2016/03/17

Хэн, юу хэлэв

Л.Цог: Н.Энхбаяр бол авлигын загалмайлсан эцэг

-МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн гишүүд дотооддоо зөрчилдөж, намын даргынхаа эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Намын даргын дарамтаар авлига авсан гэдгээ мэдэгдсэн Г.Шийлэгдамбын мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог мөн л албан тушаал авсан учраас мөнгө өг гэж намын дарга нь дарамталсан тухай мэдэгдэл хийв. Тэрбээр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Жилийн өмнө УИХ-ын дэд дарга болсны дараа намын дарга надаас нэг сая ам.доллар өг гэж нэхсэн.

Та миний хүчинд УИХ-ын дэд даргын албан тушаалд очсон гэсэн. Би үнэхээр цочирдсон, бас чадахгүй гэдгээ ч хэлсэн. Гэтэл намын тушаал биелүүлдэггүй, намын даргын үгэнд ордоггүй гэх мэтээр намайг ярьж эхэлсэн. Бас миний сонгогдсон тойрогт ч ийм яриа гаргасан байна лээ. Намайг үнэнийг хэлсний төлөө нам дотор ойр байдаг, Н.Энхбаярыг тойрон хүрээлдэг хүмүүс нэлээд бухимдаж байх шиг байна. Би Н.Энхбаярын тухай худлаа хэлээгүй. Хүн гүтгэвэл хуультай гэдгийг мэднэ.

Н.Энхбаярын төлөө ажиллаж байсан олон ч хүмүүс ял сонслоо. Г.Шийлэгдамба, П.Цогтбаатар гэх мэтээр. Өөрийнх нь өмнөөс хүмүүс ял аваад байхад сугарч үлдээд байж болохгүй. Н.Энхбаяр монголын авлигын загалмайлсан эцэг гэгдэж явсан. Ийм хүн дахиж төрд гарч болохгүй гэж бодсон учраас би хэлж байгаа юм. Би хэнээс ч айхгүй, хэнд ч хориулахгүй. Өөр олон зүйл байгаа" хэмээн ярьжээ. Эрхэм гишүүнийг энэ ярилцлагыг өгөхийн өмнөхөн МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян түүний талаар мэдээлэл хийж, түүнийг намаасаа урвасан урвагч, шуламс гэх мэтээр цоллосон билээ.


Л.Наранбаатар: Австрали зэрэг улс орнууд манай нүүрсний уурхайнуудыг зах зээлээс шахаж байгаа

-Эдийн засгийн аль нэг салбарын талаар тууштай судалж, түүнийхээ үр дүнг үздэг эдийн засагчид манайд ховорхон. Тэгвэл эрдэс баялгийн салбараар мэргэшч буй, эдийн засагч Л.Наранбаатар сүүлийн үед уул уурхайн салбарт бий болоод буй уналт, цаашлаад энэ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг хөндөж ярьжээ. Тэрбээр, "Манай улсын экспортын дийлэнхийг коксжих нүүрс бүрдүүлж байсан.

Гол хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой ОХУ, Индонез, Австрали зэрэг орон манай нүүрсний уурхайнуудыг зах зээлээс шахаж байна. Өмнөд хөршид коксжих нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхгүй байхад нийлүүлэлтийн маш их илүүдэл үүссэн. Энэ нь Монгол Улсын коксжих нүүрсний салбарт аюул учруулж буй юм. Австрали улс коксжих нүүрсний импортын татварыг нь тэглүүлэх зэргээр Хятадтай ойр ажиллаж чадаж байна. Харин бид хэт улстөржсөнөөс болж ард нь үлдлээ. Дэндүү өндөр өртгөөр сургамж авлаа. Олон улсын шинжээчид, банк санхүүгийн байгууллагууд нүүрс, зэсийн үнэ ойрын үед сэргэхгүй гэдэг таамаг гаргасаар байна.

Тиймээс манай үйлдвэрлэгчид өртгөө бууруулах, бүтээгдэхүүнийхээ гарц, чанарыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь дан ганц бизнесийн салбарынхны хүчин чармайлтаас бус, улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай. Хятадын хотуудад барилгажилтын ажил идэвхжинэ. Зэс, ган, коксжих нүүрсний хэрэглээ ч өснө. Тиймээс энэ бол сайн мэдээ. Гэхдээ манай өрсөлдөгчид өндөр хүчин чадлын техник технологийг цаг тутамд нэвтрүүлж, гадаад худалдааны урт хугацааны нэн тааламжтай тарифаар Хятад улсад борлуулалт хийх, тээвэр ложистикийн шинэ сүлжээ байгуулах зэргээр өрсөлдөх чадвараа байнга нэмэгдүүлж байгааг хэрхэвч мартаж болохгүй.

Хятад бол нүүрс, төмөр, зэсийн хязгааргүй хэрэглээтэй, ёроолгүй тогоо гэдэг ойлголтоосоо одоо салах цаг болсон. Манай зарим улстөрч "Стратегийн ордуудаасаа Хятадын хил хүртэл төмөр зам татчихвал Монголын баялаг крантаар гоожиж буй ус шиг урсаад алга болно" гэдэг. Энэ нь худал яриа байж гэдгийг уул уурхайн эрдэс, түүхий эдийн үнэ унасан, хүнд хэцүү үед ажлын байраа алдсанаар олон хүн мэдэрч буй болов уу" хэмээн ярьсан байна.


Л.Жамбалжав: Мөнгөтэй хүн л сайд болдог юм биш үү

Эрүүл мэндийн салбар эзэн­гүй­дэж салбар хариуцсан сайд­гүй явсаар буй. Шадар сайд Ц.Оюун­баатар хэдийгээр түр орлон гүйцэтгэгч хийж байгаа ч цас зудтай энэ үед монголын хамгийн чухал салбарыг давхар хариуцна гэдэг амаргүй байгаа. Энэ албан тушаалд хүнээ томилох учиртай МАХН-ынхан өнөөдрийг хүртэл салбарыг эзэнгүйдүүлсээр байгаа юм. Тэгвэл энэ салбарт сайд болохоор нэр дэвшч байсан Л.Жамбалжав өөрийг нь яагаад сайдаар томилоогүйг гайхаж байна гэв.

Тэрбээр, "Үндсэндээ бүтэн жилийн өмнө эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүн томилсноос хойш толгойгүй болсон гэж болно. Энийг би биш эмч нар хэлж байна. Эцэст нь Г.Шийлэгдамбыг хэрэгт холбогдсоноос хойш сайдын албыг түр орлон гүйцэтгэгчээр аргацаасан. Манай намын удирдлагууд Засгийн газрын тэргүүнтэй юу ярьж байгааг мэдэхгүй. Намайг яагаад сайдаар томилоогүй юм бэ гэж би Ерөнхий сайдаас асуугаагүй. Харин намын дарга "Таныг дэмжсэнгүй" гэж хэлсэн. Сүүлийн үед болж байгаа процессоос харахад хүмүүс өөр өөрийнхөөрөө харж байна. Гэвч би сайд болох эсэх нь хамаагүй. Хамгийн гол нь яагаад эрүүл мэндийн салбараар хүмүүс тоглоод байна вэ гэдэгт гол учир нь байна.

Тиймээс Засгийн газар эрүүл мэнд, спортын салбарынхнаас уучлалт гуйх хэрэгтэй. Дэндүүлчихлээ, арай болохгүй. Ер нь нуух юмгүй хэлэхэд мөнгөтэй, баян хүмүүс сайд дарга болоод байгаа юм биш үү. Тэрнээс ядуу хүн сайд дарга болсныг би мэдэхгүй л юм байна. Үнэндээ хүмүүс надад "Чи мөнгөгүй учраас сайд болж чадаагүй юм биш үү" гэж хэлсэн. Гэхдээ сайд, дарга болгож өгөөч гэж хэн нэгэнд долигонож, хоолонд оруулж, мөнгө төгрөг өгдөг ёс суртахуун надад байхгүй. Би тэгж чадахгүй" хэмээжээ.


Д.Тэрбишдагва: Төрийн гурван өндөрлөгийг ард түмнийхээ амьдралтай танилцахыг уриалж байна

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр, чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 32 хороо нэг бүрээр орж 6000 орчим иргэдтэй уулзжээ. Одоо дүүргийнхээ бүх цэцэрлэг /42/, сургууль /25/, өрхийн эмнэлэг /32/, албан байгууллагуудаар хуваарь гарган уулзалт хийж байгаа юм байна.

Д.Тэрбишдагва "УИХ-ын гишүүн гэдэг ард түмнийг төлөөлж, тэднийхээ үгийг төрд хүргэх үүрэгтэй хүмүүс. Би 2004 оноос хойш чуулганы завсарлагааны хугацаанд тогтмол  уулзалт хийсээр ирсэн. Энэ жилийн хувьд ч ялгаагүй. Сонгинохайрхан дүүрэг нь  310 орчим мянган хүн амтай, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь, Улаанбаатар хүн амын 30 орчим хувь оршин суудаг. Энэ утгаараа монголын нийгмийн бүхий л өнгө төрх тэр чигээрээ энэ дүүрэгт байдаг. "НАБОР" гэвэл та бүхэн чихэрийн цуглуулга гэж ойлгох байх.

Гэтэл энэ нь малын дотор махны цуглуулгыг ингэж нэрлэж хэрэглэж амьдарч байна. Цэнхэр дэвтэр гэж бий болж.  Дэлгүүрт ороод мөнгөө төлж чадахгүй бол цэнхэр дэвтэрт тэмдэглэн үлдээдэг болсон байна. Сайд, шат шатны дарга нар жирийн иргэдийн дунд орж санаа бодлыг нь чихээрээ сонсож, ахуй амьдралыг нь нүдээрээ харах хэрэгтэй. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гээд суугаад байна. Газар дээр нь очиж үзэж танилцах хэрэгтэй байна.

Төрийн гурван өндөрлөг, намуудын удирдлагууд, сайд дарга нар тусгай хөтөлбөрөөр, бэлдүүлж биш ард иргэдийн дунд орж ахуй амьдралтай нь танилцаж, хатуу ч гэлээ үгийг сонсохыг уриалж байна. Нөгөөтэйгүүр намаар, шашнаар талцаж, улам л монголчуудыг хагалган бутаргаж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж,  эв нэгдэлтэй, хамтарч ажиллахыг ч онцолж байна. Жирийн иргэдийн дунд өнөөдрийн Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа, амьдрал маш ихээр уруудан доройтож байгааг уулзсан газар бүр, уулзсан жирийн иргэдийн дийлэнх нь хэлж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Б.ТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment