2016/03/20

“Хулгайгаа зүгээр л шалгуул”

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал болон "Натур фрэйндли" компанийн гурван эмэгтэй ажилтныг өнгөрсөн долоо хоногт  Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч баасан гаригт "Жудагт Монгол" гэх төрийн бус байгууллагаас гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаагаа дуулгасан.

Тиймээс энэ асуудлаар М.Энхсайхан сайдаас цөөн асуултад хариулт авлаа.


-"Жудагт Монгол" төрийн бус байгууллагаас таныг ТЕГ-т шалгуулахаар өгч байгаагаа баасан гаригт дуулгасан. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Тагнуулын ерөнхий газар юу хийхийг нь нэг төрийн бус байгууллага заадаг юм биш.  Илүү тодорхой хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаад ямар ч эрх мэдэлтэн болоод хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгүй.  Хэн нэгний өргөдөл гомдлоор ч ажил хийдэг байгууллага ТЕГ биш шүү дээ.

-"Тавантолгой" төсөл зогссон нь Монгол Улсын сайд М.Энхсайхантай холбоотой , эдийн засагчидтай хамтраад судалсны үндсэн дээр маш ноцтой баримт материалуудыг олсон гэж "Жудагт Монгол"-ынхон хэлсэн байна лээ?

-Тагнуулыг Х.Баттулга юм уу жудаггүй зарим хүмүүсийн зарладаг ажил биш юм. Тэгээд Х.Баттулга анхнаасаа Монголд төмөр зам барих бодолгүй байсан.  Энэ талаар би эртнээс ярьж байгаа. Үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй гэсэн үг байдаг.  Одоо төмөр зам барих, барихгүй асуудал яриагүй. Эрх мэдлээрээ далимдуулж их мөнгөний хулгай хийсэн асуудлыг л хууль хяналтынхан шалгаж буй юм байна гэж би ойлгож байгаа. Хууль хяналтынханд ажлаа хийх, шалгах бололцоог нь өг л дөө. Үнэхээр хулгай хийгээгүй юм бол үймж, сандрах хэрэггүй шүү дээ.  Шалгах ёстой юм бол хуулийнхан нь шалгаг. Хулгай хийгээгүй юм бол түүнийгээ нөгөөх нь шалгуулаг.  Түүнээс хулгайгаа улс төржүүлээд байх шаардлагагүй юм. Шалгалт хийх бололцоо олго, битгий үймүүл. Монголчууд ярьдаг даа, "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэж.

Хууль хяналтынханд ажлаа хийх, шалгах бололцоог нь өг л дөө. Үнэхээр хулгай хийгээгүй юм бол үймж, сандрах хэрэггүй шүү дээ.  Шалгах ёстой юм бол хуулийнхан нь шалгаг. Хулгай хийгээгүй юм бол түүнийгээ нөгөөх нь шалгуулаг.  Түүнээс хулгайгаа улс төржүүлээд байх шаардлагагүй юм.

-Тавантолгой улс төрөө даасангүй, нурлаа. Энэ төслийг дагаад төмөр зам барих асуудал ч талаар болж байна.  Энэ янзаараа Монгол Улс төмөр замтай болж чадахгүй нь бололтой?

-Би түрүүнд хэлсэн. Х.Баттулгад төмөр зам барих бодол байгаагүй гэж. Ер нь бол ойрын  арван жилд төмөр зам босно гэсэн төсөөлөл надад төрөхгүй байна.

-Сүүлийн үед МҮАН, МАН-тай хамтарч сонгуульд оролцохоор ярьж байна гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдох боллоо. Энэ үнэн үү?

-Худлаа, худлаа. Тийм асуудал байхгүй.

Ж.Нямсүрэн

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment