2016/03/30

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдах байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул Пүрэв гарагт /2016.03.31/ 09.00 цагт эхлүүлэхээр боллоо.

Өнөөдөр 15 цаг 45 минутад Улсын Их Хурлын дарга ирцийн байдлыг гишүүдэд танилцуулав. Тэрбээр, "Гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Ээлжит бус чуулган эхлэх гээд ирц бүрдэхгүй байна. Нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байна. Ирцийн байдлыг намаар нь танилцуулья. УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг ч хүн ирсэнгүй, ирц 0 хувь. УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс 10 гишүүн ирэхээс 6 нь ирж, 60 хувийн ирцтэй байна. ИЗНН-ын хоёр гишүүн ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй, ирц 0 хувь байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг өчигдөр, өнөөдөр бүтэн 2 өдөр хүлээж байна. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн биднийг цөмийн хаягдлыг Монгол нутаг руу оруулахыг хориглож өгөөч гэж Төрийн ордны гадаа жагсаал хүртэл хийж байна. Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөл өргөн барьж, өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн ийм хүлээлттэй байхад хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө хуралдаа ирэхийг дахин урьж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 09.00 цагт танхимдаа цугларья" хэмээснээр өнөөдөр хийхээр товлоод байсан хуралдаан дахин хойшиллоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment