УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар гарсныг хүндэтгэж байгаагаа мэдэгдэж, одоогоор өөрөө бүлгээсээ гарах эсэхээ шийдээгүй байгаа гэлээ. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан байсан. Халз мэтгэлцээн өнөөдөр 19.00 цагт болох аж. Гэвч Ерөнхий сайд халз мэтгэлцээнд оролцох эсэх талаар хариу өгөөгүй тул хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 23 болгон нэг сараар хойшлуулжээ. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-"Шударга ёс" эвслийн бүлгээс та гарвал Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр нь эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна.
-УИХ-ын дэд дарга Л.Цогийг бүлгээсээ гарах шийдвэриг эхэлж намдаа мэдэгдээгүй учраас хариуцлага тооцно гэж МАХН-ын зүгээс мэдэгдсэн. УИХ-ын дэд даргад таны нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл цацагдах боллоо. Та хүлээн авах уу?
-Бүлэг дэд даргаа томилуулдаг. Хуулиараа бүлэг нэг УИХ-ын дэд даргатай байна гэсэн хуультай. Нэгэнтээ Л.Цог дарга бүлгээсээ гарч байгаа учраас орны хүнийг томилж таарна. УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаалыг улс төрийн соёлоор Л.Цог дарга өгөх байх. Бүлгээс гарчихаад албан тушаал хашиж болохгүй. Тэрнээс биш хариуцлага тооцоод авч байгаа юм биш.
О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг "бор шувуу". Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй. Ямар нэг албан тушаалд очих бол юу хийх юм, юу бүтээх юм гэдэг тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд очвол юм хийх хүн л очих хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч биш, цаг ч биш.
Ер нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга болоод миний юу хийснийг та бүхэн мэднэ. Тавантолгойн асуудлаар 1072 хувьцааны тогтоол гаргуулсан, өөрийгөө шатаасан С.Эрдэнийн талаар бүрэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлсэн. Байнгын хороо үүргээ гүйцэтгэсэн, цаашдаа ч гүйцэтгээсэй гэж би хүсч байгаа.
-Та бүлгээсээ гарах уу?
-Би одоогоор шийдвэрээ гаргаагүй байгаа.
-Хэрвээ Ерөнхий сайд мэтгэлцээнд ирэхгүй бол бүлгээсээ гарч Засгийн газрыг унагах уу, яах вэ?
-Тэр ирнэ ээ, мэтгэлцээндээ. Тойрогт нэр дэвших юм билээ. Тойрогтоо ажиллах үед нь очиж хүлээж байгаад мэтгэлцэнэ дээ. Иргэдтэй уулзалт хийх байлгүй, иргэдийнх нь дунд зогсож байгаад мэтгэлцчихье. Мэтгэлцээнээс зугатаана гэдэг өөрөө утгагүй. Юунд нь айгаад байгаа юм.
Г.ДАРЬ
0 сэтгэгдэл:
Post a Comment