2016/03/28

Цөмийн хаягдлыг хориглох эрхтэй болно

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Хэлэлцэх гэж буй асуудлын талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Ш.Хишигсүрэнгээс тодрууллаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар дээр дурдсан конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарч байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Засгийн газраас 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу УИХ-ын дарга 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн конвенцийн ач холбогдлын талаар танилцуулья. Эдгээр конвенцид Монгол Улс нэгдэн орсноор Монгол Улсын цацраг идэвхт бодис болон цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох алхамууд хийгдэнэ. Иргэдийн эмзэглэж буй шиг цөмийн цацраг идэвхт хаягдлыг булшлах асуудал байхгүй. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орсноор аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэй болж байгаа юм. Үүний дагуу Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хууль тогтоомжоо боловсронгуй болгож цацраг идэвхт хог хаягдлыг булшлахыг хуулиар хориглох болон бусад хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д оруулж ирэх эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг булшлах асуудлыг хуулиар хориглох боломжтой болж байна гэж ойлгож болно.

-Цөмийн хаягдлыг өөрийн орны нутаг дэвсгэрт оруулахыг хориглохоос гадна манай улс өөр ямар эрх эдлэх бол?

-Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлаар олон улсад манлайлагч орнуудын нэг. Харин бүс нутгийн хувьд цөмийн байгууламжтай улс орнууд олон байдаг.  Манай хоёр хөрш л гэхэд цөмийн том байгууламжуудтай бөгөөд эдгээр  байгууламжийн талаарх мэдээлэл хангалттай байдаггүй. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хоёр хөршөөсөө болон бусад цөмийн байгууламжтай улс орнуудаас мэдээлэл авах бүрэн эрхтэй болно. Тэрхүү мэдээлэлдээ тулгуурлан цөмийн байгууламжаас гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж мөрдөх боломж нээгдэж байгаа юм. Энэ бол том дэвшил.

-Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдах гэж байна. Эдгээр асуудлыг хаврын чуулганаар бус ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хэлэлцэх болсны шалтгаан нь юу вэ?

-Энэ оны гуравдугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа тэр дундаа  Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж энэхүү конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протоколыг соёрхон батлах хүсэлтийг тавьсан юм.  2016 оны 03 дугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаас өмнө энэхүү протоколыг хүчин төгөлдөр болгохоор Олон улсын атомын энергийн агентлаг ажиллаж байгаа тул Монгол Улс гишүүн орныхоо хувьд холбогдох дэмжлэгээ үзүүлж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment