жавхлан бие даан нэр дэвшинэ.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар МАН

2008 онд

Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар МАХН

2004 онд

Ц.Нямдорж, Б.Эрдэнэсүрэн, Ч.Авдай МАХН

2000 онд

Ц.Нямдорж, Н.Баяртсайхан, Ч.Авдай МАХН

1996 онд

Ц.Нямдорж, Н.Баатарсайхан, С.Төмөр МАХН

1992 онд

С.Төмөр, Н.Баяртсайхан, О.Шаалуу МАХН  

Г.ХОРОЛ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment