2016/03/14

Наран ургах зүгийн ялагч хэн бэ?

"Сонгууль-2016" тулааны өнгийг долоо хоног бүр тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад Сүхбаатар аймагт хэн, хэн өрсөлдөх таамаглал байгааг хүргэе.

Сүхбаатар бол улаан тойрог. 1992 оноос хойшхи сонгуулийн дүнг харахад ихэнхдээ л улааныхан ялалт байгуулж ирсэн байдаг.  Өмнө нь хоёр мандаттай байсан тус тойрог 2012 оноос ганц мандаттай болсон.  Өнөөгийн парламентад тус аймгийг төлөөлж М.Зоригт сууж байгаа. Тэрбээр Шийдлийн Засгийн газрын  Зам тээврийн сайдаар ажиллаж буй бөгөөд, ахиж Сүхбаатар аймгаас нэр дэвшихгүй гэж ам алдаад байгаа. Мандах наран зүгт байгаа нутгаасаа нэр дэвшихээр усалгаа тордолгоондоо орсон хүмүүс АН, МАН-д цөөнгүй.  Хэдийгээр горилогч цөөнгүй ч  мандат ганц. Тиймээс тус аймгаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намуудын хувьд тун хүндхэн сонголт болчихоод байна.

АН

Сүхбаатар аймагт нэр дэвшихээр Ардчилсан намаас бие халаалтаа эхлүүлсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол  аймгийн Засаг дарга Ж.Батсуурь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй тэрбээр энэ удаад төрөлх аймгаасаа сонгуульд хүч үзэхээр шийджээ. Түүнийг УИХ-д өрсөлдүүлэхийн тулд М.Зоригт энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аймгийнхаа шинэ жилээр мэдэгдсэн.  Өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатар аймагт бүтээн байгуулалт хангалттай өрнөсөн. Нутаг орноо хөгжүүлэхэд багагүй хичээл зүтгэл гаргасан түүнийг Сүхбаатараас "ногоон гэрэл"-ээр гарна гэсэн хүлээлт АН-ынханд байгаа. Одоогоор Ж.Батсуурьтай өрсөлдөхөөр  тус аймгийг тордож байгаа хүн АН-д харагдахгүй байна. Тэгэхээр намаасаа нэгээр гарч ирэх шаанс түүнд байна гэсэн үг.

МАН

Шинэ оны өмнөхөн ажил үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан  Сүхбаатар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байсан ч тэрбээр яагаад ч Дархан-Уулыг тойглох болсон гэх. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жил аймагтаа багагүй ажил хийсэн засаг ноён Ж.Батсуурийг ялах магадлал тун бага учраас Ардын намаас тус тойргийг тойглох хүн ховор байгаа гэх. Хамгийн сүүлийн мэдээгээр "Моннис"-ын  Б.Чулуунбаатарыг Сүхбаатар явж магадгүй нь бололтой. Гэхдээ 2004,2008 онд Сүхбаатараас УИХ-д суусан Р.Буд аймгаасаа нэр дэвших бодол байгаа ч намаасаа гарч ирэх шаанс тун бага гэх.Юутай ч Сүхбаатарыг тойглож байсан Ардын намын улстөрчид анхны бодлоосоо эргэн, хургах болсон нь Ардчилсан намыг илт давуу ялна гэж эмээснийх ч байж магадгүй.

МАХН

УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуульд ялалт байгуулж, Сангийн сайдыг удаа дараа хийж явсан Ч.Улаан энэ удаад төрөлх аймгаа тойглоод эхэлсэн гэх. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар МАХН-аас жагсаалтаар парламентад сонгогдсон. Энэ удаад Н.Энхбаяр намаасаа УИХ-д сууж, бас чиг эрх мэдэлд хүрч явсан хувиар түүнийг тойрогт өрсөлдөхийг шаардсан гэх. Тиймээс Ч.Улааны Сүхбаатарын тойргийг тойглох бодолтой байгаа бололтой.

Ардын намаасаа урваж, Н.Энхбаярыг дагаж гүйсэн түүнийг аймгийнхан нь хэр хүлээж авах нь эргэлзээтэй. Тэгээд ч гурван удаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд болгосон ч төрсөн нутагтаа шальтай ажил хийгээгүй гэдэг юм билээ.

 Ийнхүү ирэх зургадугаар сард болох сонгуулийн тов ойртох тусам тойргоо тойглосон  улстөрчдийн идэвх илт сэргэж байгаа.  Гэхдээ Сүхбаатар аймгийн хувьд намууд доторх өрсөлдөөн бага, ганц мандаттай тус тойргийг усалж байгаа хүмүүс нам дотор ганц, нэгхэн байгаа бололтой.

Тэдний хэн нь ялагч болох нь "тэнгэр өдрийн тэнгэр" л мэднэ дээ.

                   Ж.ЭРХЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment